logo
У.Хүрэлсүх гишүүн Г.Баярсайханыг ганц цохилтоор “нам” тавилаа

У.Хүрэлсүх гишүүн Г.Баярсайханыг ганц цохилтоор “нам” тавилаа

2012/08/31
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханыг ганц цохилтоор “газартай тэгшиллээ”.

Чуулганы өчигдрийн хуралдааны эхэнд МАН-ын гишүүд УИХ-ын даргаас бүлгээ “нэхэмжлэв”. Анхдугаар чуулганы хуралдааны турш хууль санаачилж оруулж ирэхийг хэлж, анхааруулж байсан атлаа нэр бүхий гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй байгаад Н.Энхболд гишүүн шүүмжлэлтэй хандсан юм.

Хуулийн төсөл санаачилчихвал анхдугаар чуулганаар хэлэлцэхэд бэлэн байгаагаа хэлж байсан нь “шоу” байсан уу хэмээн УИХ-ын даргаас тайлбар хүссэн юм. Гэвч УИХ-ын дарга “Би энэ асуудлыг оруулсан ч даргын дэргэдэх зөвлөл яаралтай хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн, намрын чуулган руу шилжүүлсэн” гэв.

Энэ нь МАН-ын даргын ундуйцлыг хүргэж АН аливаа асуудлыг сөрөг хүчингүйгээр шийдвэрлэх гэж байгаагаас ялгаагүй үйлдэл хэмээн тодотгов. Мөн тэрбээр УИХ-ын даргыг хэлсэн амандаа хүрэхийг анхааруулсан юм. Түүний үг С.Эрдэнэ гишүүний уурыг хүргэж, З.Энхболдыг дарангуйллаа хэмээн хэлсэн нь хоёрын намын гишүүдийг талцаж хэрэлдэхэд хүргэсэн юм. Энэ үеэр танхимд орж ирж байсан У.Хүрэлсүх ч С.Эрдэнэ гишүүний үгэнд эмзэглэж “Хэмжээндээ л байгаарай. Бид чамаараа загнуулдаг хүмүүс биш шүү. Чи бид хоёр адилхан юм байж” хэмээв.

Харин С.Эрдэнэ “Чаддаг юм бол өөрсдөө хуулиа оруулж ир. Бусдаар хуулийн төсөл өргөн бариулж, ард нь нуугдчихаад дарамталж шахаж шаардах шаардлагагүй” гэхчлэн тэдний хэрүүл даамжирч, хэлэх хэлэхгүй үгээр дугуй танхимд хэрэлдэв. Энэ үер УИХ-ын гишүүн Г.Баярсайхан хэрүүлийн дундуур орж “Та нар ингэж дарамталж, шантаажилдгаа боль” гэхчлэн гурвалжин, дөрвөлжин юм болох нь тэр. УИХ-ын дарга Дэгээ барихыг анхааруулж, асуудал тэгсгээд намжив.

Энэ үер У.Хүрэлсүх танхимын зүүн жигүүрт очиж, Г.Баярсайхантай нүүр тулж, “халзагнасан” юм. Г.Баярсайхан ч зүгээр суусангүй. У.Хүрэлсүхийг суудал руу нь хөөж байгаа нь танхимд сонсогдож, бас ч үгүй салаавч гаргаж харагдсан. Энэ бүхэнд нь тэсвэр алдсан У.Хүрэлсүх ч гарч үзэх санал гаргаж, гараараа дохив. Эрхэм түшээ жаахан айсан байдалтай хойш сууж байснаас даган гарсан юм. Чуулганы хуралдааны танхимын үүдэнд гарч, мань хоёр заамдалдаж, У.Хүрэлсүх Г.Баярсайхан гишүүнийг ганц цохилтоор газар унагах нь тэр.

Тэднийг Ч.Сайханбилэг салгав. Хэрэв салгаагүй бол Г.Баярсайханыг дэвслээд хаях энүүхэнд байсан юм. Төд удалгүй Г.Баярсайхан С.Эрдэнэ болон намын нөхөддөө “хов” хүргэж, хоёр намын удирдлагуудын дунд алсын зайны “зодоон” өрнөсөн гэж болно. Харин У.Хүрэлсүхийн зүрх өвдсөн байдалтай өрөө рүүгээ явж одсон юм. Зодооны дараахан МАН-ын дарга Ө.Энхтүвшин, АН-ын УИХ-ын дэд дарга С.Баярцогттой мөн л тулж зогсон, ширүүхэн уур амьсгал өрнүүлж байгаа бололтой харагдсан.

Ийнхүү төрийн ордонд нанжилдаантай өнжлөө. У.Хүрэлсүхийг эртний “боевик” гэх нь бий. Харин Г.Баярсайханы тухайд өмнөх парламентад бүлгийн дарга Ч.Сайханбилэгийнхээ гарын амтыг бас л үзэх шахсан нэгэн. Ямартай ч МАН-ын бүлгийн асуудал хэл амаар биш хэрүүл, зодооноор үргэлжилж мэдэх нь. Зодооны дараа УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас зарим зүйлийг тодруулсан юм.

