logo

"Чингис хаан" одонг Их эзэн хааны төрсөн өдрөөр хүртээдэг болно

2012/09/06
Монгол Улсын Ерөнхийлөгч 2002 оны 5 дугаар сарын 17-ны өдөр батлан гаргасан “Чингис хаан” одон бий болгох тухай УИХ-ын 21 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулсныг өчигдөр /2012.09.05/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
“Чингис хаан” одон нь Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн одон юм. Анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталж байжээ.
Энэхүү одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдөр хүртээж байхаар тогтоосон байна. Үүнээс хойш тус одонгоор нийт 6 хүн шагнагджээ.
Харин тогтоолын төсөлд “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр буюу жил бүрийн 11 дүгээр сарын 14-ний өдөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгажээ. Мөн “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журмыг Ерөнхийлөгчийн зарлигаар баталж байхаар тусгасан байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш