УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавьсныг хүлээж авсантай холбоотойгоор холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд Хууль зүйн байнгын хорооноос санал, дүгнэлт гаргасныг хэлэлцэж баталлаа. Хуралдааны явцад УИХ-ын гишүүдээс хуулийн төслүүдэй холбоотой асуулт, санал гараагүй. Өөрөөр хэлбэл, Шүүхийн захиргааны тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтээр эцэслэсэн. Ингэснээр Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг анхан шатны шүүхийн шүүгчдийн болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос нэг, Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг хүний нэрийг тус тус санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилох, Ерөнхий зөвлөлийн даргыг Ерөнхий зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхын санал авсан хүнийг санал болгосноор МУ-ын Ерөнхийлөгч томилж байх зохицуулалт хийгдэж байна.