УИХ-ын дарга З.Энхболд Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Ив Дэлунэг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Франц улс нь Монгол Улсын нийгмийн шилжилт, ардчиллын хөгжилд эдийн засгийн болон хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлж байгаад талархдагаа илэрхийллээ. Элчин сайд Ив Дэлунэ төрийн өндөр албанд сонгогдсонд нь УИХ-ын даргад баяр хүргэж ажлын амжилт хүсээд Монгол, Франц улсууд эртний түүхэн харилцаатай бөгөөд барууны орнуудаас Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч Элчин сайдын яамаа нээсэн анхны улсын нэг гэдгийг онцолж, энэхүү харилцааг цаашид бүх түвшинд гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Франц улс нь хүний эрхийг дээдэлдэг ардчилсан улсын хувьд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг хориглох тухай Нэмэлт II протоколд Монгол Улс нэгдэн орсныг сайшааж байна гэдгээ тэрбээр хэлэв. Мөн Азийн бүс нутгийн тогтвортой байдал нь дэлхий нийт, Европын хувьд ч чухал. Энэ тогтвортой байдлыг хангахад Монгол Улс газар зүйн онцгой байрлалтай гэдгийг дурьдлаа.
Уулзалтын үеэр Элчин сайд УИХ-д Монгол, Францын парламентын бүлэг байгуулагдаж байгаа эсэх талаар тодруулж харилцан хамтран ажиллах, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд НҮБ, Европын Холбооны нөлөө бүхий гишүүний хувьд Франц улс олон улсын түвшинд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх, Европын Холбооны Төлөөлөгчийн газрыг манай улсад байгуулахад нааштайгаар хандана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Энэ сарын сүүлчээр Францын бизнесийн төлөөлөгчид Монголд ирж эдийн засгийн зарим салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх боломжийн талаар судалж уулзалт зохион байгуулах юм байна. Мөн Франц улсад болох олон улсын ХАА-н үзэсгэлэнд Монголын төлөөлөгчдийг оролцуулахад Элчин сайдын яамнаас дэмжлэг үзүүлж байгаа талаархи мэдээллийг дуулгалаа. Франц нь ХАА-н арвин туршлагатай орон учраас цаашид энэ салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, өндөр ашиг шимтэй малын үүлдрүүдийг Монголд оруулж ирэх, цэвэр байгалийн гаралтай органик бүтээгдэхүүнүүдийг дэлхийн зах зээлд гаргах боломж байгаа талаар мөн ярилцлаа.
Элчин сайд ноён Ив Дэлунэ 1970-аад оноос монгол хэлийг сурсан, манай хэл, соёл, ёс заншлыг сайн мэддэг хүн юм