1950-иад онд жирэмсний хордлогыг бууруулах, дарах зорилгоор гарган авч үйлдвэрлэж эхэлсэн Германы “Талидомид” эм бэлдмэлийг үйлдвэрлэгч компани бараг 60 гаруй жилийн дараа анх удаа хохирогчдоос уучлалт гуйлаа. Учир нь жирэмсэн эхчүүд уг эм бэлдмэлийг хэрэглэснээс болж урагт нөлөөлөн эрхтэн тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг олон хүүхэд төрсөн юм байна. Уг эмээс болж тахир дутуу болсон хохирогчид шударга ёсыг шаардан олон жил тэмцсэн ч Германы компани уучлалт гуйн үнэнээ хүлээгээгүй байсан юм. “Талидомид” эм нь жирэмсэн эхчүүдэд тохиолддог, дотор муухайрах, толгой эргэх, нойр хоолонд муудах зэргийг болиулах үйлчилгээтэй анх гарч байсан. Тухайн үедээ Европ, Австрали, Канад японд өргөнөөр худалдаалагджээ. Гэсэн ч хэдэн жилийн дараа уг эмнээс болж тахир дутуу хүүхэд төрж эхэлснээр асуудал босч иржээ. Уг эмийг 1961оноос хойш хэрэглэхээ больсон байна. Учир нь “Талидомид” төрөлхийн дефектээс гадна хүүхдийн нүд, чих, зүрх болон дотоод эрхтэнд муугаар нөлөөлдөг нь тогтоогдсон юм. Мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар 1950-60-аад онд “Талидомид” эмийг хэрэглэсэн эхчүүдийн үр зулбах, дутуу төрөх зэрэг тохиолдлууд илэрсэн. Зарим хүүхдүүд амьд төрсөн ч голдуу 4 мөч богинотой эсвэл, мөчгүй төрсөн байна. “Талидомид”эмийг үйлдвэрлэж байсан компани уучлалт гуйхын сацуу дахин ийм зүйл бүү давтагдаасай гэснийг бэлэгдэж, хуучнаар баруун Германы Столберг хотод“Өвчтэй хүүхэд” нэртэй 2 гаргүй хүүхдийн хөшөө босгожээ. Хохирогчдын эрх ашгийг хамгаалах байгууллага 3 мянга гаруй хохирогчдод зориулж хандив цуглуулсан. Гэсэн ч хохирогчдод хангалттай хүрэлцээгүй юм.
Shuum.mn