logo
Хар нүхний орчим цаг хугацаа, орон зай алдагддаг

Хар нүхний орчим цаг хугацаа, орон зай алдагддаг

2012/09/10
Сансрын хар нүх гэж юу вэ?

 “Хар нүх” гэдэг нэрийг анх 1967 онд Жон Архибальд Веелер бий болгожээ. Энэ нь гэрэл болон аливаа цахилгаан соронзон долгион нэвтрэн гарахааргүй маш хүчтэй таталцлын орон үүссэн огторгуйн орон зай юм. Үзэгдэх гэрлийг өөртөө татан шингээдэг учраас гадны ажиглагчийн хувьд хүрээлэн буй харанхуй огторгуйн дэвсгэрээс ялгаран харагдах боломжгүй юм. Тийм учраас хар нүх хэмээн нэрийдсэн болно. Хар нүх өөрөө шууд харагдах боломжгүй ч түүнийг үзэгдлийн хаяаныхаа гадна талаарх бодис, биетүүдтэй харилцан үйлчилж байгаа байдлаар нь ажиглан илрүүлж болно. Жишээлбэл, хар нүхэнд татагдан орж байгаа хий, тоосонцрыг ажиглах боломжтой. Хий, тоосонцор нь хар нүхэнд татагдан орохдоо хуйларч (турбулент хөдөлгөөн), өндөр температур хүртэл халан, их хэмжээний цацраг ялгаруулна. Ийм ажиглалтын үр дүнд манай ертөнцөд хар нүх бодитой оршин байна гэдгийг шинжпэх ухааны үндэстэй нотолсон билээ.

Гэрлийг өөрөөсөө холдуулахгүй барьж байх хүчирхэг татах хүчин бүхий биет байж болох тухай дүгнэлтийг 1783 онд анх Английн одон орон сонирхогч Жон Мишел хийж байжээ. 1795 онд Францын физикч Пьер Симон Лаплас тооцооныхоо үр дүнд тулгуурлан мөн адил дүгнэлт хийж байв.
Хар нүхийн тухай орчин цагийн ойлголт харьцангуйн ерөнхий онолд суурилдаг. Физикийн энэхүү тулгуур онолын дагуу их хэмжээний масс маш бага орон зайд төвлөрсөн нөхцөлд орон зайн гажилт үүсдэг тул матери ба гэрэл, цацралт орон зайн тэр хэсгээс зугтаж гарах боломжгүй болдог.

Хар нүхний орчим орон зай, цаг хугацаа алдагддаг

Хар нүхийг орхин гарна гэдэг ч бас бүтэшгүй удаан үргэлжлэх билээ. Түүний орчимд орон зай, цаг хугацаа хоёр өөр өөрийн үүргээ сольдогт хамаг учир нь байгаа юм. Хар нүхнүүдийг дотор нь хэд хэд ангилна. Оддын хар нүх бол маш том
 нарны төгсгөлийн хэлбэр юм. Манай нарны массыг найм дахин авснаас илүү жинтэй од тэсэрч мөхөхөд үүссэн үлдэгдэл нь хар нүх болон эргэлддэг байна. Энэ байдлаар үүссэн нүх нь тэсрэлтийнхээ явцад хэдий хэмжээний массыг гадагш алдсанаасаа хамааран манай нарны массыг 8-15 дахин авсантай адил хэмжээний жинтэй болдог гэнэ. Манай нарныхаас хэдэн сая, бүр хэдэн тэрбум дахин их масстай хар нүхнүүд их оддын аймгийн голд байх бөгөөд түүнийг хэрхэн бий болсон хийгээд оддын аймгийн үүсэлтэй хэрхэн холбоотой болохыг судалж тогтоох ажил эзнээ хүлээж байна.

