logo
Махны ченжүүд залилан мэхлэх аргаа “хэмжих хэрэгсэл”-д даатгажээ

Махны ченжүүд залилан мэхлэх аргаа “хэмжих хэрэгсэл”-д даатгажээ

2012/08/31
Энэ сарын 28-нд Хөвсгөл аймгийн иргэн Д.Бат-Эрдэнэ нэг хонины мах оруулж ирээд өөрийн жин дээр жинлэж үзэхэд 28 кг байжээ. Гэтэл “Нарантуул” худалдааны төвийн махны ченжид махаа зарахад 23.7 кг болсон аж.
Ийнхүү малчдын махыг ченжүүд худалдан авахдаа жин дээрээ ажиллаж, ашгаа нугалдаг байдал газар аваад удаж байгаа талаар орон нутгаас малаа авч ирж байгаа иргэд ярьдаг. Үүнийг хариуцдаг Стандарт хэмжил зүйн газрын Хэмжүүр баталгаажуулалтын албаны ахлах мэргэжилтэн, хяналтын улсын байцаагч П.Цэрэн-Очироос дараах тодруулгыг авлаа.

-Нийслэлд үйлчилгээ худалдааны үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хэмжих хэрэгсэлд хэрхэн няналт тавьдаг вэ?
-Манайх Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх худалдааны цэг салбарт хэмжих хэрэгслийн хяналт шалгалтыг хийдэг. Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт нэг, нэг хүн хуваарилж байгаа. Гэхдээ манайхаас томлигдсон хүн нэг дүүрэгт 2-3 жил ажилладаг.
Үйлчлүүлэгч болон үйлчилж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг хохироохгүйн тулд манайхаас худалдаа үйлчилгээнд хэрэглэж буй хэмжих хэрэгслүүдэд жилд хоёр удаа баталгаажуулалтад хамруулдаг.
-Зөрчил гарсан тохиолдолд яах вэ?
-Хяналтын мэдээллийг хангах тухай хууль 1994 онд батлагдсан. 2003 онд нэмэлт, өөрчлөлт орсон. Энэ хуулийн дагуу асуудлыг шийддэг. Тухайлбал, хэмжих хэрэгслийг баталгаагүй ашиглах, буруу зөрүү ашигласан тохиолдолд тухайн хуулийн 21.1.4-т заасны дагуу бид хэмжих хэрэгслийг нь хураагаад аж ахуйн нэгжийг 200 мянган төгрөг хүртэл, хувь хүнийг 25 мянган төгрөгөөр торгодог торгуулийн арга хэмжээ авдаг.
Бидний хянаж шалгасан ажлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улсын мэргэжлийн хяналтын Ерөнхий газар давхар хянадаг.
Би 30 жил энэ байгууллагад ажиллаж байна. Зах зээл эхэлж байсан үетэй өнөөдрийн байдлыг харьцуулахад хэмжил зүйн зөрчил эрс багассан. Иргэд болон худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс өөрийгөө болон бусдыг хохироохгүйн тулд энэ тал дээр ихээхэн анхаардаг болсон.
-Махны ченжүүд мах жигнэдэг жин дээрээ ажиллаж, иргэдийг хохироолоо гэсэн гомдол ирж байна. Энэ төрлийн мэдээлэл танайд ирдэг үү?
-Сүүлийн үед тиймэрхүү гомдол ирэхгүй байгаа. Манайхаас баталгаажуулсан хэмжих хэрэгслүүдийг лац­даад битүүмжилсэн байдаг. Дурын хүн оролдох боломжгүй. Хэрвээ оролдсон тохиолдолд улсын шалгалтын лац ломбыг хөндөх болдог.
Тиймээс иргэд эхлээд лац ломбыг нь харах ёстой, дараа нь гэрчилгээг нь үзэх хэрэгтэй. Тухайн гэрчилгээнд эзэмшигчийн нэр, хэмжих хэрэгслийнх дугаар нь байх ёстой.
Таны асууж байгаа шиг зөрчил гарч байгааг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, махны ченжүүд залилан мэхлэх аргаа “хэмжих хэрэгсэлд даатгасан гэсэн үг. Бид зөвхөн лангуун дээр байгаа хэмжих хэрэгслийг л баталгаажуулдаг. Биднийг явсны дараа өөр хэмжих хэрэгсэл тавиад иргэдэд үйлчлэхийг үгүйсгэхгүй. Иймээс маргаантай зүйл гарсан тохиолдолд хэмжих хэрэгслийг нь иргэд шалгаж үзэх хэрэгтэй. Яагаад гэвэл, үйлчилж байгаа худалдагч, худалдан авагч танд бичиг баримтаа хэмжих хэрэгслээ үзүүлэх үүрэгтэй. Маргаантай зүйл гарсан тохиолдолд тухайн зах, худалдааны төвийн байцаагчдад мэдэгдэх ёстой. Тэр байцаагчийн зохицуулж чадахгүй байгаа зүйлийг бид очиж зохицуулах журамтай. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш