УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ дахь МАН-ын гишүүд Орон нутгийн сонгуулийг пропорциональ системээр явуулах нь буруу гэж үзээд байгаа. Үүнийгээ тайлбарлана уу?
-Үүнд хоёр үндсэн шалтгаан байна гэж үзэж байгаа.
Нэгдүгээрт, сонгуульд улстөрийн намууд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд, иргэд саналаа өгдөг. Тэгэхээр сум, багийн хэмжээнд МАН-ын мөрийн хөтөлбөр, АН-ын мөрийн хөтөлбөр гэж намуудын мөрийн хөтөлбөрийг тус тусад нь гаргах шаардлагагүй. Ингэх нь төсөв хөрөнгө энэ тэр гээд утга агуулгагүй зүйл болчихлоо.
Хоёрдугаарт, орон нутагт улстөржилт, намчирхлыг бий болгох нь буруу гэж үзээд байгаа. Баг гэдэг хоёр гурван том өрхийн сүлжээ л байдаг. Тийм жижиг газар улстөрийн намын бодлого гэхээсээ илүү багийн хөгжлийг өөд нь татах хэрэгтэй. Тэр ч үүднээс бид шүүмжлэлтэй хандаад байгаа юм.
Холимог тогтолцоогоор сонгууль явуулахаар сумын Иргэдийн хурлын төлөөлөгчдийг тухайн багаас хоёр хүн гэж сонгочих гээд байгаа юм. Ингэхээр дахиад л хамаатан саднаасаа төлөөлөгч гарч ирээд, жалга довны үзэл бий болох гээд байна.
Тиймээс сумын ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргыг нийт иргэдээсээ сонгодог тогтолцоо руу шилжүүлбэл илүү оновчтой юм гэж үзээд байгаа. Нийт ард түмнээсээ сонгогдсон хүн нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг.
-Сонгуульд санал өгөөгүй иргэнийг төрийн албанд ажиллуулахгүй гэдгийг юу гэж ойлгож байгаа вэ?
-Би УИХ-ын чуулганаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг “Хууль зүйн нэгдүгээр курсийн оюутнуудын хичээлд суухыг багш нар урьж байна шүү” гэж егөөдөж байсныг хүмүүс анзаарсан байх.
Энэ хуулинд эрх гэдэг ойлголт байхгүй байна. Эрх гэдэг боломж. Хүнийг боломжоо эдлээгүйнх нь төлөө тэр боломжийг заавал эдлүүлэхээр шахаж, шийтгэх нь хүний эрхэнд халдаж буй хэлбэр.
Үндсэн хуулинд нэгэнт сонгох, сонгогдох эрх гээд заачихсан байхад сонгох эрхийг нь үүрэг болгож байгаа юм бол сонгогдох эрхийг нь бас үүрэг болгоод, сонгогдоогүй иргэний ял, шийтгэлийг нь хуулиндаа тусгах хэрэгтэй.
-УИХ-ын сонгуулиар автомат машинаар санал тоолсноос хэд хэдэн тойрог дээр маргаан гарсан гэж яриад байгаа. Нэгэнт хууль нь батлагдаад, автомат машиныг нэлээд хөрөнгө зарж авчихаад, одоо үүнийг эсэргүүцээд байх шаардлага байгаа юм уу?
-Бид автомат машиныг буруу гэж хэлээгүй. Сонгуулийг машинаар тоолсны дараа маш олон намууд үр дүнд нь эргэлзсэн. Улстөрийн намууд СЕХ-нд шаардлага хүргүүлж байсныг уншигчид мартаагүй байх.
Ард түмэнд ийм эргэлзээ байхад хэд хэдэн газар хяналтын тооллого хийгээд машиныхаа эргэлзээг тайлж байж орон нутгийн сонгуулиар автомат машинаар санал тоолох заалтыг хуулиндаа оруулж болдоггүй юм уу гэж хэлээд байгаа юм. Автомат машиныг хянаж үзээд ямар нэгэн эргэлзээ гарахгүй байвал энэ машинаар сонгуулиа явуулж болно.
Сум, багийн иргэд нэгнийгээ нэрээр нь мэддэг болохоор автомат машины дүн зөрчихвөл хууль ёсоор сонгогдсон хүн мөн үү, биш үү гэдэг ойлгомжгүй байдал үүсээд, төр засагтаа итгэх итгэл алдагдана гэж бид үзэж байна.
-Орон нутгийн сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэр зэрэг судалгаанд үндэслэж боловсруулсан гэж үзэж байна вэ?
-Хүний эрхийн хөтөлбөрт сонгуулийн хуулийг зургаан сарын өмнөөс хөндөх хэрэггүй гээд тусчихсан байдаг. Хүний эрхийн хөтөлбөрт заасан хугацаанаас хойш сонгууль болохоос хоёрхон сарын дотор шинэ хууль гаргаад, нэр дэвшигчид сонгогчдод түүнийгээ ойлгуулаад сонгууль хийнэ гэдэг маш хэцүү. Сурталчлах хугацаа байхгүй болчихлоо.
-СЕХ-ноос УИХ-ын сонгуультай адил тогтолцоотой учраас нэг их хүндрэл гарахгүй гээд байгаа шүү дээ?
-Ямар ч хууль хоорондоо адил байна гэж байхгүй. Заавал ямар нэгэн зөрүү байгаа. Тиймээс л сонгогчид алдаа гаргана гэж үзэж байна.
-АН-ынхан төрийн албанд МАН-ын угшлын хүмүүс их байдаг. Мөн төрийн албаныхан хээл хахуулд идэгдсэн. Тиймээс хээл хахуулийг арилгахын тулд нийтийн алба болгоно гэж яриад байгаа. Энэ талаар байр сууриа илэрхийлээч?
-Авлига, хээл хахуул намын харьяаллын асуудал биш. Энэ бол цэвэр мөнгөний асуудал. Төрийн албан хаагчид намаас түтгэлзээд нэлээд хэдэн жил болчихсон. Төрийн албан хаагчдыг нийтийн алба болгоно гэж халж, сэлгэж бужигнуулж байна.
Мөн Төрийн нарийн бичгийн дарга нарыг түр гээд томилчихлоо. Түр томилгоо гэж хуулиараа байхгүй болсон. Тэд Төрийн нарийн бичгийг дарга нар мөн үү, биш үү гэдэг асуудал гарах байх.
Цаашдаа төрийн албыг тогтвор суурьшилтай, улстөрийн нөлөөллөөс ангид байлгая гэж бодож байгаа бол тэр намын угшилтай энэ тэр гэж адуу мал шиг ярьж болохгүй. Ийм байдлаар хандаж байгаа нь буруу.
-Нийтийн алба байгуулагдсанаар төрийн албанаас илүү шударга үйл ажиллагаа явуулж чадах болов уу?
-Нийтийн алба гэдэгт хоёр болгоомжлол байна гэж хараад байгаа юм. Нэгдүгээрт, төрийн албан хаагчийн эдэлж байсан нийгмийн баталгааны асуудал алга болчих вий гэдэг болгоомжлол байна.
Хоёрдугаарт, нийтийн алба гэх нэрийдлээр хүмүүсийг халж буйтай адил, төрийн албан хаагчдыг халах ажил цаашид явагдах байх. Төрийн албыг шуурхай сайн ажиллуулна гэдэг нь нэр солихтой ямар ч холбоогүй. Төрийн албаны үйл ажиллагаа олон нийтэд ил байснаар ажил сайжирна.
-МАН-ын гишүүд иргэн бүрт 21 мянган төгрөгийг үргэлжлүүлж олгох хэрэгтэй гэж ярьж байсан. Гэтэл АН-ынхан хүүхдэд мөнгө олгоно гэж ярьж байна. Манай улсын эдийн засаг мөнгөгүй байж яаж мөнгө олгох гэж байгаа юм бол?
-Бүх хүүхдүүдэд мөнгө олгоно гэдэг нь жаахан шүүмжлэлтэй санаа байгаа юм. 20 мянган төгрөг хэрэгтэй хүүхэд ч бий, хэрэггүй хүүхдүүд ч байгаа шүү дээ. Ерөнхий сайд “Хүүхэд хөдөлмөр эрхлэх боломжгүй учир мөнгө олгох хэрэгтэй” гэж тайлбарлаж байна лээ.
Үнэхээр тийм зарчмаар явах гэж байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөлмөр эрхлэх боломжгүй ахмадууд, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай иргэдэд мөнгийг олговол зорилтот хэсэгтээ энэ халамж очно гэж үзэж байгаа.
Ядуурлын түвшинг есөн хувиар бууруулж, 29 хувьд хүргэсэн гэсэн дэлхийн банкны судалгаа гарсан. Энэ тоо буцаад өсөх магадлалтай байна.
-Яагаад?
-Бид ядуурлын түвшинг тооцохдоо “Хүний хөгжил сан”-гаас авч байсан тусламжийг оруулсан. Тэгэхээр нэг өрхийн бүх хүн амд олгож байсан мөнгийг олгохгүй, зөвхөн хүүхдэд мөнгө олгохоор буцаад ядуурлын түвшин өсөх магадлалтай. Тухайлбал, хүн амын 29 хувь нь ядуу айлын хүүхэд гэж тооцохоор олгож буй мөнгөний 71 хувь нь чөлөөлөгдчихнө. Тэр чөлөөлөгдсөн мөнгийг ядаж хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нэн ядуу өрхүүдэд өгч байя гэж үзээд байгаа юм. Ингэвэл ядуу өрхүүд эдийн засгийн хүндрэлийн үед ядаж талхныхаа мөнгөтэй байх бололцоотой.
-БСШУ-ы яамыг хоёр салгачихлаа. Ингэх нь хэр үр дүнтэй гэж үзэж байгаа вэ?
-Өмнө нь яамдын тоог нэмэхгүй гэдэг зарчим баримталж байсан учраас Соёлын яамыг тусад нь гаргаагүй. Өнгөрсөн Засгийн газрын үед Соёл урлагийн хороог тусад нь байгуулж, соёлын салбарыг салгасан.
Шинэ Засгийн газар яамдын тоог нэмнэ гэж үзээд тусад нь салгаж байгаа юм байна. Хамгийн гол нь, түшмэдийн тоо нэмэгдсэнээр ажил сайжрахгүй, төсвийн хөрөнгө нэмэгдсэнээр ажил сайжирна.
Дөнгөж байгуулагдаж байгаа яам бол манай төсөв дээр байсан мөнгийг салгаж аваад гарч байгаа байх. Хамгийн гол нь, 2013 онд яамандаа хэр төсөв батлуулж чадах нь вэ гэдэг нь чухал.
-Яамдын тоог хэдийгээр салгаж байгаа ч орон тоог нэмэхгүй гэж яриад байгаа шүү дээ. Үнэхээр тийм боломж бий юу?
-Ажилчдын тоо огт нэмэгдэхгүй байх боломжгүй. Тухайлбал, сумдын сургуулийн ня-бо соёлын төвийн ня-бо-г давхар хийдэг. Тэгэхээр нэг яамнаас цалин авчихаад нөгөө яамнаас цалин авах уу, үгүй гэдэг асуудал гарах байх. Гэхдээ яаж шийдэхийг нь харж л байя.
-АН-ынхан яам, агентлагийн хооронд мэргэжлийн давхардалт байдаг. Түүнийг арилгана гэж яриад байгаа. Таны удирдаж байсан яаманд тийм давхардалт их бий юу?
-Нэг нь бодлого гаргадаг, нөгөө нь хэрэгжүүлдэг л байсан. Гэтэл одоо бодлого хэрэгжилт хоёрыг нэг дор оруулчихлаа. Засгийн газрын бүтцийг ярих үед би бодлого төлөвлөдөг, хөрөнгө төсөвлөдөг хэрэгжилтийг хийдэг гурван үүрэг нэг гарт дээр ирчихлээ. Ингэснээр хяналтын тогтолцоо нь алдагдана гэж шүүмжилж байсан.
Энэ Засгийн газарт хяналтын тогтолцоо нь алдаатай зүйлүүд их хийгдэж байна. Яамдын хяналтын тогтолцоо алдагдчихсан, УИХ-ын гишүүд нь Засгийн газарт орчихсон, сөрөг хүчин болох намынхаа бүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь шинэ парламентын хяналтын тогтолцоо алдагдчихсан гээд хэлчихэд хилсдэхгүй.
-МАН-ын бүлгийг УИХ хүлээн зөвшөөрөхгүй бол УИХ дахь МАН-ын гишүүд бүрэн эрхээ түдгэлзүүлнэ гэж ярьж байсан. Үнэхээр танай намынхны эцсийн шийдвэр энэ гэж үү?
-МАН-ын бүлэг байгуулагдчихсан. Гэтэл Үндсэн хуулинд байгаа заалтыг салбар хуулийн заалтаар үгүйсгээд байгаа. Тийм болохоор бид Үндсэн хуулийн Цэцэд энэ асуудлаар хандсан. Шийдвэрийг нь хүлээж байна.
-Цэцийн шийдвэр нэлээд удчихлаа шүү дээ?
-Харин тийм ээ. Ийм чухал үед Цэц амраад л байх юм. Ингэж байгаад ажилдаа орж, асуудлыг хэлэлцэх байх. Хуулиараа хэлэлцэх хугацаа нь өнгөрчихлөө. Бид бүлэг байгуулах шийдвэрийг уншиж сонсгохгүй байна гэдэг гомдлоо өгчихсөн л байгаа. Цэцийн шийдвэрийг урьдчилж хэлэх бололцоогүй.