logo
“Шударга ёс” эвслийн бүлэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

“Шударга ёс” эвслийн бүлэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

2012/09/01
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж Монгол Улсын 2012 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн байна. Энэ хуралдааныхаа талаар бүлгийн дарга Н.Батцэрэг, Сангийн сайд Ч.Улаан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УИХ-ын 2012 оны сонгуулийн жил халамжийн хэлбэрээр асар их мөнгийг бэлнээр иргэдэд тараасан, татварын орлого тасарсан, тендэр хугацаандаа зарлагдаагүй зэрэг бэрхшээлүүд нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт хүндрэл учруулаад байгаа гэнэ. Үүнээс болж төсвийн алдагдал таван хувьтай байна гэж Сангийн сайд хэлэв.
“Шударга ёс” эвслийн бүлэг төсвийн тодотголыг хэлэлцээд “Одоогийн нөхцөл байдлыг даван туулах чиглэлээр төсөв батлагдаж гарах ёстой. Удахгүй Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлэгдэнэ. Улмаар УИХ-ын намрын чуулганаар ирэх жилийн төсвийн хэлэлцүүлэг эхлэх үеэр өнөө жилийн төсвийн алдааг засах чиглэлээр ажиллах ёстой” гэж үзжээ.
Хуралаар хэлэлцсэн бас нэг асуудал нь Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл. УИХ-ын гишүүн Д.Батцогтоор ахлуулсан ажлын хэсэг хуулийн концепциуд дээр ажиллаж, ямар ч байсан сумын ИТХ-ын төлөөлөгчийг намын жагсаалтаар сонгох нь зохисгүй, иргэд өөрсдөө хүнээ нэр дэвшүүлэх ёстой гэсэн зарчмын шийдэлд хүрч, энэхүү заалтаар хэлэлцүүлэг эхлүүлэхэд санал хураалгахаар болж буй юм байна. Хэрвээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр үдээс хойш зарлаад 2012 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ гэвэл УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг оролцоно гэсэн байр суурьтай байгаа гэдгээ бүлгийн дарга Н.Батцэрэг мэдэгдлээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш