Баянхонгор аймгийн төвд оршин суугч, "газ үнэрлэдэг охин" гэдгээр нь аймгийнхан нь андахгүй н.Мөнхжаргал гэгч нас баржээ.
Аймгийн төв захын ойролцоох Айрагны гэрийн гаднаас охины цогцосыг олсон бөгөөд Цагдаагийн хэлтсийнхэн шалгалт хийж эхэлсэн байна.
Тэрбээр энэ жил 18 нас хүрсэн бөгөөд газ үнэрлэж мансуурдаг болоод 3 жил шахам болж байгаа аж. Баянхонгор аймгийн Цагдаагийн хэлтэс, харьяа хорооныхоо өрхийн эмнэлгийн хяналтад байдаг түүнийг 2011 онд аймгийн Хүүхдийн төлөө хэлтэс, Цагдаагийн газраас Улаанбаатар хотын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд 30 хоног эмчилгээ сувилгаа хийлгэж байжээ. Эмчилгээнд яваад ирсэн даруйгаас нэлээд хэсэг хугацаанд мансуурах байдлаа орхиж, хэвийн болсон байсан бөгөөд төдөлгүй газаа үнэрлэж эхэлсэн байна.
н.Мөнхжаргал охин сургууль завсардаад удаж байгаа бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй ээж, хойд эцэг бусад хүмүүсийн хамт гэр хороололд амьдардаг байжээ. Ар гэрийнхэн нь тоохоо больчихсон, асарч халамжлах дотны хүнгүй эмзэг бүлгийн амьдарлаар охин өнөөдрийг хүрчээ. Охин бага наснаасаа тааралдсан хүнээс 50, 100 төгрөг зэргээр мөнгө гуйж явдаг байсныг гэрчүүд хэлж байгаа юм.
Бас түүнийг байнга газ зууж явдаг байсан, шүднийхээ завсар газын хушууг хийж шахах маягаар донтдог байсан гэдгийг ярьж байна. Аймгийн Цагдаагийн хэлтсийн мэдэгдсэнээр М охиноос өөр газ болон бусад зүйл үнэрлэж мансуурч, донтдог хүүхэд бүртгэлд байхгүй гэж байна. Хяналтад байсан нэг хүүхэд ийнхүү цаг бусаар хорвоог орхижээ.
Эх сурвалж: "Монцамэ"