Томоос том хар нүхнүүдийг илрүүлсээр байна

Дөнгөж хоёрхон долоо хоногийн өмнө одон орончид хамгийн том хар нүхийг олж илрүүлжээ. Мөн НАСА (Америкийн үндэсний сансар судлалын төв) одоо түүнээс хавьгүй том хар нүхний сураг гаргажээ. Үүнээс үзэхэд оддын хар нүхнүүд бидний төсөөлж байснаас үлэмж том байж болох юм. Саяхан хүртэл хамгийн том нь байсан хар нүхийг Америкийн одон орон судлаачид дэлхийгээс 1,8 сая гэрлийн жилийн тэртээ алслагдсан "Кассиопейа” хэмээх бүлэг одны оронд нээсэн байна. 2007 оны аравдугаар сарын 31-ний лхагва гаригт НАСА-гийнхны мэдээлснээр энэ нүх нь манай нарнаас 24-33 дахин том нэгэн нар сөнөснөөр бий болжээ. Энэ хар нүх дөнгөж хоёр долоо хоногийн өмнө одон ертөнцийн МЗЗ бүлгийн оддын ертөнцөд нээж олсон хар нүхнээс бүр ч том хэмжээтэй байна. Өөрөөр хэлбэл манай нарныхаас 16 дахин их масстай ажээ. Оддын хар нүхнүүд нь сөнөж байгаа нарнуудаас бий болдог байна. Асар их нягтралтай, үлэмж их масстай биет нь хэмжээлшгүй их татах хүчтэй байх бөгөөд эндээс гэрэл ч гадагшилж чаддаггүй байна.

Хар нүхний таталцлын талбайд орсон хийн үүл “сорогдож” буй хосгүй мөчийн зургийг Америкийн агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ түүхэнд анх удаа сансрын тойрог замд байрлуулсан “Чандра” гэдэг рентген дуран авайгаар авчээ. Энэ нь хар нүхнүүд хэрхэн томордог болон тэдгээрийн татах хүч материд хэрхэн нөлөөлдөг талаарх одон орон судлалын хоёр том асуудлыг хариуг олоход тус болно гэж НАСА мэдээллээ.

НАСА-гийн тооцоолсноор, дээр дурдсан хар нүх нь Дэлхийгээс 32 сая орчим гэрлийн жилийн зайтай орших NGC 3115 галактикийн төвд оршдог байна. Нэг гэрлийн жил нь секундэд 300 мянган километрийн хурдтай тархдаг гэрлийн нэг жилийн хугацаанд туулах зай юм. Хийн үүл хар нүхний соронзон орны “залгих” бүсэд орохдоо хэлбэрээ алдаж байв. Хөдөлгөөний хурд ихсэхийн хэрээр хий улайсч, рентген туяа цацруулж буйг “Чандра” дуран авайгаар авсан зурагт тод харагдана.
Хар нүхнээс 700 орчим гэрлийн жилийн зайтай ойртох үед хийн үүлний температур эрс нэмэгдсэн болохыг эрдэмтэд тогтоосон байна. Манай гарагт хамгийн ойр орших энэ хар нүхний масс нь Нарныхаас хоёр тэрбум орчим дахин их гэдгийг НАСА тооцоолжээ.
“Энэ нь хэт масстай хар нүхний “хүчин чадлыг” хий хэрхэн мэдэрсний тод нотолгоо” гэж Алабама муж улсын их сургуулийн судалгааны удирдагч КаВах Тонг онцлон тэмдэглэжээ. “Чандра” дурангийн хүчин чадал нь хар нүхэнд материйг татах үйл явцын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх хосгүй боломж олгосон гэж тэрбээр үзэж байна.
Одон opны эдгээр ер бусын объектууд нь асар их масстай учраас тэдгээрийн соронзон талбайн “үхлийн” татах хүчнээс ямар ч төрлийн туяа, тухайлбал, гэрэл сугаран гарч чадахгүй юм. Объектууд ямар ч туяа гаргахгүй учраас тэдгээрийг харах боломжгүй юм. Гэхдээ одон орны физикчид хар одны таталцлын талбайд орсон зүйлс улам бүр түргэн унаж эхлэхдээ хэт халж, рентген туяа ялгаруулах үед нь тэдгээрийг илрүүлдэг байна.

Эх сурвалж: "Соёмбо" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш