logo
Орон нутгийн сонгуулийг автомат системээр явуулбал АН, гараар тоолбол МАН олонх болно

Орон нутгийн сонгуулийг автомат системээр явуулбал АН, гараар тоолбол МАН олонх болно

2012/09/03
БНН-ын дарга Б.Жаргалсайхантай улстөрийн хүрээнд болж буй үйл явц, Орон нутгийн сонгуулийн хуулийн талаар ярилцлаа.
 
-Парламент дахь олонхын бүлэг МАН-ын бүлгийг хүлээн зөв­шөө­рөх­гүй байгаа. Ер нь шинэ пар­ламентад болж буй про­цессод ямар дүгнэлт өгч байгаа вэ?
-Хүн төрөх нь үнэн, үхэх нь үнэн. Ард түмэн нэг тэнгэр дор, газар дээр амьдарч буй учир нэг л хуулинд захирагдаж амьдрах ёстой. Соёл иргэншилтэй улс оронд ард түмэн нь нэг л хуулинд захи­рагдаж, бүгдээрээ хуулиа мөрдөж амьдарч байна. 
МАН-ынхан 24 цагийн дотор бүлэг байгуулна гэж өөрсдөө хууль санаачилж батал­чихаад, тэр хуулиа зөрчиж байгаа бол хохь нь болохоос яах юм бэ. УИХ яагаад тэдэнд зориулж хууль гаргах ёстой юм. Тэд яагаад заавал түрэмгийлж даран­гуйлж, өөрсдөдөө зориулж хууль гаргуулж, бүлэг­тэй болох гээд байгаа юм. Хуулиараа зүгээр бие даагчид л байх ёстой шүү дээ. 
Хуулийг мөрдөх гэж гаргадаг учир түүгээрээ л явах ёстой. Өөр асуудал байхгүй. МАН дараагийн сонгууль дуустал бүлэггүй бие даагчид хэвээрээ л явах хэрэг­тэй. Өөрсдийнхөө гар­гасан хуулийг мөрдөж ажил­лаж чадахгүй бол улстөрийн ажил хийгээд хэрэггүй. 
МАН-ын булхайг АН-ынхан компьютерийн аргаар л дарж авсан. Хэрэв тэгээгүй бол МАН парламентад олонх болох байлаа. Том булхайгаа жижиг булхайгаар сольсонд баяртай байгаа. 
Төр барьж буй намууд нийгмийн үйл ажиллагаа, улс­төрийн амьдрал, иргэдийн ажил хөдөлмөр, төрийн ажлыг ил тод байлгах талаар анхаарч ажилласан бол ний­гэм зөв голдрилдоо ороод бүх зүйл нь зарчимтай явах байсан.
Гэтэл манайд сон­гуулиасаа эхлээд бүх юм нь булхайтай байдаг учраас улс оронд болж бүтэж буй зүйл алга. Ямар сайндаа урд хөрш манай улсыг “татаад хаячихсан тамхины иш” гэж доромжлох вэ дээ. Үүнээсээ тэд дүгнэлт хийх хэрэгтэй.  
-Орон нутгийн сон­гуул-ийг холимог тогтол­цоо­гоор, автомат машинаар явуу­ла­хаар хууль санаачлаад хэлэл­цэж байна. Үүнийг хэр зөв зүйтэй гэж үзэж байгаа вэ?
-Сонгуулийг автомат машинаар явуулбал АН олонх болно. Харин гараар тоолбол МАН олонх болно. 
-Яагаад?
-МАН-ынхан нийгэмд авлигын сүлжээ, үүр бий болгочихсон. Энэ сүлжээ 20 жил үргэлжилж байна. Тийм учраас автомат системээр сонгууль явуулсан нь дээр. АН-ынхан МАН-аас өш хонзонгоо авахын тулд орон нутгийн сонгуулийг  компьютерээр явуулж, олонх болох бодолтой байгаа. Тэр бүү хэл АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулиар ч олонх болно. Харин дараагийн УИХ-ын сонгуулиар сонгогчдын саналыг гараар тоолцгооё. Ингэхдээ сонгууль өгч авах ажлыг нээлттэй явуулах хэрэгтэй. 
-МАН-ынхан санал тоолох автомат машиныг зөв тоолж буй эсэх нь эргэлзээтэй байна гэж үзээд байгаа. Тиймээс орон нут­гийн сонгуулийг автомат машинаар тоолохыг эсэр­гүүцээд байна л даа?
-Хэрэв гараар санал тоол­вол МАН-ынхан луйвар хийгээд сурчихсан учраас өөрсдийнх нь хүмүүс өөрсдөд нь тоолчихно. Тийм болохоор л эсэргүүцээд байгаа юм.
-Таны бодлоор орон нутгийн сонгуулийг ямар зарчмаар явуулах нь ард түмэнд хэрэгтэй гэж үзэж байна вэ?
-Бид жижигхэн юм их ярих юм. Нэг хүүхэн байлаа гэхэд уруулыг нь ч будах, нүдийг нь ч будах гээд ядаж байдаг. Гэтэл нөгөө хүүхэн угийн гоё биш бол хэзээ ч гоё болохгүйтэй адил нэг хуулийг засах гээд ядаж байна.
Манай улс бүхэлдээ улс­төрийн хямралд орчихоод байна шүү дээ. Сөрөг хүчин болох гээд байгаа нам нэн тэргүүнд намуудын хууль гаргаж, намын гишүүнч­лэлгүй болгох хэрэгтэй. Сонгуулийг ил тод явуулж, төрийн албан хаагчдаар саналыг тоолуулахгүй, бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг намуудад нээлттэй, үнэ төлбөргүй болгож өгөх хэрэгтэй. Үүний төлөө улстөрийн гурав   дахь хүчнүүд тэмцэх болно. 
-Орон нутгийн сонгуул-ийн хуулийг өөрчлөхдөө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, орон нутгийн Засаг дарга нарыг иргэдээс нь сонгох нь зүйтэй гэсэн яриа зарим улстөрийн намаас гараад байгаа. Таны хувьд үүнийг дэмжиж байгаа юу?
-Ер нь Улаанбаатар хотын даргыг ард түмнээс нь сонгох хэрэгтэй. Аймгийн Засаг дарга нарыг ч гэсэн аймгийн иргэд нь сонгодог байх шаардлагатай.
-Олонх нь цөөнхөө нугачин дарах энэ тогтолцоог хэр зөв зүйтэй гэж үзэж байгаа вэ?
-Би зөв гэж бодож байгаа. Сүүлийн 20-иод жил олонх нь давуу эрхээ эдэлж, цөөнхөө нугачин дарж ирлээ. МАН-ынхан өөрсдийнхөө хийсэн горыг өөрсдөө л амсаж байна. Түүнд гомдоод байх шаардлагагүй. Харин ч тэд энэ хариуцлагагүй байдлаа засах хэрэгтэй. Нэгэнт сөрөг хүчин болсон бол сөрөг хүчин шигээ байх хэрэгтэй. 
-Шинэ Засгийн газрын бүтцийн талаар ямар байр суурьтай байгаа вэ? 
-МАХН /МАН/-ын Зас­гийн газрын үйл лайг өнөөгийн Засгийн газар үүрэх болж байна. Үүний дунд иргэд хохирно. Хэн ч биднийг хайр­лахгүй учир ард түмэн өл­сөнө. Манай орныг ойрын хэдэн жил эдийн засгийн маш хүнд нөхцөл хүлээж бай­гаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш