logo
Рио Де Жанейро хотод олон улсын урлагийн үзэсгэлэн нээгдлээ

Рио Де Жанейро хотод олон улсын урлагийн үзэсгэлэн нээгдлээ

2012/09/06
Рио Де Жанейро хотод олон улсын урлагийн үзэсгэлэн эхэллээ. Энэ үзэсгэлэнд оролцож байгаа уран бүтээлчдийн бүтээлийг аль нэг галлерайд биш гадаа байрлуулж байгаагаараа онцлог юм байна.
Өнгөрөгч ням гаригт Бразилын Рио Де Жанейро хотын далайн эрэгтэй ойролцоо орших Бутафого дүүрэгт аварга том цагаан өнгөтэй хөшөөг усанд байрлуулжээ. Рио хотод энэ долоо хоногт эхэлж 2016 оны Олимпийн наадмыг хүртэл үргэлжлэх олон улсын урлагийн үзэсгэлэнд зориулсан энэхүү баримал нь Испанийн уран барималч Жауме Плензагийн бүтээл юм. Тэрээр барималдаа 14 настай охины толгойг дүрсэлжээ.
Пленза хэлэхдээ "Mиний бодлоор Бутафого бол энэ хотын усны төв болсон газар. Ус нам жим байдлыг илэрхийлдэг. Би энэ бүтээлээр дамжуулан хүмүүст энх тунх, амар тайван байдлыг мэдрүүлэхийг хүсч байна. Барималыг маш тохиромжтой газарт байрлуулсан гэж бодож байна." гэжээ.
Плензагаас гадна олон улсын бусад уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ Рио хотын өөр хэсгүүдэд танилцуулах юм байна. Гэхдээ тэдний бүтээлүүдийг ирэх дөрвөн жилийн хугацаанд ээлж дараатайгаар олон нийтэд танилцуулна.
Эхний ээлжинд Английн уран барималч, гэрэл зурагчин Энди Голдсворти, Японы уран бүтээлч Риожи Икеда, Америкийн барималч Роберт Моррис, Бразилын уран бүтээлч Хенрике Оливейра нарын бүтээлүүдийг танилцуулах ажээ.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш