Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан /2012.09.06/ болж, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан шинээр баталсан Зээлийн батлан даалтын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаач гэж Сангийн сайдаас хүслээ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр 200 гаруй тэрбум төгрөгийн зээлийг олгон эргэн төлөлт нь ч сайн байгааг тэрээр дурдаад барьцаа хөрөнгөгүй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд баталгаа гаргахаар хуульчилсан хэдий ч Зээлийн батлан даалтын санг бүрдүүлэхэд хүндрэл гарсан учир хууль хэрэгжихгүйд хүрээд байна хэмээн тэрээр тайлбарласан.
Харин Сангийн сайд Ч.Улаан, хуулийн хэрэгжилтийг хангахын тулд байгаа боломжоо ашиглах болно гэж амаллаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн багуудыг үүрэн холбооны сүлжээгээр хангах ажлыг зохион байгуулахад шаардагдах 1.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан байсныг төсвийн тодотголоор хасах санал оруулж ирсний учрыг тодруулав.
Сангийн яамны холбогдох албаны хүмүүсийн тайлбарласнаар, уг ажлыг хийх гүйцэтгэгчийг шалгаруулахаар тендер зарласан хэдий ч шалгуурт нийцэх гүйцэтгэгч тодроогүй учир дахин тендер зарлачихаад байгаа ажээ. Тиймээс энэ арга хэмжээнд зарцуулах мөнгийг ирэх жилд болгон хойшлуулах саналыг ийнхүү оруулж ирээд байгаа юм байна. Ер нь Сангийн яамнаас тендер шалгаруулалт явагдаагүй, гүйцэтгэгч нь тодроогүй ажлын хөрөнгө оруулалтын зардлыг хасах чиглэл барьж ажиллаж байгаа гэлээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хүний хөгжил сангаас олгож буй хувьцаагаа бэлэн мөнгөөр авах хүсэлтийг хэчнээн хүн ирүүлсэн, бэлэн мөнгө авах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх гэж байгааг лавлав.
Сангийн сайд Ч.Улаан, “1.5 сая иргэн хувьцаагаа бэлэн мөнгөөр авах хзсэлтээ тавьсан юм байна. Үүнийг олгоход 1.5 их наяд төгрөг шаардлагатай байгаа. Иргэдийн хувьцааг худалдан авах хүсэлтийг гаргасан аж ахуйн нэгжүүдээс нийтдээ 20 гаруй тэрбум төгрөг цуглажээ. Тэгэхээр хүсэлт гаргасан бүх иргэдийн асуудлыг шийдэх бололцоогүй болоод байна. Тиймээс энэ шийдвэрийг эргэж харах тухай саналыг бэлтгэж байна.” гэлээ.
Гишүүд ийнхүү хэлэлцээд Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг боловсруулах ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томьёоллоор санал хураалт явууллаа.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд эдийн засгийн өсөлтийг 15 хувьд хүргэхээр тусгасан зорилтыг хэрэгжүүлэхэд хүндрэл гарч, 12.5-13.5 хувийн хооронд хэлбэлзэж, улмаар ДНБ-ий хэмжээ нэрлэсэн үнээр 13.6 их наяд болохоор байгаа нь 2012 оны төсөв батлагдах үед тооцож байсан хэмжээнээс /16.1 их наяд/ буурч улмаар төсвийн алдагдал 5 хувиас хэтэрч болзошгүй байгааг анхаарч, төсвийн алдагдлын тооцоог дахин авч үзэх, ингэхдээ төсвийн урсгал зардлыг багасгах чиглэлийг барих гэсэн саналыг Б.Гарамгайбаатар, Х.Болорчулуун, Д.Ганбат, С.Одонтуяа, Л.Энх-Амгалан нарын гишүүд гаргажээ. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн.
Түүнчлэн Төсвийн орлого буурч байгаа үед эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангахын тулд хөрөнгө оруулалтын арга хэмжээг аль болохоор бууруулахгүй байх зарчим баримталж, 2012 оны төсөвт туссан зарим зам барилгын ажлыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр тусгасныг дахин авч үзэж, нарийвчлан судлах, 2012 онд хэрэгжүүлэх боломжтой гэж салбарын яамд нь тооцоо судалгаа хийсэн, нийтдээ 92.1 тэрбум төгрөгийн 14 төсөл, арга хэмжээг /хавсралтад дурдсан/ төсвийн тодотголын хөрөнгө оруулалтын жагсаалтад хэвээр үлдээж, тооцоог дахин нягтлах саналыг ч гишүүд дэмжсэн.
Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн даатгуулагчдад хохирлын нөхөн төлбөр олгохтой холбогдуулан дээрх хуульд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын 10 хувь, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчигч нарт ногдуулсан торгуулийн орлогын 50 хувийг жолоочийн даатгалын санд төвлөрүүлж байхаар заасныг үндэслэн Жолоочийн даатгалын сангийн эх үүсвэрт зориулан 1.5 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд шинээр нэмж тусгах санал ч дэмжлэг авлаа.
Мөн Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль 2012 оны төсвийн тухай хуулийн дараагаар 2012 оны эхээр батлагдсан учраас 2012 оны төсөвт тус сангийн эх үүсвэрт зориулсан хөрөнгө тусгагдаагүй үлдсэн бөгөөд одоо тус санг яаралтай үүсгэн байгуулах шаардлага гарч байгааг тус тус үндэслэн зээлийн батлан даалтын санд 30.0 тэрбум төгрөг олгохоор төсвийн тодотголд шинээр нэмж тусгах санал дэмжлэг авлаа.
Эцэст нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн багуудыг үүрэн утасны сүлжээнд холбох ажлыг гүйцэтгэхэд зориулах 1.6 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор хасахгүй байх санал оруулж ирснийг гишүүд мөн дэмжлээ.
Ингээд хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Г.Бүрэнжаргал