logo
Төрийн албанд хар шуурга дэгджээ

Төрийн албанд хар шуурга дэгджээ

2012/09/05

Төрийн албан хаагчдын дунд хар шуурга дэгдээд, хаачихаа мэдэхгүй баахан хүн өглөө цуглаад, орой тардаг болж байх шиг байна. Уг нь Төрийн албыг гүйцэтгэж, улсын ажлыг эмхэлдэг нь УИХ болон эрх баригч намын гишүүд бус төрийн албан хаагчид.

Гэтэл тэд сонгуультай жил эгээ л заазлуулах гэж буй мэт ажлаа хийх эсэхдээ эргэлздэг болжээ. Улстөрчдийн дохио, зангаагаар ажил үүргийн хуваарь нь хийгддэг болчихоор арга ч үгүй юм. Засгийн газраа бүрэн бүрдүүлээгүй байхад л энд, тэндгүй халаа, сэлгээний асуудал яригдаж байна.

Үнэндээ яамдын сайд нар нь л томилогдсон болохоос дэд сайд, төрийн нарийн бичиг, агентлагуудын дарга нарын суудал олон хүний шүлсийг асгаруулж, шуналыг нь гозогнуулсан хэвээр байгаа. “Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй” гэдэгчлэн дарга нь томилогдоогүй байхад халаа, сэлгээний салхи чихнээс чихэнд сэвэлзсээр чамгүй хугацаа өнгөрлөө.

Эхлээд тухайн байгууллагын дарга, дараа нь газар, хэлтсийн дарга, хамгийн сүүлд ажилтан, ажиллагсдын томилгоо явагддаг. Үүнээс нь болоод төрийн зарим нэг байгууллагын ажилтан хоёргүй сэтгэлээр төрд зүтгэхээ тангарагласнаа ч мартсан болол-той. Ажилгүй болох гэж байхад юун тангараг манатай яваа. Болбол ажилтайгаа үлдэнэ, болохгүй бол эртхэн шиг дараагийн местээ бэлдэхээр зүтгэнэ. Ингэхээр шинэ засгийн шийдвэрүүдийг олон түмэнд хүртээмжтэйгээр хүргэх албан хаагч олдох уу.

Барилга барихад суурийг нь сайн цутгаагүй бол нурах нь амархан. Түүн шиг Засгийн газрын шийдвэрүүд анхнаасаа ажил хэрэг болж явахгүй бол замхарсаар байх биш үү.

Тэгэхээр төрийн томчууд солигдох бүрт халаа, сэлгээний хар шуурга дэгдээдгээ болих хэрэгтэй баймаарсан. Тэд зүгээр л албан хаагчид. Харин улстөрчид л төрийн албан хаагчдын заримыг нь  улстөрийн зорилгодоо, улбаалан амбиц хийгээд амин хувьдаа ашигладаг. Эцэст нь намын гар, хөл бологсод хэмээн элдэв нэр хоч өгдөг.

Нэртэйгээр нь унасан намаа дагаад явж бай гэсэн шийдвэр гаргах л дутаж байх шиг. Хэзээ мөдгүй халагдах нь гэдэгтэйгээ эвлэрсэн төрийн албан хаагчдийн өмнөөс ашгүй хэсэг нөхөр үгээ хэлж эхэлсэн байна. Тэрхүү “Зүүний хүчний холбоо”-ныхон юуны төлөө, ямар ажил хийх гээд байгаа төлөвлөгөөг нь сайн мэдэхгүй юм. Гэсэн ч төрийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах зорил­готойгоор хөдөлгөөн өр­нүүлэх юм гэнэ.

МАН-ын угшилтай хүмүүсээр төрийн албан байгууллагууд дүүрсэн гэж ярих юм билээ. Тэгвэл одоо МАН цөөнх болсон учраас сайдаа дагасан АН, “Шударга ёс” эвслийнхнээр овоглуулсан баахан хүмүүсээр дүүргэх юм биз дээ.

 Хэдийгээр төрийн албанд намын харьяалалгүй хүн ажиллах ёстой ч сэтгэл зүрх нь гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж өгсөн энхрий хайрт намаа мартах хүн энэ цөөхөн монголчууд дунд байгаа билүү гэдгийг бас харгалзах л хэрэгтэй. Эсвэл төрийн бүхий л албан хаагчийг дөрвөн жилийн хугацаагаар томилдог болсон нь дээр.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш