logo
Харуулын дарга хилчнээ буудсанаа нууцалжээ

Харуулын дарга хилчнээ буудсанаа нууцалжээ

2012/09/03
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Улаан-Уулын отрядад харуулын дарга цэргээ буудсанаа нууцалж байна гэсэн мэдээлэл сонсогдлоо. Бидэнд олдсон мэдээллээр бол энэ сарын 17-нд харуулын дарга хилийн харуул солигдох үеэр хилчдэд үүрэг өгч байгаад нэг хилчнийг буудаж шархдуулсан бололтой. Гэвч үүнийгээ нууцалж, буудуулсан цэргийн ар гэрийнхэнд мэдэгдээгүй байна.

Одоогоос тав зургаа хоногийн өмнө гэрийнхэн нь ийм явдал болсныг мэдсэн бололтой. Энэ мэдээллийг тодруулахаар Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, дэд хурандаа Д.Баасанжаргалтай утсаар холбогдоход тийм зүйл болоогүй хэмээн үгүйсгэлээ. Харин Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг “Албан ёсоор тийм мэдээлэл ирээгүй, албан бусаар бол мэдээлэл өгч чадахгүй” хэмээн бөөрөнхийлсөн. Бид Дорноговь аймгийн цагдаагийн хэлтсийн холбогдох албан тушаалтантай утсаар холбогдож мөн л асууж тодрууллаа.

Цагдаагийн ажилтны хэлснээр дээрх мэдээлэл үнэн байв. Харуулын дарга хилийн харуул солигдох үеэр үүрэг тавьж байгаад сургуулийн сумтай буугаар нэг цэргийн цээжний хөндийд бууджээ. Гэвч үүнийгээ цагдаагийн байгууллагад хүртэл мэдэгдээгүй байсан гэнэ. Хилчний ар гэрийнхэн цагдаад хандсанаар цагдаагийнхан энэ асуудлыг шалгаж эхэлжээ. Хилчин бууны суманд өртсөн даруйд бие нь муудсан учир отрядынхан хотоос эмч нарын баг аваачин яаралтай мэс засал хийлгүүлснээр амийг нь аварч чадсан гэнэ. Хэрвээ харуулын дарга санамсаргүй буу алдаж цэргийг шархдуулсан нь үнэн юм бол отрядынхан энэ хэрэг явдлыг яагаад нууцлах болов гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Хил хамгаалах байгууллагын холбогдох албан тушаалтнууд ийм хэрэг явдал болж өнгөрсөн талаар ам нээхийг огт хүсэхгүй байна. Мэдээж тэд үүнийг мэдсэн л байх учиртай. Сүүлийн жилүүдэд эх орны торгон хил дээр дарга нь цэргээ, цэрэг нь даргаа, цэрэг нь цэргээ буудсан хэрэг явдал олон гарсан. Хил дээр гарч байгаа энэ олон буун дуу юу өгүүлнэ вэ...

Ч.Ариунболд
Эх сурвалж: "Өдрийн шуудан"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш