Супер цомын тэмцээнийг Монакогийн “Луи II” цэнгэлдэх хүрээлэнд 14312 мянган үзэгч сонирхов. “Аваргуудын лиг”-ийн аварга Английн “Челси”, Европын лигийн аварга Испанийн “Атлетико Мадрид”-ын тоглолт хэний ч санаанд оромгүй байдлаар өрнөж, “Атлетико” хүчтэй өрсөлдөгчөө 4:1-ээр бут ниргэж, Супер цомын аваргаар хоёр дахиа тодорлоо.
“Атлетико” тоглолтын эхнээс санаачилгыг гартаа аван тоглож, тоглолтын эхний хагасын зургаа дахь минутад Колумбын супер довтлогч Радамель Фалкао анхны боломжоороо өрсөлдөгчийнхөө хаалганы торыг хөдөлгөсөн юм.
Улмаар тэрбээр 19 дэх минутад Кокегийн дамжуулалтаар хоёр дахь гоолоо Петр Чехийн хаалгыг мялааснаар “Цэнхрүүд”-ийг хүнд цохилтод орууллаа.
Радамель Фалкаогийн гоол үүгээр дууссангүй тэрбээр энэ өдөр хет-трик хийх учиртай байж, эхний хагасын сүүлийн хоромд Туркийн шигшээ багийн хагас хамгаалагч Арда Тураны дамжуулалтаар гурав дахь гоолоо оруулж, тоог 3:0 болгов.
Мадрид хотын багийн гоол үүгээр дууссангүй, хоёрдугаар хагасын 60 дахь минутад бразил хамгаалагч Миранда Петр Чехийн хаалганд багийнхаа дөрөв дэх бөмбөгийг шигтгэснээр өнгөрсөн улирлын “Аваргуудын лиг”-ийн аварга “Челси”-г нуман тулгуурт орууллаа. Харин “Челси”-гийн төвийн хамгаалагч Гэри Кэйхилл 75 дахь минутад нэр төрийн гоолыг оруулснаар тоглолт 4:1-ээр өндөрлөв.
Ийнхүү “Атлетико Мадрид” тун гайхалтай тоглолтыг үзүүлж, шинэ улиралд бэлтгэл сайн байгаагаа харуулж, Супер цомыг хоёр дахиа хүртлээ. Сонирхуулахад тэд хоёр жилийн өмнө Италийн “Интер Милан”-ыг хожиж, тус тэмцээнд анх удаа түрүүлж байв.
Сүүлийн хэдэн жил ийм том ялагдал хүлээгээгүй Английн топ клуб “Челси”-д энэ хожигдол маш том сургамж, сануулгыг өглөө.
Испани, Англи, Нидерланд, Германы аваргууд “үхлийн” хэсэгт багтлаа
Европын хөлбөмбөгийн холбооны клубүүдийн хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 2012-2013 оны улиралд өрсөлдөх шилдэг 32 багийн сугалаа Монакод боллоо.
58 дахь удаагийн “Аваргуудын лиг”-т 17 улсын шилдэг 32 баг сугалаанд оролцсон бөгөөд Английн “Челси”, “Манчестер Юнайтед”, “Арсенал”, Испанийн “Барселона”, “Реал Мадрид”, Германы “Бавари Мюнхен”, Италийн “Милан”, Португалийн “Порту” клубүүд хэсгийг толгойлсон юм.
“Аваргуудын лиг”-т Испанийн “Малага”, Францын “Монпелье”, Данийн “Нордшелланд” баг анх удаа тоосоо өргөхөөр болсон. Сугалааны дараа “D” хэсэгт Испанийн “Ла лиг”-ийн аварга “Реал”, Английн “Премьер лиг”-ийн аварга “Манчестер Сити”, Нидерландын “Эредивизи”-ийн аварга Аякс, Германы “Бундеслиг”-ийн аварга “Боруссиа Дортмунд” гэсэн хэн хэнийгээ гол гаргаж мэдэх дөрвөн шилдэг баг багтлаа.
Тиймээс энэ хэсгийг хөлбөмбөгийн мэргэжилтнүүд “үхлийн” гэж нэрлээд байгаа. Мөн “Е” хэсэгт өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга Английн “Челси”, Украины “Шахтер”, Италийн “Ювентус”, Данийн “Нордшелланд”, “F” хэсэгт, Испанийн “Барселона”, ОХУ-ын “Спартак”, Шотландын Селтик, Португалийн Бенфика гэсэн шилдэг багууд хуваарилагджээ. Харин хамгийн сулхан хэсгээр “А” хэсгийг нэрлэж байна. Ингээд “Аваргуудын лиг”-ийн шилдэг 32 баг ямар хэсэгт хуваагдсаныг хүргэе.
“A” хэсэг
“Динамо” (Киев, Украин), “Порту” (Португаль), ПСЖ (Франц), “Динамо” (Загреб, Хорват)
“B” хэсэг
“Арсенал” (Англи), “Шальке-04” (Герман), “Олимпиакос” (Грек), “Монпелье” (Франц)
“C” хэсэг
“Зенит” (ОХУ), “Милан” (Итали), “Андерлехт” (Бельги), “Малага” (Испани)
“D” хэсэг
“Реал” (Испани), “Манчестер Сити” (Англи), “Аякс” (Нидерланд), “Боруссиа” (Дортмунд, Герман)
“E” хэсэг
“Челси” (Англи), “Шахтер” (Украин), “Ювентус” (Итали), “Нордшелланд” (Дани)
“F” хэсэг
“Бавари” (Герман), “Валенси” (Испани), “Лилль” (Франц), БАТЭ (Беларусь)
“G” хэсэг
“Спартак” (ОХУ), “Барселона” (Испани), “Бенфика” (Португал), “Селтик” (Шотланд)
“H” хэсэг
“Манчестер Юнайтед” (Англи), “Брага” (Португаль), “Галатасарай” (Турк), ЧФР (Румын)
“Аваргуудын лиг”-ийн хэсгийн тоглолт есдүгээр сарын 18-19, 10 дугаар сарын 2-3, 23-24, 11 дүгээр сарын 6-7, 20-21, 12 дугаар сарын 4-5-нд болно. Харин шигшээ тоглолт 2013 оны тавдугаар сарын 25-нд Английн нийслэл Лондон хотын алдарт “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
Иньеста Европын шилдэг хөлбөмбөгчин болов
Сугалааны үеэр Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA)-ноос Европын шилдэг хөлбөмбөгчний шагналыг гардуулсан юм. Хоёр дахь жилдээ шалгаруулсан тус нэр хүндтэй шагналд Испанийн “Барселона” клубийн довтлогч Лионель Месси, хагас хамгаалагч Андреас Иньеста, “Реал Мадрид”-ын довтлогч Криштиано Роналду нар эцсийн шатанд өрсөлдөв.
Шилдгүүдийг Европын спортын 53 сэтгүүлчийн санал асуулгаар тодруулсан бөгөөд Испанийн “Барселона” клубийн хагас хамгаалагч Андреас Иньеста 19 оноогоор Европын хөлбөмбөгийн холбооны оны шилдэг хөлбөмбөгчөөр шалгарлаа. Өдгөө 28 настай Иньеста өнгөрсөн улиралд маш сайн тоглосон ч “Ла лиг”-ийн цомыг мөнхийн өрсөлдөгч “Реал Мадрид”-д алдаж, “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд “Челси”-д хожигдсон.
Улмаар “Ялагдашгүй Армада”-гийн бүрэлдэхүүнд багтаж, өнгөрсөн зургаадугаар сард Украин, Польш улсад болсон ЕАШТ-д түрүүлж, өөрөө тус тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан юм. Энэ нь түүнд Европын шилдэг хөлбөмбөгчин болоход нөлөөлжээ. Түүний ард багийн анд Лионель Месси, “Реал”-ын довтлогч Криштиано Роналду тус бүр 17 оноогоор удаалав.
Харин 4-10 байрт Италийн Андреа Пирло, Испанийн Хави Эрнандес, Испанийн Икер Касильяс, Зааны ясан эрэг улсын Дидье Дрогба, Чехийн Петр Чех, Колумбийн Радамель Фалкао, Германы Месүт Өзиль нар оржээ.