Г.Баярсайхан: Таван залуугийн амь насыг хөнөөх, залуусыг хорих тэдэнд бага юм байна

-У.Хүрэлсүх гишүүний энэ үйлдэлд ямар тайлбар хийх вэ?
-Миний хувьд гар зөрүүлсэн юм байхгүй. Монголын төрийг ариун сүм гэж ойлгох хэрэгтэй. Үнэхээр ард иргэд Монгол Улсынхаа төлөө эрх ашгаа нэгдүгээрт тавьсан ийм хүмүүс байх ёстой. Би өөрийнхөө байр суурийг л УИХ-ын чуулганы хуралдаан дээр илэрхийлсэн. Харамсалтай нь, МАН-ынхан тэр дундаа У.Хүрэлсүх гишүүнд ёс суртахууны алдаа байна гэж харж байна. Таван залуугийн амь насыг нь хөнөөх, мянга мянган залуусын аваачиж шоронд тарчлаах бол тэдэнд бага асуудал байдаг юм байна. УИХ-ын гишүүний эрх чөлөөнд чуулганы танхимд халдаж байгаа нь үнэхээр энэ бол Монголын улс төрд байж болохгүй ёс зүйн алдаа гэж хэлмээр байна.

-Ёс зүйн дэд хороонд гомдол гаргах уу?
-Монголын төр хууль, цаазтай. Би У.Хүрэлсүхтэй ярих юм байхгүй. У.Хүрэлсүхтэй Монголын төр хууль цаазаар ярина гэж хэлмээр байна.

У.Хүрэлсүх: Би ч гэсэн шүүхэд хандана

-Асуудлыг яагаад нударгаар шийдчихэв ээ. Г.Баярсайхан гишүүнтэй нударга зөрүүлэхгүйгээр ойлголцож болохгүй байсан гэж үү?
-УИХ-ын сонгуулийн үр дүнгээр 40 гаруй хувийн санал авсан бүхэл бүтэн нэг намын бүлгийг байгуулахгүй, байнгын хороонд оруулахгүй, чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлүүлэхгүй байна. Арай гэж үг хэлэхээр олонхийн бүлгийн гишүүд дайрч, доромжлоод байх нь зүйд нийцэхгүй. Тэвчинэ тэвчинэ гэхэд арай ч дээ, хүнд тэвчээрийн хязгаар гэж байдаг биз дээ. Сая болж өнгөрсөн үйл явдлын тухайд чуулганы нэгдсэн хуралдаан дээр С.Эрдэнэ гишүүнтэй би маргасан юм. Гэтэл Г.Баярсайхан гишүүн хажуугаас орж ирээд “Чи шоронд байх ёстой хүн, чамайг шоронд хийнэ” гэж давшилсан... МАН-ныг бүгдийг шоронд хийх гэж байгаа юм уу, Монголыг шоронжсон орон болгох гэж байгаа юм уу. Чаддаг юм бол энэ намын 200 мянган хүнийг шоронд хийл дээ гэж асуумаар байна. Би хэзээ ч эр хүнийхээ хувьд ийм дарамтад амьдарч чадахгүй, цаашдаа тэмцэнэ.

-Гэвч та түрүүлж Г.Баярсайхан гишүүн дээр очсон шүү дээ?

-Г.Баярсайхан гишүүн дээр очоод “Чи үгээ бодож хэл” гэсэн чинь өмнөөс салаавч үзүүлсэн. Тэгэхээр нь би “Хоёулаа эр хүн шиг ярилцаад учир байдлаа ойлголцоё, чуулганы танхимаас гараад ир” гэсэн. Тэгээд бид хоёр гарсан, гарангуут л юу юуны туханд хүрэлгүй шууд намайг заамдаж аваад боосон. Цамцны товч тасдсан. Цэргийн сургууль төгссөн, эх орныхоо төлөө тангараг өргөсөн хүн жирийн нэг бацаанд заамдуулаад, боолгож унаад байх нь хаашаа юм. Өөрийнх нь хийсэн боолтны эсрэг хариу арга хэмжээ л авсан. Тэрэн дээр нэг их гоншигноод байх юу байх вэ.

-Та гэхдээ Г.Баярсайхан гишүүнд гар хүсэн болохоор уучлалт гуйсан уу. Хуулийн байгууллагад хандана гэж байна лээ?
-Би юу гэж уучлал гуйна гэж. Харин тэр нөхөр ухаантай юм бол надаас уучлал гуйх ёстой. Намайг яагаа ч үгүй байхад тэр нөхөр эхэлж боосон. Хаалганы өмнө зарим сэтгүүлчид байсан, хэн нь эхлүүлсэн бэ гэдгийг харсан. Г.Баярсайхан гишүүн хууль, шүүхэд хандана гэж байгаа бол би ч гэсэн хууль шүүхийн байгууллагад хандана.

Л.Нинжсэмжид 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш