logo
Чуулганы хуралдаанаас завсарлага авах хугацааг хуульчлах төслийг дэмжлээ

Чуулганы хуралдаанаас завсарлага авах хугацааг хуульчлах төслийг дэмжлээ

2012/09/06
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдаж УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Дээрх төсөл өнгөрсөн тавдугаар сард буюу УИХ-ын сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Сайханбилэг, Н.Батбаяр нарын санаачлагаар өргөн баригдаж, улмаар эхний хэлэлцүүлгийг хийчихээд байсан юм.
Хуулийн төсөлд УИХ-ын нэгдсэн чуулганаас завсарлага авдаг процессийг хугацаатай болгох тухай заалт оруулжээ. Өөрөөр хэлбэл, завсарлага ажлын 5 хоногт үргэлжилнэ гэсэн өөрчлөлт оруулах санаачлагыг төсөл санаачлагчид боловсруулсан байв. Одоо мөрдөгдөж байгаа хуульд завсарлага авахдаа хичнээн хугацаанд үргэлжлэхийг тодорхой заагаагүй байдаг. Тиймээс төрийн ажлыг гацаахгүй, хэлэлцэх асуудлыг сунжруулахгүйгээр шийддэг байхын тулд холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авахдаа хугацаатай байя гэж төсөл санаачлагчид үзжээ.
Шинэ бүрэлдэхүүнтэй байнгын хороогоор дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг эхлэх үед УИХ-ын гишүүн Н.Энхболд “Хуулийн төслийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нэрээ татсан” гэж мэдэгдлээ. Харин байнгын хорооны дарга А.Бакей “Ө.Энхтүвшин гишүүн байнгын хороонд албан ёсоор мэдэгдээгүй” гэсэн юм. Ингээд төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Оюунхорол, Ж.Энхбаяр, Д.Дэмбэрэл нарын гишүүн Ардчилсан нам энэ парламентад олонхи болчихоод завсарлага авдаг процеесийг хугацаатай болгох гээд байна. Энэ нь цөөнхөө үл хүндэтгэсэн хэрэг гэсэн санал хэлж байв. Тухайлбал, Д.Дэмбэрэл гишүүн “Завсарлага авснаар төрийн ажлыг унагаадаг гэж ойлгож болохгүй. Харин ч завсарлага авах нь зөвшилцөх, зөв шийдвэр гаргахад нөлөөлдөг. АН-ынхан олонхи болчихоод завсарлагыг хязгаарлах гэлээ” гэв. Харин Н.Батбаяр гишүүн “ Хуулийн төсөл юун түрүүнд УИХ-ын сонгуулиас өмнө өргөн баригдаж, холбогдох байнгын хороогоор хэлэлцэгдэж эхэлсэн байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Тухайн үед АН цөөнх байсан. Түүнчлэн хоёр намын бүлгийн дарга нар уулзаж сонгуулийн үр дүнд аль нам нь олонхи, цөөнх болохыг эс харгалзан чуулганы хуралдаанаас завсарлага авах явцыг хугацаатай болгоё гэдэгт санал нэгдэж байсан. Завсарлага хугацаагүй үргэлжилдэг байснаар олон асуудал шийдэгдэхгүй хэдэн жилийн нүүр үзэж, төрийн ажилд гацаа үүсдэг байсан туршлага бий” гэж байв. Ийнхүү гишүүд маргалдсаны эцэст хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг өндөрлөж хууль санаачлагчдын хувилбараар УИХ-ын ээлжил бус чуулганы хуралдаанд оруулахаар болов. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш