logo
Иран улс эвсэлд үл нэгдэгчдийг нэгтгэв

Иран улс эвсэлд үл нэгдэгчдийг нэгтгэв

2012/09/01
 Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтын хүрээнд 29 улсын төр, засгийн тэргүүн нарын эхний хуралдаан дуулиантайхан эхлэв. Египетийн Ерөнхийлөгч Мохаммед Мурси Сирийн дэглэмийг хүчирхийлэл үйлдэж, хэмжээгүй эрх дарх эдэлж байгааг буруушаасан учир Дамаскийн төлөөлөгчид хуралдааныг орхин гарчээ. Иран улс дээд хэмжээний уулзалтыг дээд зэргээр ашиглаж, Сирийн мөргөлдөөний гол зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаа мэдэгдэж, үүний урьдаар цөмийн хөтөлбөрөө энхийн зорилготой гэдгийг дэлхийн хамтын нийгэмлэгт батлан хэлсэн байна.
Мохаммед Мурсигийн Тегеранд хийх айлчлал онцгой анхаарал татсан юм. 1979 оны лалын хувьсгалын дараа Египетийн эрх баригчид Иранд ганц ч удаа айлчлаагүй билээ. Энэ удаагийн айлчлал нь Каир Тегерантай харилцаагаа хэвийн болгохыг эрмэлзэж байгаагийн нотолгоо болж байгаа бөгөөд чухам энэ сэдэв Мурси болон Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад хоорондын хэлэлцээний гол сэдэв байв.
Египетийн төлөөлөгчдийн айлчлал зөвхөн үүгээр дурсагдахгүй. Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтад оролцогчдын өмнө үг хэлэхдээ Мурси Сирийн "хүлээн зөвшөөрөгдөхөө аль хэдийнэ больсон" Ерөнхийлөгч Башар Асадын "дарангуйлагч дэглэмийг" маш хатуу үгээр зэмлэн буруушаажээ. "Сирийн ард түмний тэмцэлтэй бид эв санаа нэгтэй байх нь ёс суртахууны үүрэг, улс төр болоод стратегийн шаардлага юм" гэж Египетийн удирдагч мэдэгдээд, "гадны оролцоогүйгээр хүчирхийлэл зогсохгүй" гэж анхааруулсан байна. Хосни Мубарак Египетийг "иргэний нийгэмтэй ардчилсан улс" болоход тус болсон шиг Башар Асад огцорвол Сири улс сэргэн мандана гэдэгт итгэлтэй байгаагаа тэд илэрхийлжээ. Ингэж хэлсний дараа Дамаскийн төлөөлөгчид хуралдааны танхимыг орхин гарсан байна.
Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн Сирийн мөргөлдөөнийг зохицуулахад бодитой хувь нэмрээ оруулж болох тухай Иран улс мэдэгдсэний дараа Египетийн төрийн тэргүүн үгээ хэлжээ. Тегеран Сирийн Засгийн газар болон сөрөг хүчин хоорондын хэлхээ холбоог хэвийн болгох ажлын хэсэг байгуулах санал дэвшүүлсэн байна. Шинэ байгууллагад Иранаас гадна Египет, Венесуэл /тус хөдөлгөөний өмнөх болон дараагийн тэргүүлэгч/, тэрчлэн Ливан, Ирак орох аж. Каирын хатуу байр суурь энэ санаачилгыг бараг нураахад хүргэж байна.
Гэсэн хэдий ч Ираны эрх баригчид өнөөдөр дуусах дээд хэмжээний уулзалт дээр зуучлагчийн үүрэг гүйцэтгэх хүсэлтэйгээ жинтэйхэн мэдэгджээ. Үүний сацуу Тегеран цөмийн хөтөлбөрөө тойрсон сөргөлдөөнийг гурав дахь ертөнцөөр дэмжүүлэх боломжийг дээд зэргээр ашиглав. Ираны шашны тэргүүн аятолла Али Хаменеи өчигдөр хэлсэн үгийнхээ дийлэнх хэсгийг үүнд зориулсан байна. "Бид, цөмийн энерги бүх нийтийнх, цөмийн зэвсэг хэнийх ч биш гэсэн уриатай" гэж аятолла зарлаад, Иран улс ямар ч байсан энхийн атомын хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэдгийг батлан хэлжээ.
Аятолла хэлсэн үгэндээ АНУ-ыг олон улсын тавцанд болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд "зохисгүй байдал" гаргадаг, "эрх тэгш бус, шударга бус, ардчилсан бус" байдаг хэмээн эрс шүүмжилсэн байна. "НҮБ-ын АЗ нь дарангуйллын жинхэнэ хэлбэр. Дэлхий дахин хэдхэн түрэмгий гүрнээр удирдуулах ёсгүй" гэж аятолла Хаменеи хагас зуун улсын төлөөлөгчдийн халуун алга ташилтан дор мэдэгджээ.
З.Амгалан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш