Шинэчлэлийн Засгийн газраас сар бүр иргэдээ сонсч, тэдний саналыг бодит шийдвэр болгох арга хэмжээг эхлүүлэхээр болжээ. Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албаны дарга Ц. Мөнхтөр, Ерөнхий сайдын улс төрийн зөвлөх Б.Ган-Очир, эдийн засгийн зөвлөх Д.Батмөнх нар өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, энэ тухай мэдээллээ. Сар бүрийн хоёр дахь долоо хоногийн 2 дахь өдөр бүр 2 цагаас энэ арга хэмжээг зохион байгуулах тул “Шинэчлэлээр шийдье-222” хэмээн нэрлэжээ.
Нийгмийн бүх давхаргынхан, хувь хүн, бизнес эрхлэгчид гээд хэн ч энэ уулзалтад оролцох эрх нь нээлттэй бөгөөд төрийн хүнд суртлыг арилгахад юу саад болж байгаа талаар иргэн таны саналыг сонсоно. Эхний арга хэмжээ энэ сарын 11-нд Төрийн ордонд болох бөгөөд 800-гаад хүн оролцох төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Засгийн газар шинээр байгуулагдах бүрт хурал цуглаан хийж, тэр нь цаасан дээр үлдэх нь олонтаа. Тэгвэл энэ арга хэмжээ иргэдийн саналыг бодит ажил болгохоороо ач холбогдолтой хэмээн Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-очир дүгнэлээ. Бизнес эрхлэхэд саад болж буй асуудал нь төрийн үйлчилгээ гэж энэ салбарынхан дүгнэдэг бөгөөд, тэгвэл тэр шийдлийг хувийн байгууллага өөрөө гаргаж чадна гэж Засгийн газар үзэж байна. Тэр саналыг нь ажил хэрэг болгох, төр аж ахуйн нэгжүүдийн хооронд амьд холбоог бий болгож, уулзалт болгоноо үр дүнтэй болгох нь энэ арга хэмжээний гол зорилго юм.
Шинэчлэлийн Засгийн газар иргэдийн хувьд хамгийн чухал 45 асуудлыг сонгон авч , шийдэх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгаагийн эхний ажил Төрийн ордныг нээлттэй болгосон явдал. Үе үеийн Засгийн газруудаас энэ удаагийн Засгийн газар иргэддээ нээлттэй байх зарчмыг баримталж буйгаараа онцлог хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Мөнхтөр тодотгож байна.
9 дүгээр сарын 11-нд болох анхдугаар уулзалтанд оролцогсдод төрийн байгууллагаас үйлчилгээ авахад таныг юу хамгийн их бухимдуулдаг вэ, бизнес эрхлэхэд аль шатанд ямар чөдөр тушаа байна вэ, үүнийг өөрчлөх ямар шийдвэрүүд Засгийн газраас авах шаардлагатай вэ, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд танд ямар бэрхшээл учирч байна вэ, гарц нь юу байх вэ зэрэг асуултыг илгээгээд байна.