-ЭҮНХ-НИЙ ТӨР, ЗАСГИЙН ТЭРГҮҮН НАРЫН 16 ДУГААР УУЛЗАЛТАД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ХЭЛСЭН ҮГ-
(Тегеран, 2012 оны 8 дугаар сарын 30)
Хүндэт ноён Дарга аа,
Эрхэмсэг ноёд оо,
Хатагтай, ноёд оо,
Юуны өмнө, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Даргын үүргийг хүлээн авч байгаа Лалын Бүгд Найрамдах Иран Улсад бусад төлөөлөгчдийн нэгэн адил баяр хүргэхийн хамт энэхүү Дээд хэмжээний уулзалтын ажиллагааг амжилттай зохион байгуулж байгаад талархал илэрхийлье. Мөн өнгөрсөн гурван жилийн хугацаанд хөдөлгөөний үйл ажиллагааг чадварлагаар удирдаж ирсэн Египет Улсад хүндэтгэлээ илэрхийлж байна.
Ноён Дарга аа,
Өнгөрсөн жил бид Хөдөлгөөн байгуулагдсаны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, Бандунгийн Зарчмууд болон Гаванад болсон ЭҮНХ-ий Дээд хэмжээний 14 дүгээр уулзалтаас баталсан “Олон улсын өнөөгийн нөхцөлд ЭҮНХ-ний гүйцэтгэх Үүрэг, дэвшүүлэх Зорилтууд, баримтлах Зарчмууд”-ыг чанд мөрдөн хэрэгжүүлэхээ нотлон илэрхийлсэн билээ.
21 дүгээр зуунд ЭҮНХ нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үзэл санаа, соёлыг түгээн дэлгэрүүлэх, ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх, дэлхий нийтийн тэгш хөгжил дэвшлийг хангахын төлөө идэвхтэй тэмцэгч хүчин байх учиртай гэсэн байр суурийг Монгол Улс дэмждэг.
Түүнчлэн, сонирхсон бусад бүлэглэл, түншүүдтэй яриа хэлцээ явуулахад нээлттэй байж, гишүүн орнуудын парламент, иргэний нийгэм зэрэгтэй хамтран бүх нийтээрээ энх тунх, хөгжил дэвшил бүхий дэлхий ертөнцийн төлөө ажиллах арга замыг эрэлхийлэх ёстой гэж үзнэ.
Ноён Дарга аа,
Монгол Улс өөрийн газар нутгийг цөмийн зэвсгээс ангид бүс болгон зарласны 20 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Бидний уйгагүй хүч чармайлт, олон улсын хамтын нийгэмлэгийн үзүүлж ирсэн дэмжлэгийн үр дүнд Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг өнөөдөр олон улсын хэмжээнд өргөнөөр хүлээн зөвшөөрөөд байна. Энэ нь чухамдаа бүх улс түмэн, тэдгээрийн дотор жижиг орнууд ч тэр, цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг буй болгох үйлсэд өөрийн бодит хувь нэмрийг оруулах боломжтой гэдгийг нотолж байгаа хэрэг билээ.
Тегераны Төгсгөлийн баримт бичигт “цөмийн зэвсэггүй бүсүүд болон Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь дэлхий нийтээр цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэхийн төлөө үйл явцыг бэхжүүлэхэд чиглэсэн нааштай алхмууд хийгээд чухал арга хэмжээ юм” хэмээн онцлон тэмдэглэсэн. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн манай цөмийн зэвсэггүй статус нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх үйлсэд хувь хандиваа оруулж байгааг тэмдэглэхэд таатай байна. Цөмийн зэвсэггүй статусаа олон улсын хэмжээнд баталгаажуулахын төлөө Монгол Улсын хүч чармайлтыг дэмжиж байгаагаа ЭҮНХ-ий гишүүн орнууд ийнхүү дахин илэрхийлж байгаад гүнээ талархаж байна. Энэ нь чухамдаа ЭҮНХ-ий эв нэгдлийн бас нэгэн илэрхийлэл юм.
Ноён Дарга аа,
Шарм Эль-Шейхд болсон Дээд хэмжээний уулзалтаас хойших 3 жилийн хугацаанд томоохон өөрчлөлт авчирсан үйл явдлуудын тоонд Хойд Африк, Ойрхи Дорнодод өрнөсөн ард нийтийн үүсгэл бүхий ардчилсан хөдөлгөөн зүй ёсоор орно. Бидний батлан гаргах Төгсгөлийн баримт бичигт “ардчилал бол бүх нийтийн түгээмэл үнэт зүйлс мөн” гэж цохон тэмдэглэсэн. Ардчиллыг төлөвшүүлэх, чөлөөтэй, нээлттэй, шударга нийгэм байгуулах нь амаргүй зорилт учраас олон улсын хамтын ажиллагаа, харилцан туршлага солилцох явдал онцгой ач холбогдолтой юм.
Тегеранд болж буй энэхүү арга хэмжээнд оролцож байгаа нь манай төлөөлөгчдийн хувьд ихээхэн бэлэг дэмбэрэлтэй юм. Бидний өвөг дээдэс XIII-аас XIV зуунд энэ бүс нутагт Илхаант улсыг байгуулж байсан түүхтэй. Түүхэн зурвас энэ үеийг улс түмнүүдийн хооронд худалдаа наймаа цэцэглэн хөгжсөнөөр нь, шашин шүтлэг ялгаатай хэдий ч нэгэн туурга дор эв найртай амьдарч байснаар нь хүмүүс мэддэг билээ.
Өнөөдөр энх амгаланг илүү их тогтоох гэж, эрх чөлөөг илүү их эдлүүлэх гэж, хууль ёсыг илүү их дээдлэх гэж бид энд цуглацгаагаад байна. Бид шударга ёс, эрх чөлөөний хүч чадалд итгэдэг. Хүний бүтээлч сэтгэхүйг чөлөөлснөөр амжилт гарцаагүй дагуулдаг гэдэгт бид итгэдэг. Улс үндэстэн бүр хүний эрхэм нандин чанар, үндэстэн бүрийн заяагдмал эрхийг нүдний цөцгий мэт хамгаалах үүрэгтэй гэдэгт бид итгэдэг. Ирээдүйгээ тодорхойлоход ард түмний оролцоо чухал үүрэгтэй гэдэгт бид мөн итгэдэг.
Өнгөрсөн жил Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах нэр хүндтэй бөгөөд нэн хариуцлагатай үүргийг хүлээн авсан билээ. Ардчиллыг төлөвшүүлэхэд хуримтлуулсан улс орнуудын туршлага, сургамжаас харахад ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх нь нэн чухал болох нь тодорхой байна. Улс орны улс төр, эдийн засгийн амьдралд нийгмийн зүгээс мэдлэгт суурилсан оролцоотой байх нь ардчилал бат бэх оршихын нэн чухал үндэс суурь юм. Монгол Улс АОХН-ийг тэргүүлэх хугацаандаа ардчиллын боловсролыг хөгжүүлэх зорилтыг эн тэргүүнд дэвшүүлсний учир үүнд оршино. Үүний сацуу иргэний нийгэмтэй харилцаа холбоогоо бэхжүүлэх, бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шилжилтийн шатандаа байгаа улс орнуудтай туршлагаасаа хуваалцаж дэмжлэг үзүүлэх, авилгыг үл тэвчихийн төлөө тэмцэх зэрэг чухал зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
Эдүгээ Монгол Улс бусад гишүүн улс, холбогдох олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудтай өргөн хүрээнд зөвлөлдсөний үндсэн дээр ардчиллын боловсролын асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейд тогтоол санаачлан оруулахаар ажиллаж байна. Манай энэ санаачилгыг ЭҮНХ-ий гишүүн орнууд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ирэх чуулганы үеэр дэмжиж хамтран ажиллана гэдэгт найдаж байгаа илэрхийлье.
Ноён Дарга аа,
Манай хөдөлгөөний зарчмын байр суурийн нэг бол олон талт хамтын ажиллагааны үзэл санааг дэмжин бэхжүүлж, хамгаалах явдал билээ. Энэ нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшлийг урагшлуулахад НҮБ-ын гүйцэтгэх тэргүүлэх үүргийг бататган бэхжүүлэх талаар бидний тавьж буй хүчин чармайлтай нягт улдаа холбоотой юм. Монгол Улс ч мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцох, ардчиллыг бэхжүүлэх, цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг буй болгох үйлсийг дэмжиж, эмзэг эдийн засагтай улс орнуудын онцгой хэрэгцээ шаардлагын асуудлыг урагшлуулах, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах зэрэг үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулахын төлөө чармайлт гарган ажиллаж байгаа билээ. Манай улс 2022 онд болох НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгууль, мөн 2015 онд болох Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд тус тус нэрээ дэвшүүлээд байгаа бөгөөд ЭҮНХ-ий гишүүн орнууд эдгээр сонгуульд Монгол Улсыг дэмжиж оролцоно гэдэгт бид чин сэтгэлээсээ найдаж байна.
Эцэст нь, Монгол Улс тус хөдөлгөөний үндэс суурь болсон үзэл санааг тууштай дэмжиж ирснийг нотлон илэрхийлж байна. Аливаа улс орны удирдагч нь өөрийн ард түмний ашиг сонирхол, хүсэл эрмэлзлэлийг илэрхийлж, хамгаалж байх ёстой гэдэгт би бат итгэдэг. Ард түмэн өөрсдөө хэзээ ч бие биентэйгээ сөргөлдөж, өөр хоорондоо тэмцэлддэггүй. Чухамхүү удирдагчдын байр суурь, бодлогоос үүдэн улс түмний хооронд сөргөлдөөн, тэмцэл үүсэх магадлалтай байдаг. Тиймээс би бүх төр, засгийн тэргүүн нарт хандан өөр хоорондын харилцаандаа эвлэрэлийн зарчмыг баримтлахыг уриалж байна.
“Сөргөлдөөнөөс эвлэрэл зохицолд” хүрэх замаар хамтдаа явцгаая!
Анхаарал тавьсанд баярлалаа.