Чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны анхны хэлэлцүүлэг дээр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, С.Ганбаатар нар Нийгмийн даатгалын даргыг томилохдоо “тухайн шатны Засаг даргатай зөвшилцөнө” гэдгийг “Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн аймаг, нийслэл, дүүрэг дэх салбар нэгжтэй зөвшилцөж” гэдгээр, Нийгмийн халамжийн байгууллагын даргыг томилохдоо мөн “ тухайн шатны Засаг даргатай зөвшилцөнө” гэдгийг “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны аймаг, нийслэл, дүүрэг дах салбар нэгжтэй зөвшилцөж” гэдгээр өөрчлөе гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг ээлжит бус чуулган дээр хэлэлцэж гишүүдээс санал авахад дэмжигдсэнгүй. Өөрөөр хэлбэл, хуулийн төслийн анхны хувилбарт байснаар нийгмийн даатгал, нийгмийн халамжийн байгууллагын даргыг томилохдоо тухайн шатны Засаг даргатай зөвшилцөнө гэдгийг хэвээр үлдээж холбогдох байнгын хорооны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ.