logo
Амьтны ардчилал

Амьтны ардчилал

2012/09/07

Элдэв юм уншиж байгаад заримдаа хачин сонин, марзан гэмээр зүйлтэй их тааралдах. Этологи гээд нэг шинэ шинжлэх ухаан байдаг юм. Амьтны зан үйлийг хүний зан үйлтэй харьцуулан судалдаг эд л дээ. Ихэнхи тохиолдолд хүн чинь амьтнаас нэг их ялгаагүй. Зарим үед амьтад биднээс хамаагүй илүү “ухаантай”. Ингээд амьтны сүрэгт “ардчилал” байдаг тухай нэг сонин мэдээлэл хүргэе.
 
Амьтны сүрэг бол бараг “улс” юм. Сүрэг хүчирхэг байх нь шийдвэр хэрхэн гаргахаас хамаарна. Амьтанд ч гэсэн шийдвэр гаргах асуудал тулгардаг байна. Тэд “даргаа” сонгохоос эхлээд тун олон юмыг хүнтэй адилхан хийдэг.
 
Бабуин гэдэг сармагчин хаана амрахаа, болжмор хаана хоол тоншихоо, зөгий үүр засах байраа сонгох гэхчлэн шийдвэр гаргадаг байна. Английн Сассекийн Их Сургуулийн Ларисса Конрадт, Тимоти Ропер хоёр амьтдын нийгмийн зан үйлийн механизмыг судалдаг эрдэмтэд юм.
 
Амьтад шийдвэр гаргах нь хүнтэй адил бөөн “ашиг сонирхлын зөрчил” үүсгэдэг аж. Ер нь бол амьтдыг дарангуй шийдвэр гаргадаг мэт үндэслэлгүй үзэж ирсэн байна гэж дээрх эрдэмтэд үзжээ. Тэгээд ажиглалт хийж, өөрсдийн тусгай математик загвар гаргаж судалж үзээд амьтдад “ардчилсан” шийдвэр гаргадаг явдал нэлээд байна гэж дүгнэжээ. Учир нь “ардчиллын” ачаар сүргийн доторх эрсдэлийг багасгадаг гэж тэд үзсэн байна.
 
Ингээд тэд “Trends in Ecology and Evolution” сэтгүүлд “Амьтдын зохицож гаргадаг шийдвэр” өгүүлэл бичиж “Амьтдын дунд ардчилал өргөн тархсан байх ёстой гэж манай загвар үзэж байгаа” гэдгийг тэмдэглэжээ.
 
Ухаандаа улаан бугын (cervus elaphus) сүрэг хэвтэж босохдоо 62 хувийн “саналаар” асуудлаа шийддэг байна. Чингэхдээ өвөрмөц дуу юмуу хөдөлгөөнөөр “саналаа” өгдөг аж. Саналаа өгдөггүй “нөхдүүд” байдаг ч олонхоо дагадаг гэнэ. Манай Монголын парламентын хэдээс хамаагүй дээр байгаа юм.
Гориллын сүрэг яг гуравны хоёр буюу дийлэнхи олонхийн “саналаар” шийддэг “үндсэн хуультай” байдгийг дээрх эрдэмтэд олж тогтоожээ. Яахав, жаахан чанга хашгирдаг шиг байгаам.
 
Харин “сонгуулийн эрх” нь амьтан бүрт янз бүр аж. Ухаандаа гориллд бол зөвхөн насанд хүрсэн эрчүүд “саналын” эрхтэй. Харин африкийн буйвал үхэрт бол “хүүхнүүд” нь асуудалд “оролцоно”. Гамадрил (papio hamadryas) буюу нарийн хамарт сармагчин бол бас л дан эрчүүд асуудал шийднэ гэхчлэн.
Гэхдээ хүүхнүүд “засгийн эрх” барихад нэг их сайн юм болдоггүй гэнэ. Ер нь эмэгчингүүдийн хүүхэд гаргах, хүмүүжүүлэх үүрэг түгээмэл зүйл аж. Энд манай соёлт хүүхнүүд арай гомдохгүй байх гэж найдана. Мөн “дарангуйлагчтай” жижиг бүлэг сайн, “ардчилалтай” том бүлэг сайн юм гэсэн…
Энэ “онолыг” их шүүмжилдэг юм гэсэн, гэхдээ ямар ч гэсэн Монголын парламентаас хамаагүй дээр болохоор нь сонирхуулж байгаа юм. Тэднийг “сармагчин” гэж хараачихаад яваад байсан чинь “магтаад” байсан хэрэг байж…
 
Судлаач Д.Ганхуяг 
Эх сурвалж: ganaa.mn блог
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш