Бразилийн Барретос гэдэг жижигхэн фермийн аж ахуй түшиглэсэн хотод Ковбойчдын тэмцээн болж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорихоос гадна өмссөн зүүсэн эдлэл хэрэглэлээрээ өрсөлдсөн байна. Тэмцээнд үхэр сургах, эмнэг унах, торх тойрох бүр цаашлаад 5 настай хүүхдүүдийн хонь унаж уралдах зэрэг төрлүүд багтсан байна. Тэмцээнд ковбойчуудаас гадна коунтри дуучид ирж ая дуугаа өргөсөн байна. Бразил бух АНУ-ын Техас мужийн бухнаас илүү том биетэй хүч илүү байдаг гэж АНУ-аас ирж тэмцээнд оролцож байгаа тамирчид ярьж байна. Тэдний ярьж байгаагаар жижиг бух хурд ихтэй. Харин том бухнууд хүч ихтэй байдаг юм байна. Бразилчуудын хувьд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл бол маш том бизнес. Родео ч гэсэн хөдөө аж ахуйгаас дутахааргүй том бизнес болон хувирчээ. Энэ жил Бразилчууд Родео буюу Ковбойчдын тэмцээнд зориулж, 10 орчим сая доллар зарцуулжээ. Тэмцээн 10 гаруй хоног үргэлжилнэ. Энэ удаад дэлхийн өнцөг булан бүрээс сая орчим коунтри стилд дуртай хүмүүс ирж, тэмцээнийг үзэж сонирхож байна. Өдөр бүр тэмцээний ялагч болон азгүйтэгч нар тодорч байна. Бразилчуудын хувьд Америк болон Мексикийн ковбой нар хүчтэй өрсөлдөгч нарын тоонд орж байна. Ковбой гэдэг нь үхэрчин хүү гэсэн утгатай бөгөөд энэ хэллэг анх 19-р зуунд Хойд Америкийн үхэр бугуйлдаж, хариулж, адгуулж аж ахуйдаа хэрэглэдэг байсан хүмүүсээс гарчээ. Улмаар Ковбой маягийн амьдрал Мексик болон Өмнөд Америк тивд тархаж, өнөөдөр тэмцээн болтлоо хөгжжээ.