Саяхан Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д. Сүрэнхор хугацаанаасаа өмнө суллагдсан билээ. Түүнийг суллагдахтай зэрэгцэн олны анхаарал эхнэр Д.Эрдэнэ-Отгон дээр нь төвлөрлөө.
Нөхрийгөө ял эдэлж байх үеэр эхнэр Д.Эрдэнэ-Отгон нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 30 настай эрэгтэйг дайрч амь насыг нь хохироосон билээ. Эл хэрэг өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй л байна. Учир нь Д.Эрдэнэ-Отгоныг насанд хүрээгүй хүүхдүүдээ асран хамгаалж байгаа, нөхөр нь ял эдэлж байгаа гэх үндэслэлээр хэргийн шийдвэрлэлт удааширсан хэмээн хууль хяналтынхан хэлж байна. Харин одоо нөхөр Д.Сүрэнхор нь суллагдсан учир түүнд төлөвлөөд байсан таван жилийн ялыг биеэр эдлүүлэх эсэхийг нь шийдвэрлэх биз гэсэн хүлээлт үүсээд байсан. Гэтэл эх сурвалжийн мэдээлснээр Д.Эрдэнэ-Отгон нь Сэлэнгэ аймгийн харьяат хохирогчийн ар гэрийнхнээс “гомдолгүй” гэсэн бичиг гаргуулж авсан учраас эл хэргийг хэрэгсэхгүй болгож магадгүй гэнэ. Уг нь Д.Эрдэнэ-Отгонд Эрүүгийн хуулийн 215, 216 дугаар зүйлд зааснаар ял төлөвлөж, шалгаж эхэлсэн бөгөөд хэргийг прокурор, шүүх рүү хэд хэдэн удаа шилжүүлсэн боловч мөрдөн байцаалт дутуу гэсэн шалтгаанаар буцсаар байсан юм. Хэргийг эргэн сануулбал, Д.Эрдэнэ-Отгон нь осол гарахын өмнөх өдөр “МВ” шөнийн цэнгээний газарт наргиж байгаад үүрээр 06.00 цагт гэртээ харихаар гарсан байдаг. Тэрбээр Улаанбаатар Төмөр замын гал командын байгууламжийн зүүн талын Нарны зам дээр УНН 70-20 улсын дугаартай автомашин жолоодож явахдаа 30 настай эрэгтэйг дайрч, улмаар хохирогчийн цогцсыг хэргийн газраас 750 метр хүртэл чирч орхиод хэргийн газраас зугтаасан нь тогтоогдсон. Уг хэргийг Замын цагдаагийн газрын шөнийн эргүүлийн тасгийн байцаагч ахлах дэслэгч Б.Лхагважаргал илрүүлсэн бөгөөд гэрчийн мэдүүлэг ч хавтаст хэрэгт авагдсан байдаг юм билээ. Ингээд цагдаагийн ажилтнуудыг гэрт нь очиход сэжигтэн Д.Эрдэнэ-Отгон ээждээ осол гаргасан тухайгаа утсаар ярьж байсан гэдэг. Түүнийг хэрэг гаргасан өдрийнх нь 08.00 цагт баривчлан, согтуурал хэмжих багажаар үлээлгэхэд 0.8 бүхэл гарсан байдаг. Аймшигт хэрэг үйлдэж хүний аминд хүрчихээд, элдэв шалтаг хэлж хэргээс мултрагсад энэ мэтчилэн байсаар байна даа.