logo
УИХ-ын дарга З.Энхболд ШУТИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

УИХ-ын дарга З.Энхболд ШУТИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

2012/09/04
Улсын Их Хурлын дарга З.Энхболд еспүгээр сарын гуравны өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)-ийн 2012-2013 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
Морин хуурын аялгуугаар нээлтээ эхэлсэн тус их сургуулийн хичээлийн нээлтэд УИХ-ын гишүүн, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ч.Улаан, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ундармаа, албаны бусад хүн оролцов.
УИХ-ын дарга З.Энхболд энэ сургуульд хоёр ч сэржмээр холбогддог учир нээлтэд нь онцолж ирсэн гэдгээ үгийнхээ эхэнд дурдсан. Тэрбээр “1984-1988 онд би Уралын Политехникийн их сургуульд сурч байхдаа тэр үеийн монголын Политехникийн их сургуулийн оюутнуудад хэрэгтэй сурах бичиг, гарын авлагыг цугалуулж байсан түүхтэй. Түүнчлэн хоёр улсын оюутнуудын хороонд хамтын ажиллагааг бий болгож байснаар би энэ сургуультай холбогддог. Миний хүү энэ сургуульд инженерийн мэргэжлээр суралцаж улмаар АНУ-д үргэлжлүүлэн сурч байна. Ийм хоёр сэжмээр би ШУТИС-тай холбогддог учраас өнөөдрийн нээлтэд хүрэлцэн ирлээ. УИХ их, дээд сургуулиудад зориулсан реформыг хийж байгаа. Өнгөрсөн жил 50 мянга дахь төгсөлтөө төгсгөсөн энэ сургуулийг хамгийн түрүүнд хотхон хэлбэрээр хөгжүүлэхээр болсон. Монгол Улсын Засгийн газраас батлагдсан “Их сургуулиудыг хотхон хэлбэрээр хөгжүүлэх чиглэл”-ийн дагуу хийгдэх энэ ажлын хүрээнд их сургуулиудын хотхон байгуулах ажлыг түргэвчлэх, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, багш, эмч, инженер бэлтгэх, амжилттай суралцаж байгаа оюутныг дэмжихэд анхаарал тавин ажиллаж байна” гэв.
Нийт төгсөгчдийн 80 хувь нь ажлын байраар хангагдаж байгаа ШУТИС-ийн хувьд энэ хичээлийн жилд 134 мэргэжлээр 36 мянга гаруй оюутанг сургаж байгаа аж. Энэ жил оюутнуудад тэтгэмж олгох хууль батлагдан хэрэгжиж эхэлсэн хэмээн онцолсон ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Дамдинсүрэн “Монголын инженерүүдийг бэлтгэж ирсэн энэ сургуулийн инженерийн ангид суралцагчдад хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Манай сургууль гадаад харилцаагаа уламж өргөжүүлж Америк, Хятад, Орос, Герман гээд олон улсын их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж оюутан шилжин суралцах боломжийг хүртэл бүрдүүлж өгсөн. Сургуулийн хувьд энэ жил 1,2 тэрбум төгрөгөөр 200-гаад анги танхимыг засварласан. Сургалтыг сайжруулах үүднээс багш, оюутнуудад зориулсан тусгай хөтөлбөрүүдийг мөн хэрэгжүүлж байна” гэлээ.
1963 онд суурь нь тавигдаж 1967 онд Юнескогийн дэмжлэгээр Политекникийн их сургууль үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр ШУТИС нэртэй болж 1600 гаруй багш, эрдэмтэн, доктортой , улсынхаа шилдэг их сургуулийн нэг нь болсон байна. Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр УИХ-ын дарга З.Энхболд шилдэг оюутнуудад олгодог захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлгийг оюутнуудад гардууллаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш