logo
Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох ажлыг эхэллээ

Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох ажлыг эхэллээ

2011/07/07
Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АПТА/-т нэгдэн орох хэлэлцээг эхлүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, хэлэлцээний үеэр баримтлах удирдамж, гарах зардлыг батлуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав.
    Гишүүн орнуудад санал болгох “Хөнгөлөлтийн үндэсний жагсаалт”-ын төслийг Засгийн газрын хуралдаанаар мөн хэлэлцэн дэмжсэн байна.
    Жагсаалтыг бэлтгэхдээ үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах, хууль тогтоомжоор хязгаарлалт тогтоодог салбарын бараа, бүтээгдэхүүнийг үл хамруулах, манай улстай ойролцоо хөгжилтэй гишүүн орнуудын одоогийн хөнгөлөлтийг жишиг болгох, импортоор авдаггүй барааг сонгох зэрэг зарчмыг үндэс болгож 299 барааг сонгожээ.
    Манай улсын худалдааны нийт бараа эргэлтийн 60 хувийг АПТА-гийн гишүүн орнууд эзэлдэг. АПТА-д нэгдсэнээр манай экспортын 338 нэр төрлийн бараа БНХАУ болон БНСУ-ын зах зээлд дунджаар 40 хувийн хөнгөлөлт эдлэх бөгөөд энэ нь ойролцоогоор 10 гаруй сая ам.долларын хөнгөлөлт гэсэн үг юм.
    Мөн манай тал 299 төрлийн бараанд дунджаар 20 хувийн импортын гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх боломжтой. Ингэснээр гаалийн татварын хэмжээ 1 сая орчим ам.доллараар буурна гэсэн судалгаа гарчээ.
    Ази, Номхон далайн хөгжиж байгаа орнууд хамтран 1975 онд Бангкокийн хэлэлцээр нэртэй байгуулсан АПТА-д Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланка зэрэг улс гишүүнээр элсээд байна. Гишүүн орнууд өнөөг хүртэл хугацаанд 3 удаа тарифын хэлэлцээ хийж, 4 мянга гаруй барааны татварыг харилцан бууруулах үүрэг авчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш