Нэгд, Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллага – УИХ талаас нь харъя. Энэ байгууллагын тогтоосон хууль, журам, хэм хэмжээний хүрээнд Монголын нийгэм оршин тогтнох учиртай. Харин энд том, жижиг хоёр зодоонч байгааг бид өнөөдөр үзлээ, мэдлээ. Би бодохдоо, У.Хүрэлсүхийг овоо эрт зодоонд орж, гор нь гарсан их гарын атаман гэж ойлгож байлаа. Улс төрд хорхойсч яваа нэгэн болохоос улаан цусанд шимтэхгүй болсон буриад көвүүн гэж сэтгэж байв. Тиймээс ч Монголын хамгийн том улс төрийн хүчний генсек болсон юм болов уу, гэж. Харин Г.Баярсайханыг боловсрол муутай, хор ихтэй хүн гэж сонсч байснаас өөрөөсөө 20 “санж” өндөр хүнтэй заамдалцаад авах цөстэй “атаман” гэдгийг мэдсэнгүй. Товчхондоо дүгнэхэд ийм зодоонч манай их хуралд хэд хэд байгаа юмаа гэдгийг хоёр хулигаан хэлж тус боллоо. Хулигаануудаас гадна хулгайч нар хэд байгаа бол гэж бас бодогдлоо. Монгол төрийн эрх баригч дээд байгууллагын дүр зураг нэг иймэрхүү.
Хоёрт, эр хүн талаас нь авч үзье. Мань хашрууд хүүхэн шуухан, архи дарс, өс хонзонгоос болж гар зөрүүлсэнгүй. Хоёул намын бодлогоо хамгаалж, төрийн ажлын “төлөө” нанчилдсан юм даг уу даа. Эр улсууд шийдэж болохгүй байгаа асуудлаа сайхан гар зөрүүлээд мартчих нь бас нэг гарц мөн. Зодооны дараа хэн юу хэлэв. Г.Баярсайхан өөрийн талын /АН-ын угшилтай/ сайтуудаар “УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдсан явдал боллоо. Хуулийн байгууллагаар шалгуулах ёстой” гэж ярьжээ. Харин У.Хүрэлсүх “Тэр муу п.. одоо юу юм” гэж ордон дотор хараал урсгаж. Бичлэгийг харахад Гарьд хүү эхэлж заамдаад, Хүрэл хүү цохьчихсон дүр зураг харагдаад байна. Баяраа бол өөрөө ширээнээс ойччихсон юм билээ гэдэг шиг Гарьд хүү өөрөө эхэлж өдчихөөд, эцэст нь шүүхэд хов мэдүүлэх аястай болоод явчихлаа. Харин Хүрэл хүү бол “Алалцвал алалцана, шөвөгдвөл шөвөгдөнө” гэж цусны аашаа гаргажээ. Эр хүнийхээ хувьд Хүрэл хүү нь Гарьд хүүгээсээ арай бядтай, мужик “гар” бололтой. Улс төрд энэ хоёрын зан чанар их сонин илэрч таарна. Баярсайхан бол нээх явахгүй мөртлөө хүн өдөж цээжээ дэлдсэн, хариуцлага хүлээх чадваргүй, Хүрэлсүх бол замдаа таарсан хэнийг ч хайрлахгүйгээр харанхуй бүдүүлгээр няц цохих ийм л товаришууд аж.
Эцэст нь, өнөөдрийн ордон доторхи хоёр сонирхогчийн зодоон яах вэ. Цаана чинь улс төр, бизнесийн бүлэглэл дамнасан, үндэстэн ястан гэж ялгагдахгүй болсон олигархуудын хооронд эх орны маань баялгийг яаж хувааж цохих вэ гэдэг жинхэнэ их гарын зодоон болж байна. Мэргэжлийн, хүнд жингийн зодоон шүү. Тийш нь анхаарлаа хандуулаач. Хоёр нусан буу хоорондоо нэг хоёр цохилцоо л биз. Аль аль нь дөрвөн жилийн дараа Монгол төрд хэрэг болохоосоо илүү, хир толбо болж байгаа энэ хоёр “гарыг” чөлөөтэй сайхан зодолдож болдог тийм газар луу нь явуулчихвал боллоо. Тэднийг бол анзаарахгүй байж болно. Харин жинхэнэ “мэргэжлийн” тамирчдаа анзаарахгүй байж болохгүй шүү. Тэд одоо бүгдээрээ УИХ, ЗГ, яам агентлагуудын чинь босс, дам эзэн болоод оччихсон. Олон жил системтэй бэлтгэгдсэн, бяртай бол бяртай, нэртэй бол нэртэй олигархуудын хувьд Монгол улсад нэлээд хохиролтой зодооныг ордон дотор олны нүдэн дээр биш, дэлхийн энгээр нүдэнд харагдаж, гарт баригдахгүй хийчихэж мэднэ шүү.
Ө.Мэргэндүү