logo
Улсын төсвийн нийт алдагдал 429 тэрбум төгрөг болжээ

Улсын төсвийн нийт алдагдал 429 тэрбум төгрөг болжээ

2012/09/05
УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 17-нд завсарлана. Энэ хугацаанд хэлэлцэн шийдвэрлэх нэг гол зүйл нь Төсвийн тодтотголын асуудал. Нэгдсэн төсвийн нийт орлого таван их наяд 508 тэрбум төгрөг болсон.
 Харин нийт зарлага зургаан их наяд 307 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт алдагдал 798.5 тэрбум төгрөг болсон байна. Энэ нь ДНБ-ний 4.9 хувьтай тэнцэж байгаа аж.
Ийнхүү улсын төсвийн нийт алдагдал 429 тэрбум төгрөг болсон талаар өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулган дээр танил­цуул­лаа.    
Улсын төсвийн алдагд­лыг төсвийн харил­цах дансны оны үлдэгдэл болох 147 тэрбум төгрөг, зарлагын хэмнэлт болох 70 тэрбум төгрөг, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламж 26 тэрбум төгрөг, мөн Засгийн газрын богино хугацааны бонд болох 270 тэрбум төгрөгөөр санхүү­жүүлэхээр төлөв­лөсөн байна.
Улсын төсвийн алдаг­далд нөлөөлсөн гол хүчин зүйлүүд нь Таван толгойн ордын Баруун цанхийг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг хийх ажил хойшлогдсон. Өмнөх Засгийн газрын эхний зургаан сарын  худалдан авах ажиллагаа удаашралтай байгаа, мөн дэлхийн зах зээл дээр эрдэс, түүхий эдийн үнэ буурч, улмаар эрэлт буурсан нь манай улсын төсвийн орлого дутагдахад ихээ­хэн нөлөөлсөн бай­на. Тухайлбал, энэ онд 31.5 сая тонн нүүрс экспортлохоор төлөв­лөсөн хэдий ч эхний долоон сарын байдлаар 11 сая тонныг гаргажээ.
2012 оны Төсвийн тухай хуулийг батлахдаа 10.9 тэрбум ам.долларын үнэ бүхий импорт хийхээр төлөв­лөсөн. Гэвч эхний долоон сарын байдлаар ердөө дөрвөн тэрбум ам.дол­ларын гүйцэт­гэлтэй гарсан хөрөнгө оруу­­лалт багассантай хол­боотой учраас улсын төсвийн алдагдалд тодор­хой хэмжээнд нөлөөлсөн байна.
Энэ онд төрийн өмчийн дөрвөн компанийг хувь­чилж, эндээс 97.2 тэрбум төгрөгийг төсөвт оруулна гэж төлөвлөсөн ч өнөөдөр энэхүү ажил зохион байгуу­лагдаагүй байгаа нь бас нэг шалтгаан бол­жээ.
Засгийн газраас Төсвийн тодтотголыг боловс­­руулахдаа төсвийн орлогынхоо боломжтой эх үүсвэрийг дайчлах, Тат­варын тухай хуулийн зарим зүйлд өөрчлөлт оруу­лах замаар төсвийн орлогоо нэмэгдүүлэх, хэм­нэж болох зардлуудыг бууруулж, хэрэг­жиж эх­лээ­гүй байгаа нэг удаа­­гийн арга хэмжээг хойш­луу­лах, гадаад томилолт, арга хэм­жээний зардлыг буу­руу­­лахаа Зас­гийн газрын тэргүүн мэдэгд­лээ.
Мөн энэ онд хийхээр төлөвлөгдсөн ажлуудаас гэрээ нь байгуулагдаагүй, тендер нь зарлагдаагүй байгаа ажлуудын зард­лыг ирэх оны төсөвт тус­гахаар шилжүүлэх аж.
Төсвийн тухай хуульд тусгагдсан томоохон авто замын ажлуудыг төсвөөс биш, “Хөгжлийн банк”-наас санхүүжүүлэх, газрын асуудал, тендер шал­гаруулалтаас болж ажил нь зогссон, гүйцэт­гэлээрээ он дуустал төсөв­лөгдсөн хөрөнгөө зар­цуулах боломжгүй болсон төсөл, арга хэм­жээг ирэх оны төсөвт шил­жүүлэх, ахмад настан болон хөгжлийн бэрх­шээлтэй иргэдэд олгох ёстой “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг энэ онд багтаан өгөх, өмнөх Засгийн газрын хэрэгжээгүй шийд­вэр болох 0-18 насны хүүх­дүүдэд өгөх мөнгийг  төсвийн тодотголд оруу­лах талаар мэдэгдэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш