logo
БНХАУ: АНУ арлын маргааны асуудалд хөндлөнгөөс оролцоод хэрэггүй

БНХАУ: АНУ арлын маргааны асуудалд хөндлөнгөөс оролцоод хэрэггүй

2012/08/30
Дундад улс Өмнөд Хятадын тэнгист Филиппин болон Вьетнамтай Зүүн Хятадын тэнгист Японтой арлын маргаан үүсгээд удаж байгаа. Ялангуяа Хятадаар Даюу буюу Японоор Сенкаку гэж нэрлэдэг Тайвань болон Окинава арлын хооронд орших арлын маргаан ширүүсээд байгаа. Энэ арал нь зүгээр нэг мод чулуутай арал бус харин далайн гүнд газрын тос ихээр илрээд байгаа арал юм. Ялангуая усан доорхи байгалийн хий 2 улсын шуналыг хөдөлгөөд байгаа гэж хэлж болно. Өнгөрсөн ням гаригт Хятадын ардын чөлөөлөх армийн дээд тушаалын офицер Кай Еийнтинг АНУ-д хандаж, Япон, Хятад 2 улсын арлын маргааны асуудалд АНУ хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулсан байна. Тэрээр “Вашингтон уг арлын маргааны асуудалд хөндлөнгөөс оролцох л юм бол дэлхийн хамгийн том эдийн засагтай 2 улс болох АНУ болон Дундад улсын харилцаанд сэв сууна” гэж мэдэгдсэн байна. Хятадын ардын чөлөөлөх армийн орлогч дарга тэрээр “АНУ-д уг зүүн Азийн бүс нутагт тогтвортой, аюулгүй байдлыг сахиулахаас гадна АНУ-Хятадын харилцааг цаашид хөгжүүлж авч явах боломж байгаа гэж найдаж” гэж хэлсэн үгэндээ онцолсон байна. АНУ-ын хувьд олон жилийн уламжлалт худалдааны түнш, цэрэг стратегийн ойрын холбоотон Япон улс хэрэв Хятадын халдлагад өртвөл хамгаалахаас өөр аргагүй байдалд орно гэж шинжээчид үзэж байгаа. Гэхдээ Вашингтон Азийн улсуудын арлын маргааны асуудалд хэн нэгнийх нь талыг баримтлахгүй гэж мэдэгдээд байгаа юм. Өнгөрсөн 7 хоногт Хятад болон Японы үндсэрхэг үзэлт идэвхтнүүд уг маргаантай арал дээр газардсан нь 2 улсын харилцааг улам хурцадмал байдалд оруулаад байгаа юм. 2 улсын хувьд уг арлын маргаан нь шинэ биш юм. Тэд сүүлийн хэдэн жилийн турш уг арлыг өөрсдийнх гэж зарласаар байгаа. Тэднээс гадна мөн Тайвань уг арлыг өөрсдийнх гэж үздэг байна. 5 арлаас бүтэх энэхүү арлын 4-ийг Японы нэгэн чинээлэг гэр бүл эзэмшиж, наран улсын засгийн газарт түрээслүүлдэг байна. Гэсэн ч Хятад улс уг арлыг өөрсдийнх гэж үзсээр байгаа юм. Сенкаку арлын орчим газрын тос, эрдэс баялаг ихээр илэрсний дараа 2 улсын маргаан дээд цэгтээ хүрсэн юм. Уг арал нь 1500-гаад оноос нээгдэж, Мин династийн үеийн газрын зурагт багтсан байдаг. Харин 1700-аад оноос Японы эзэнт гүрний газрын зурагт үзэгдэх болсон юм. Японы эзэнт гүрэн 1895 онд Манж чин улстай дайтаж ялалт байгуулан уг арлыг албан ёсоор өөрсдийнх болгосон. Дэлхийн 2-р дайны дараа буюу 1945 оноос хойш уг арал дайнд ялагч АНУ-ын мэдэлд байгаад  1970-аад оны үед АНУ уг арлыг Японд эргүүлэн өгсөн байдаг юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш