АН-ын уламжлалт 4:11 уулзалт өчигдөр Төрийн ордонд болов. Цаг үеийн асуудлаар намын удирдлагууд мэдээлэл хийдэг энэхүү уулзалтад АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга С.Одонтуяа, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь нар оролцсон юм. Энэ үеэр сэтгүүлчид УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад асуулт тавьж, хариултаа авсан юм.
-Гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нар Төрийн ордонд зодолдсон. Ёс зүйгүй авирласан гишүүдийг эргүүлэн татах талаар яригдаж байгаа гэсэн. Энэ үнэн үү. Эцэстээ асуудлыг хуулиар биш, зодуураар шийддэг байдал руу орж мэдэх нөхцөл байдал бий боллоо?
-УИХ, Засгийн газар нь төрийн эрх барих дээд байгууллагынхаа хувьд хариуцлагатай, нэр хүндтэй хуулиа ягштал баримталдаг хүмүүсээс бүрдсэн байх ёстой гэдэгтэй санал нэгддэг. УИХ-ын шинэ бүрэлдэхүүн сонгогдоод багахан хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хэдхэн сарын хугацаанд хариуцлагагүй, урьдынхаа хуучин замаар явж байя гэсэн хүсэл эрмэлзэлтэй, асуудлыг болж өгвөл тохиролцоод зохицоод хийх сонирхолтой улстөрийн хүчин, улстөрчид байгааг үгүйсгэхгүй. Аливаа нэг зүйлийг эрх мэдлээр халхавчилж өөрсдийнхөө талд шийдүүлэхийг оролдож байгаа нь ёс зүйгүй үйлдэл. Иймээс хууль бус зүйлийг засаж залруулах зөв гольдролд оруулах нь хийх ёстой ажлын нэг яах аргагүй мөн.
Ерөнхийлөгч УИХ, УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах тухай асуудлаар хуулийн төсөл санаачилсан, санал авахаар хүргүүлсэн байна лээ. Хэрэв УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн хариуцлагагүй үйлдэл нь нотлогдсон бол УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах ёстой. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын гишүүний хуулийн хариуцлага хүлээх нь нээлттэй байх ёстой, хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй. Ийм зарчим руу хүссэн хүсээгүй явна. Сүүлийн үед хэвлэл мэдээллээр хоёр хүний хоорондын харилцааны асуудлыг улстөрийн намууд руу шалтгаангүйгээр чихэх ийм бусармаг үйлдэл гарч байгаа.
Хувь хүн өөрийгөө хамгаалж болно, тэгэхдээ үүнийг улстөрийн зорилгоор ашиглана гэдэг нь туйлын буруу үйлдэл. Одоо юу яригдаж байна вэ гэхээр салаавч үзүүлсэн нь туйлын буруу ёс зүйгүй гэх хэрнээ хүн зодсон гэмт хэргийг үгүйсгэх хаацайлах явдлыг АН хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Салаавч үзүүлсэн, үзүүлээгүй, хэл амаар доромжилсон, доромжлоогүй тухайн УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой. Хүн зодсон нь гэмт хэргийн шинжтэй зүйл, энэ үйлдлийг ёс зүйтэй хутгах нь гутамшиг. Тийм учраас эрчүүд учраа олох хэрэгтэй, тэгэхгүй сонин хэвлэлээр захиалгатай нийтлэл бичүүлээд гоншигноод байх хэрэггүй, асуудалд бодитой харах ёстой.
-Увсын гишүүдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Увсын сонгуультай холбоотой асуудлаар нотлогдсон зүйлийг хаацайлж байгаа нь Тагнуулын ерөнхий газар хариуцлагагүй ажиллаж байна гэж үзэхээс аргагүй. АН-ын хувьд ТЕГ-т эрүү үүсгэсэн энэ асуудлыг нэг тийш болгох ёстой гэсэн шаардлага хүргүүлэх ёстой гэж үзэж байгаа. Монголд хавтгайрсан хариуцлагагүй, үүрэг биелүүлдэггүй байдал юунаас эхтэй вэ гэхээр төрийн эрх мэдэлд байгаа удирдах албан тушаалтан улстөрчдөөс эхтэй гэдгийг байнга санаж явах ёстой. Хэрэв бид өөрсдөө зөв байвал ард түмэн биднийг дагаад зөв амьдарч чадна.
-Чуулганаар Нийгмийн даатгалын тухай хууль, Халамжийн тухай хуульд тус бүр өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Танай нам эл байгууллагыг яагаад босоо удирдлагатай болгох нэрийн дор улстөржүүлэх гээд байна вэ?
-Бодит жишээ авъя, хорооны Засаг дарга, хорооны хэсгийн зохион байгуулагч нар баахан хүнийг өөрийнхөө нэр дээр бичээд халамжийн мөнгөнөөс "хусаж" байсан зөрчил илэрсэн. Иймээс Халамжийн тухай хууль, Нийгмийн хамгаалийн тухай хуулийн хүрээнд босоо удирдлагатай байж, төрийн нэгдсэн бодлогоор халамжийн бодлогыг явуулахгүй бол орон нутагт нь эрх мэдэл өгөхөөр буруу тийшээ яваад байна. Үүний нэг хэсэг нь улстөржүүлж, нутгийн өөрөө удирдах ёс нь орон нутгийнхаа санхүү эдийн засгийн байдлыг өөрсдөө зохицуулж шийдвэр гаргадаг байгууллага байх ёстой болохоос биш нэг даргыг томилдог асуудал биш. Тийм учраас асуудлыг зөв өнцгөөс харах, орон нутагт эрх өгчихсөн чинь хамаатан саднаараа дамжуулж нийгмийн халамжийн эд зүйл мөнгө төгрөгийг тараадаг, зарим нэгийг нь хулгай хийдэг үйлдэл хавтгайрсан учраас ийм хуулийн зохицуулалт хийж байгааг хаа хаанаа ойлгох хэрэгтэй.
Л.Нинж