Нийслэлийн удирдлагууд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор олон арга хэмжээг авч байгаа билээ. Үүний нэг нь нийтийн тээврийн хэрэгслийг нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэйгээр хөдөлгөөнд оролцуулж, түүгээр төрийн албан хаагчдыг зорчуулах болсон юм.
Ингэснээр нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоо өсч, өглөө оройдоо автобусанд багтахгүй ажил, сургуулиасаа хоцорч байна гэсэн гомдол нэлээд гараад байгаа юм. Ялангуяа хүн ам их суурьшсан гэр хорооллын чиглэлийн автобусууд ачааллаа дийлэхгүй, эцсээсээ хоёр, гуравхан буудал яваад л зорчигчид нь дүүрч байгаа аж.
Нийтийн тээврээр үйлчлүүлэхэд ямар асуудал тулгарч байгаа талаар иргэдийн бодол санааг сонссон юм.
Сүхбаатар дүүргийн иргэн Н.Жаргалхүү: ЗАРИМ ХҮН АВТОБУСАНД БАГТАХГҮЙ ЗҮҮГДЭЖ БАЙГААД УНАДАГ
-Тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь ангилж хөдөлгөөнд оролцуулж байгаа нь замын ачааллыг бууруулах оновчтой арга гэж бодож байна. Ялангуяа нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулдаг болсон нь надад маш их таалагдаж байгаа. Эгч нь байнга таксидаад байж чаддагүй болохоор автобусанд суудаг. Энэ арга хэмжээ хэрэгжихээс өмнө яарч байгаа үедээ такси барьчихдаг байсан. Харин одоо эсрэгээрээ болсон. Ямар нэгэн ажилд яараагүй хүн такси барьж, яарсан хүн автобусанд суухаар болсон байна билээ.
Автобус түгжрэхгүй явдаг болсон нь сайхан ч өдрийн од шиг явах боллоо. Эцсийн буудлаасаа автобус дүүрэн хүнтэй ирнэ. Миний суудаг буудлаас автобусанд суух гэж бөөн юм болдог. Оюутнууд гүйлдээд л орчихдог. Мань мэт нь багтахгүй үлдээд ажлаасаа хоцрох явдал олон тохиолддог. Зарим хүн багтахгүй зүүгдэж байгаад унадаг. Яаж ийж байгаад автобусанд суухад хөл тавих зайгүй үнэхээр хэцүү. Автобусныхаа тоог нэмээд хоорондох хугацааг нь жаахан ойртуулчихвал сайхан л байна.
Баянзүрх дүүргийн иргэн Н.Дэлгэрмаа: ЧИХЭЛДДЭГ Ч ГЭСЭН ТҮГЖРЭХГҮЙ, ХҮРЭХ ГАЗРАА ХҮРДЭГ БОЛСОН
-Өмнө нь автобусанд суухаар чихэлдэхийн хажуугаар янз бүрийн үнэр үнэртээд үнэхээр хэцүү байдаг байсан бол арга хэмжээ авч хэрэгжүүлснээс хойш чихэлддэг ч гэсэн түгжрэхгүй хүрэх газраа хурдан хүрдэг болсон. Энэхүү арга хэмжээгээ улам боловсронгуй болговол түгжрэл гэдэг зүйл байхгүй болох байх. Ерөнхийдөө ажиглаад байхад хойд зүг рүү явдаг автобус бага юм шиг санагдаад байгаа юм. Ill, IV хороолол-Шархад, Зүүнсалаа-Халдварт гэх чиглэлийн автобуснууд арай их явдаг. Эн тэнцүү хуваарилбал зүгээр гэж бодож байна.
Эдгээр иргэний хэлж байгаачлан нийслэлийн хэмжээнд хэчнээн автобус явдаг, ачаалалтай байгаа энэ үед автобус нэмэх эсэх талаар Нийтийн тээврийн газрын Тээврийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Булгаагаас тодрууллаа.
-Нийслэлд хэчнээн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар их багтаамжийн 862 автобус, 1000 орчим микро автобус Улаанбаатар хотын иргэдэд өдөр тутам үйлчилж байгаа. Ерөнхийдөө энэ сарын 3-наас ачаалал 15-20 хувиар эрс нэмэгдсэн. Учир нь замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулахаар улсын дугаараар нь ангилж хөдөлгөөнд оролцуулах, төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулах зэрэг арга хэмжээг авснаас тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Ачаалалтай байсан ч нийтийн тээврийнхэн хэвийн үйлчилсээр байгаа. Яах аргагүй зарим нэг чиглэлд, өглөөний 07:00-08:00 цагийн хооронд их ачаалалтай байгаа зүйл ажиглагдсан ч бид яаралтай арга хэмжээ авч өчигдрөөс (уржигдраас) эхлээд дөрвөн чиглэлд, өглөө оройдоо хоёр, хоёр автобус нэмсэн.
Тодруулбал, бидний хэлж заншсанаар Яармагийн чиглэлд үндсэн 13 автобус явдаг байсан бол нэмж хоёр автобус гаргасан. Мөн Үйлдвэр-Долоон буудлын чиглэлд хоёр автобус, Дарь-Эхийн чиглэлд, Их наран-МУИС-ийн чиглэлд гэх мэтчилэн нэмсэн.
-Бусад чиглэлд автобусны тоог нэмэх үү?
-Оюутнуудын хичээл эхлэхтэй холбогдуулан наймдугаар сарын 20-ноос автобусныхаа тоог 15-20 хувиар чиглэл бүрт нэмж, 600 орчим байсан автобусыг 862 болгосон байгаа. Дотоод зохион байгуулалтын ажлаас болж 06:30 цагаас иргэдэд үйлчлэх ёстой автобусууд цагтаа үйлчлээгүйгээс авах ачааллаа авахгүй дараа дараагийнхаа автобусанд ачаалал үүсгэх явдал зарим нэг чиглэлд гарч байгаа.
-Автобусанд суух гэж 20-30 минут хүлээдэг гэж иргэд бухимдаж байсан. Ер нь том оврын автобуснууд хэдэн минутын зайтай явах ёстой вэ?
-Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн автобусууд 62 чиглэлд иргэддээ үйлчилж байгаа. Эдгээр чиглэл нь замын урт, ачааллаас шалтгаалаад 5-10 минутын зайтай явж байгаа. Автобус нэмсэн чиглэлүүдэд явж буй автобуснууд 3-5 минут руу орсон.
-Нийслэлд таксины зогсоол тоотой хэдхэн байдаг гэж сонссон. Ер нь нийслэлийн хэмжээнд хэчнээн таксины зогсоол байдаг вэ?
-Өнгөрсөн онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар найман байршилд таксины зогсоол байгуулсан. Дурьдвал, Барилгачдын талбай, X хороолол, III, IV хороолол, Цайз 16, 21 дүгээр хороолол, Бөмбөгөр худалдааны төв гэх мэт газруудад байгаа.
-Нэмж байгуулахаар төлөвлөж байгаа гэсэн. Хаана байгуулах гэж байна вэ?
-Энэ 20-иод байршилд таксины зогсоол байгуулахаар зохих судалгааг нь хийгээд явж байна. Шийдэх асуудлууд ч байна. Үүнд зам дагуу зураг төсөл хийх, хөрөнгө мөнгө, нийтийн өмч үү, нийтийн эзэмшлийн газар уу гэдэг дээр зохицуулалт хийх хэрэгтэй байгаа юм. Өнөөдрийн байдлаар таксины зогсоол байгуулах боломжтой гэсэн 29 байршлын жагсаалт гаргачихсан. Зарим нь үнэхээр боломжгүй байгаа учраас 20 орчим байршил дээр тогтчихоод байна. Ерөнхийдөө Зүүн дөрвөн замын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртлэх зам дагуу иргэд такси барих эрэлт ихэссэн. Яагаад энэ зам дагуу таксины зогсоол барихгүй байгаа вэ гэвэл автобусныхаа хурдыг хадгалахын тулд юм. Гэхдээ Энхтайвны өргөн чөлөөний дагуу төвлөрсөн зогсоолуудыг байгуулна.
Тэрбээр ийн ярьсан юм. Ямартай ч ачаалалтай байгаа чиглэлд автобус нэмсэн бөгөөд судалж үзээд хэрэгцээтэй гэвэл өөр өөр чиглэлд автобус нэмэх тухайгаа ч хэлж байсан юм. Иргэдийг ганц бухимдуулдаг зүйл нь яах аргагүй энэ шүү дээ. Нийтийн тээврийн хэрэгсэл төв зам дагуу нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэйгээр зорчиж эхэлснээс хойш таксины орлого багасчээ. Учир нь тэднийг нэгдүгээр эгнээнд зогсож хүн суулгахыг хориглосон тухай таксины жолооч хэлж байсан юм.
Зүүн дөрвөн замын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртлэх зам дагуу иргэд такси барих хүсэлтэй байдаг ч такси олдохгүй байгаа аж. Арга ч үгүй биз хориглочихсон байхад ямар нь дүрэм зөрчих билээ. Нийслэлд таксины зогсоол тоотой хэдхэн байдаг бөгөөд нэмж зогсоол байгуулахаар нийтийн тээврийн газрынхан ажиллаж байна.
Ж.Баттуул