logo
2011-2012 онд 50 оюутныг гадаадад сургана

2011-2012 онд 50 оюутныг гадаадад сургана

2011/07/07
“Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцах оюутныг сонгон шалгаруулах журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
    Инженер-технологийн чиглэлээр дэлхийн шилдэг 50 сургуульд суралцах болзол хангасан оюутныг сонгон шалгаруулах, энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг жил бүр улсын төсөвт тусгаж байхыг холбогдох сайд нарт даалгав.
    Журамд зааснаар математик, физик, хими, биологи, мэдээлэл зүйн улсын олимпиадад эхний 3 байр эзэлсэн болон Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр эдгээр чиглэлийн олон улсын олимпиадад оролцсон байх шаардлагатай.
Мөн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд зохих журмын дагуу элсэн суралцах эрх авсан буюу 1,2 дугаар курст 3.5-аас доошгүй голч дүнтэй суралцаж байх ёстой юм байна. 
Салбарын яам шалгаруулалтын зарыг бүртгэл эхлэхээс 14 хоногийн өмнө яамны веб хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлахаар журамд тусгажээ.
Онцгой авъяастай хүүхэд, залуучуудыг инженер, технологийн мэргэжлээр бакалаврын түвшинд өндөр хөгжилтэй оронд сургахаар УИХ шийдвэрлэж, төсөвт 3 тэрбум төгрөг тусгасны дагуу дээрх журмыг боловсруулсан байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр сүүлийн 3 жилд математик, физик, хими, биологи, мэдээлэл зүйн улсын олимпиадад эхний 3 байр эзэлсэн 44 оюутныг хүлээн авч уулзсан. Дээрх оюутнууд дэлхийн шилдэг 50 инженер-технологийн их сургуульд суралцах эрх авсан тохиолдолд Сургалтын төрийн сангаас санхүүжих эрхтэй гэж тэрээр мэдэгдэн албан захидал гардуулсан бол Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд шилдэг 50 сургуулийн нэг болох Корнеллийн их сургуульд суралцах урилга авсан Э.Энхзаяад батламжийг нь гардуулж байсан юм.
Судалгаанаас үзэхэд шилдэг 50 сургуулийн сургалтын төлбөр, оюутны амьжиргааны зардал нэг хичээлийн жилд дунджаар 40-50 мянган ам.доллар байх бөгөөд 2011-2012 онд 50 оюутныг сургах боломжтой юм байна. 
Суралцагч нь сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлийн дагуу эх орондоо ирж, 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллахаар гэрээнд тусгажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш