СССР-ийн Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1946 оны энэ өдөр атаман Семёнов, Родзаевский нарыг цаазаар авах тогтоол гаргасныг мөн өдөр гүйцэтгэсэн байна.
Григорий Васильевич Семёнов нь 1890 оны 9 дүгээр сарын 13-нд Байгалын чанад дахь мужийн Куранжа харуул хэмээх өртөөнд мэндэлжээ. Энэ нь өнөөгийн Өвөр Байгалын хязгаарын Ононгийн район юм байна. 1911 онд насан эцэслэсэн түүний аав Михаил Петрович Семёнов нь буриад монголын цус холилдсон нутгийн хасаг эр байжээ. Ирээдүйн атаманы эмээ, аавынх нь ээж нь зарим сурвалжид өгүүлснээр бол Чингисийн алтан ургаас гаралтай нэгэн байсан гэдэг. Харин ээж нь оросын хэт хуучны амьдралын хэвшлийг хатуу баримтлагч старообрядчуудын гэр бүлээс гаралтай бүсгүй байжээ.
Семёнов нь Могойт дахь хоёр ангитай бага сургууль болон Оренбургийн хасагийн юнкерүүдийн сургуулийг дүүргэсэн, монгол, буриад хэлээр чөлөөтэй нэвтрэлцдэг байсан аж.
1911 оны наймдугаар сард Дээд Үдийн хорооны хорунжий болсон тэрбээр Монгол оронд цэргийн байр зүйн багт алба эхэлсэн байна. Нийслэл Хүрээнд байхдаа залуухан офицер маань Монголын нийгмийн нэр нөлөө бүхий төлөөлөгчидтэй ойртон дотносч, 1911 оны 12 дугаар сарын 11-нд тусгаар тогтнолоо зарласан тэр их үйл хэргийн бэлтгэл болон хэрэгжилтэнд тодорхой хэмжээгээр оролцсон байна.
Гэвч энэ их үйл хэрэгт оросын армийн офицер хүн оролцох нь гадаад улс төрийн хүсүүшгүй үр дагаварт хүргэж болзошгүй байсан тул оросын дипломатуудын шаардлагаар тэрбээр Нийслэл Хүрээг орхиход хүрсэн гэдэг.
Дэлхийн нэгдүгээр дайн дэгдсэнээр Семёнов фронт дээр байлдаж, эхний саруудад л Гэгээн Георгийн IV зэргийн одонгоор шагнагдсан байна. Түүнчлэн 1916-1917 онд Кавказад болон Персийн (өнөөгийн Иран) Курдистанд байлдаж явжээ.
Персээс эргэн ирж Румыны фронт дээр алба хашиж байхдаа цэргийн сайд А.Ф.Керенскийд захидал бичсэн нь ихээхэн үнэлэгдсэн гэдэг. Тэрбээр Өвөр Байгалд тусдаа бие даасан буриад монголын морин хороо байгуулан фронтод авчирснаараа "оросын төлөө эдгээр харь ястан үндэстнүүд хэрхэн байлдаж буйг харуулах замаар орос цэргүүдийн эх оронч үзлийг сэргээх" санал дэвшүүлсэн нь дэмжигдэн мөн оны 6 дугаар сард Өвөр Байгалд цэргээ эмхэлж эхэлсэн байна. Октябрийн эргэлтийн дараа ч тэрбээр морин хороондоо монголчууд, буриадуудыг төдийгүй оросуудыг ч элсүүлж байжээ. Харин тэдэнд тавьж байсан ганцхан нөхцөл нь ямар нэг хувьсгалт үзэл санааг дэмжихгүй байх явдал байсан гэдэг. Ийнхүү түүний зөвлөлт засагтай хийсэн урт удаан хугацааны тэмцэл эхэлсэн бөгөөд ялангуяа Даур өртөөн дээр түүний байгуулсан шоронд гар хөл нь болсон барон Унгерн, Маккиавеевский нар баривчлагдсан улаантнуудаар "махан овоо" босгосноороо цууд гарч байсан гэдэг.
1921 оны 9 дүгээр сард Оросоос зугтан гарч Хятад, улмаар АНУ, Канадад байсныхаа дараа Японд нэг хэсэг төвхнөөд 1932 онд Манж Го улс байгуулагдахад Хятадын Дайрен хотод хүрэлцэн ирж 1945 он хүртэл амьдарсан байна.
Мөн оны 9 дүгээр сард Улаан арми Японыг бут цохиход атаман Семёнов Манжуурт баривчлагджээ. Аман яриагаар бол түүний сууж явсан онгоцны нисгэгч нь алдаа гарган Чанчунь дахь буудалд буутал тэр буудлыг нь оросууд хэдийнээ эзлэн авсан байсан гэдэг.
Харин түүний отгон охин Елизавета Григорьевна Явцевагийн дурсан ярьснаар бол атаман Григорий Семёновыг 1945 оны 8 дугаар сарын 22-нд Зөвлөлтийн десантын тусгай ангийнхан Хятадын Дайрен хот дахь харшдаа байхад нь баривчилсан бололтой.
Түүний хэргийг бүтэн жил гаруй мөрдсөний дараа 1846 оны 8 дугаар сарын 26-нд эхэлсэн шүүх хурлын тухай сонин хэвлэлүүд дэлгэрэнгүй нийтэлсэн байна. Шүүхээс түүнд зөвлөлтийн эсрэг суртал ухуулга явуулсан, ЗХУ-ын эсрэг тагнуул хийсэн, хорлон сүйтгэх, терроррист ажиллагаа явуулсан хэрэгт нь дүүжлэн хороож, хөрөнгийг нь хураах ял оноож, мөн өдрийн шөнө нь 11 цагт цаазын ялыг гүйцэтгэсэн байна.
С.Амар