ЕБС-иудын хичээлийн шинэ жилийн нээлт болж өнгөрлөө. Энэ бол хүүхэд бүхний хүсэн хүлээсэн, бас хүн бүрийн дурсамжийг сэргээж, сэтгэлийг нь хөглөдөг сайхан өдөр.
Иймээс ч өнгөрсөн бямба гарагт хүүхэд багачуудын дуу, шуугиан хаа сайгүй цангинаж байлаа. Тэр тусмаа нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар бүрэн дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд тэдний дуун түрлэг огт тасарсангүй. Эдүгээ 40 жилийн түүхэн ойтойгоо золгож буй тус сургуулийн хамт олон шинэ хичээлийн жилдээ 83 бүлгийн 2815 сурагчаа тосон авлаа.
Хичээлийн шинэ жилийг нээж, захирал Хишигмаа үг хэлсэн юм. Тэрбээр “Өнгөрсөн хичээлийн жилд манай хамт олны хувьд ажлын өндөр амжилттай байлаа. Тухайлбал, манай багш нар Сонгинохайрхан дүүргийн ур чадварын тэмцээнд тэргүүн байр эзэлсэн. Мөн сурагчид маань олон олимпиад, тэмцээнд оролцож, сайхан амжилтыг үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг “Дуулиан-2020” хөлбөмбөгийн тэмцээнд манай сурагчид 13 насны ангилалд оролцож, мөнгөн медаль хүртэж, манай хоёр сурагч Италийн Милан хотод суралцах эрхийн бичгээр шагнагдсан. Ингээд амжилтын эзэд болсон багш нар, хүүхдүүддээ хичээлийн шинэ жилийн цогтой халуун баярын мэнд хүргэе. Шинэ хичээлийн жилдээ өмнөх амжилтаа улам бататгаж, эрч хүчээр дүүрэн, амжилт гарган суралцахыг хүсч байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэсэн юм.
Энэхүү баяр дээр баяр нэмсэн нэгэн үйл явдал болсон нь тус сургуулийн биеийн тамирын багш Энхцэцэг, Доржготов нарыг БШУЯ-ны хүндэт жуух бичгээр шагнасан явдал байв. Шагналыг сургуулийн захирал Хишигмаа ёслол хүндэтгэлтэйгээр гардуулсан. Энэ үеэр сургуулийн шилдэг сурагчид төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Дараа нь тус сургуулийн морин хуурын дугуйлангийн сурагчид “Үүлэн бор”-ын аялгуугаар түрлэг өргөв.
Жил бүрийн хичээлийн шинэ жилийн хамгийн хүндтэй зочид бол мэдээж эрдмийн их аянд хөл тавьж байгаа нэгдүгээр ангийн сурагчид байдаг. Харин 65 дугаар дунд сургууль энэ жил найман бүлэгт 242 зургаан настныг хүлээн авлаа.
Сургуульд орох нь л гоё байна
-Чамайг хэн гэдэг вэ. Хэн багшийн ангид орсон бэ?
-Намайг О.Оюунтөгс гэдэг. Туяа багшийн ангид орж байгаа.
-Сургуульд орох сайхан байна уу?
-Гоё байна.
-Юу нь гоё байна?
-Сургуульд орох нь л гоё байна.
Ингээд бид нээлтийн дараа зургаан настнуудаа дагуулан ангидаа орсон 1А ангийн багш Э.Анхзаяатай уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.
Тэрбээр “Би энэ сургуульд 2001 оноос хойш 11 дэх жилээ багшилж байна. Энэ жил гурав дахь удаагаа нэгдүгээр анги дааж авлаа. Харин анх удаа зургаан настны анги авч байна. Анги дааж авсандаа маш их баяртай байна. Манай анги 35 сурагчтай. Одоогоор 22 нь ирээд байна. Нэмэгдэж орж ирэх байх. Их хөөрхөн, цовоо хүүхдүүд байна” гэсэн юм.Нийслэлийн 2008 оны тэргүүний төрийн бус өмчийн “Хобби” сургууль шинэ хичээлийн жилээ халуун ам бүлээрээ угтлаа.
Тус сургуулийн нэгдүгээр ангид энэ жил нийт 112 сурагч элсэн орж байгаа аж. Хичээлийн нээлтийн үйл ажиллагаа тус сургуулийн урлагийн зааланд болж өнгөрлөө. Нээлтийн үйл ажиллагааг эхлүүлж, сургуулийн захирал болон ахмад багш нар үг хэлж, нийт эцэг, эх, сурагчдадаа баяр хүргэсэн.
Үүний дараа өнгөрсөн хичээлийн жилд амжилттай суралцсан сурагчдаа хүндэт медалиар шагнаж, урамшуулсан юм. Авьяаслаг сурагчид нь урлагийн үзүүлбэрээ үзүүлж, эцэг, эхчүүддээ бэлэг барилаа. Түүнчлэн нэгдүгээр ангийн бяцхан сурагчид бүгд хонх цохиж, эрдмийн их далайдаа аялахаар анги танхимдаа орцгоосон.
Шонхор шувууны дүрс бүхий “Хобби” хэмээх нэрний тухайд их сонирхолтой юм билээ. Энэ нь “хүсэл, сонирхол” гэсэн утгатай бус гэнэ лээ. Харин тус сургуулийн захирал, хөгжим судлаач, урлаг судлалын ухааны доктор Д.Оюунцэцэгийг тус сургуулийг байгуулахаас өмнө түүний гэрийн цонхоор шонхор шувууны нэг зулзага орж иржээ. Түүнийг ихэд бэлгэшээн, судалж үзэхэд шонхрын “Хобби” гэдэг төрлийн зулзага байжээ. Тийнхүү сургуулиа “Хобби” гэж нэрлэсэн гэнэ. Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан түүнтэй цөөн хором ярилцлаа.
-”Хобби” сургуулийн түүхээс товч танилцуулна уу?
-Манай сургууль 1994 онд байгуулагдсан, Монголын анхны хувийн сургууль юм. Энэ хавар ес дэх төгсөлтөө амжилттай хийлээ. Би багаасаа орос хэлийг эзэмшсэн учраас монгол хэлдээ муу гэж үргэлж чамладаг байлаа.
Миний адил хүүхдүүд хэлний аль нэг чигээс хоцрох вий гэсэндээ хос сургалттайгаар энэ сургуулиа байгуулсан. Манай хүүхдүүд монгол болон англи хэлээр хичээлээ үзэж, судалдаг онцлогтой.
-Сурган хүмүүжүүлэгч хүний хувьд ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?
-”Хобби”-гийн хүүхдүүд хол явж, их амжилтад хүрээд, эх орондоо эргэж ирэн ихийг бүтээнэ гэдэгт үргэлж итгэдэг. Ийм хүүхдүүдийг төрүүлэхийн тулд энэ сургуулиа байгуулж, улам илүү болгохын төлөө хичээж байна. Монгол орныхоо ирээдүй болсон залгамж халааг бэлтгэж буйдаа маш их бахархаж явдаг.
-Танай сургуулийн төгсөгчид ихэвчлэн гадаадад суралцдаг байх?
-Тийм шүү. Олон улсын нэр хүндтэй сургуулиудад манай төгсөгчид үргэлжлүүлэн суралцдаг. Тэдгээрийн ихэнх нь тэтгэлгээр сурдаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд энэ жил манай хоёр төгсөгч Харвардын их сургуульд сурч байгаа. Мөн хоёр хүүхэд тус сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцах урилга аваад байна. Энэ мэтчилэн дурдвал олон жишээ байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
“Орчлон”-гийнхон өөр өөр дүрэмт хувцастай ч мөнгөн хонхны дуугаар ижилсэв
Хувийн дунд сургуулиудын төлөөллийн нэг “Орчлон” сургуулийн нээлтийг сонирхлоо.
Цаг агаарын байдал зэврүүн, хүйтэн салхитай байсан учир тус сургуулийнхан спорт зааланд нээлтээ хийсэн юм. Аав, ээжийнхээ гараас хөтлүүлж, өөрөөсөө том шахам цэцгийн баглаа барьсан хүүхдүүд хүйтнийг үл ажран сургууль руу яарна.
Дүрэмт хувцсаар жигдхэн гоёсон хүүхдүүд, олны танил эцэг, эхчүүд, төрөл бүрийн марк бүхий автомашины цугларалт гээд “Орчлон” сургуулийн нээлтээс содон бүхнийг харж болохоор байв. Мөн сургуулийн хашааны үүднээс эхлэн зогссон хамгаалалтынхан орох хүн бүрийн нэрсийг тулган шалгаж байлаа. Энэ бүхэн нь бусад дунд сургуулийн нээлтээс ялгаатай санагдлаа.
Жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн дүрэмт хувцастай холбоотой асуудал гарч ирдэг.
Харин “Орчлон” сургуулийн сурагчдын дүрэмт хувцас нэлээд онцлог байгаа нь ажиглагдсан юм. Сурагчдын дүрэмт хувцас нь анги тус бүрээр ялгаатай бололтой.
Тухайлбал, цагаан өнгийн футболк, хар хөх, шарга өнгийн хослол гээд янз бүрийн загвартай хувцас өмссөн байсан юм.
Бусад сургууль ихэвчлэн ганцхан ээлжийн дүрэмт хувцастай байдаг бол энэ сургуулийн сурагчид олон ээлжийн дүрэмт хувцас хэрэглэдэг аж. Хийц, загварын ялгаатай эдгээр хувцсанд сургуулийн нэр бүхий лого байхгүй бол дүрэмт хувцас гэж ялгахын аргагүй.
Сургуулийн орчин, дүрэмт хувцас, орон орны төлөөлөл болсон гадаад багш нар зэрэг өөрийн давуу талууд цөөнгүй байсан ч хичээл эхэлсэнд баярлан гүйлдэх ангийн найзууд, сургуулийн босгыг анхлан орсон багачуудын сониуч зан, хичээлийн шинэ жилийг эхлүүлэх мөнгөн хонхны дуугаар ижилсэн гоёлоо.