logo
“Хужаа унаа”-ны бизнес эрхэлдэг хятад сэтгүүлч олон тэрбумын татвараас зайлсхийжээ

“Хужаа унаа”-ны бизнес эрхэлдэг хятад сэтгүүлч олон тэрбумын татвараас зайлсхийжээ

2012/09/10
“Хужаа унаа” хэмээн нэрлэгдсэн хятад мотоциклыг Монголд оруулж ирж зардаг БНХАУ-ын иргэн Вэй Хун Ван гэгчийг олон тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Энэ хэрэгт мөн л манай улсын хил, гаалийн ажилтнууд холбогдсон сурагтай.

Эх сурвалжийн мэдээлснээр Вэй Хун Ван нь хятадад үйлдвэрлэгдсэн мотоцикл, хүнд даацын ачааны машин, автомашины сэлбэг хэрэгсэл оруулж ирдэг “Хун Лиан” ХХК-ийг эзэмшдэг. Тэрбээр энэхүү компаниа зөвхөн “хужаа мотоцикл” оруулж ирэх зорилгоор 2004 онд манай улсад байгуулжээ.

Вэй Хун Ван 2006 оноос 2012 оны хооронд нийт 30 мянга орчим “Мустанг”, “Кенбо”, “Хэн син” зэрэг маркийн мотоцикл оруулж ирж, худалдаалсан байна. Гэвч тэрбээр эдгээр мотоциклынхоо талаас илүү хувийг хувь хүмүүсийн нэр дээр оруулж ирж, улсад төлөх байсан олон тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн болох нь тогтоогджээ.

Тодруулбал, түүний “Хун Лиан” ХХК-ийн тайлан бүртгэлийг шалгахад 2008 онд 22, 2009 онд 109, 2010 онд 328, 2011 онд 499 сая төгрөгийн борлуулалт хийсэн хэмээн татварын тайландаа мэдүүлсэн байна. Харин албаныханд “Хун Лиан” ХХК-ийг 2008 онд 2000, 2009 онд 2000, 2010 онд 3000, 2011 онд мөн 3000 ширхэг нийт 10 мянга орчим мотоциклыг хувь хүний нэр дээр оруулж ирж, худалдсан гэх мэдээлэл иржээ.

Энэ дагуу хэргийг лавшруулан шалгахад Вэй Хун Ван нь иргэдийн нэр дээр 8000 мотоцикл гаалийн татвараас бултуулан оруулж ирж зарсан болох нь илэрчээ. Эдгээрийн зөвхөн гаалиар орж ирсэн үнийг тооцоход гурван тэрбум төгрөгийн ашиг олсон байна.

Бодит байдал дээр Вэй Хун Ван нь Монголд оруулж ирсэн нэг мотоциклыг 1-1.1 сая төгрөгөөр зарж борлуулдаг аж. Гэвч тэрбээр хуурамч НӨАТ-ын баримт бүрдүүлж, тус бүрийг нь ердөө 600-650 мянган төгрөгөөр худалдан борлуулдаг хэмээн мэдүүлсэн байна. Ингэхээр 2011-2012 онд буюу ганцхан жилийн дотор хуурамч НӨАТ-ын баримтаас 750 сая төгрөгийн ашиг олжээ.

Харин Вэй Хун Вангийн хуурамч баримтаас болж улсад 750 сая төгрөгийн татварын хохирол учирсан гэсэн үг. Энэ бол 2011-2012 оны хоорондох ганцхан жилийн үйлдэл.

Вэй Хун Вангийн хувьд 2006 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэдэг. Ингээд бодохоор манай улсад хэдий хэмжээний татварын хохирол учруулсан гэдэг нь ойлгомжтой биз ээ.

Түүний хууль бус үйлдэл үүгээр хязгаарлагдахгүй. Гаалиас ачилт хийгддэг нэг ачааны машинд 150-170 орчим мотоцикл багтдаг аж. “Хун Лиан” ХХК нь жилд 20-иос дээш удаа ачилт хийж, дунджаар 3200 мотоцикл оруулж ирдэг юм байна. Ийм ачилт хийх бүртээ 3-5 ширхэг угсрагдаагүй мотоциклыг сэлбэг, хэрэгсэл нэрээр ямар ч албан татваргүй, сул чөлөөтэй нэвтрүүлдэг байжээ. Өөрөөр хэлбэл, ачилт хийх явцдаа жилд дунджаар 100 орчим мотоциклыг сэлбэг, хэрэгсэл нэрээр татваргүй оруулж ирж гаршсан байх нь.

Энэхүү 100 мотоциклыг тус бүр нэг сая төгрөгөөр зардаг гэхээр ганцхан жилийн дотор 100 сая төгрөгийн цэвэр ашиг олж байжээ. Сэлбэг нэрээр оруулж ирэхдээ хувь хүмүүсийн нэр дээр оруулж ирэх нь ч ашигтай. Нэгэнт сэлбэг гээд зүтгүүлчихэд хэн ч Вэй Хун Вангаас мөнгө нэхэхгүй.

Тэрбээр мотоцикл оруулж ирээд угсрахдаа арал дээрх дугаарыг нь хусч арилган гаалийн бүрдүүлэлт хийсэн арлын дугаарыг давхардуулж наадаг аж. Энэхүү тусгай багаж хэрэгслийг нь “Хун Лиан” ХХК-ийн Баянзүрх дүүрэгт байрлах агуулахад битүүмжилжээ.

Вэй Хун Вангийн олон тэрбум төгрөгийн татвараас зайлхийсэн хэрэгт хил, гаалийн ажилтнууд нэр холбогдсон болохыг албаны хүмүүс хэлж байсан. Хятадын хэн нэгэн иргэн бүхэл бүтэн зургаан жилийн турш гаалийнхныг маллаж, татвараас зугтаж, бизнес эрхэлнэ гэж байхгүй нь мэдээж. Тиймээс хувь хүний нэр дээр олон тооны мотоцикл оруулж ирэх, гаалийн бүрдүүлэлт хийх зэрэгт хил, гаалийн ажилтнууд хамтран оролцож байжээ.

Тэгвэл Монголын хил, гаалийн ажилтнуудыг ч хууль бус хэрэгтээ оролцуулж чадсан Вэй Хун Ван гэж хэн бэ. Юуны түрүүнд энэ хүний мэргэжил анхаарал татаж байв. Вэй Хун Ван гэгч нь БНХАУ-ын Төв телевизийн Өвөрмонгол дахь салбарт фото сэтгүүлчээр ажилладаг гэнэ. Тэрбээр энэхүү бизнесээ хамтран ажилладаг түншүүддээ даатгачихаад өөрөө Монголд орж ирдэггүй байж.

Хууль хяналтынхан онц их хэмжээний татвараас санаатайгаар зайлсхийсэн энэ хэргийн сэжүүрийг хэдэн жилийн өмнө илрүүлсэн боловч Вэй Хун Ван нь Монголд орж ирдэггүй байсан учраас баривчилж болдоггүй байсан гэнэ. Харин саяхан түүнийг бизнесээ эргэхээр Монголд орж ирэх үед нь ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн баривчилжээ.

Улмаар сэжигтнийг Монгол Улсаас гарахыг хориглож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. 166.2-т “Энэ хэргийг давтан үйлдсэн, эсвэл татвар ногдох онц их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуусан бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 5-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байдаг аж. Түүнтэй хамт энэ хэрэгт оролцож байсан БНХАУ-ын харьяат гурав, Монгол Улсын 3-4 иргэнийг сэжигтнээр шалгаж эхэлсэн байна.

“Хун Лиан” ХХК мотоциклоо “Sun day” худалдааны төвийн хажууд байрлах “UB мотоцикл” худалдааны төвд зарж борлуулдаг юм байна. Эзэнд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн учраас тус худалдааны төв болон агуулахыг нь битүүмжилжээ. Одоогийн байдлаар битүүмжлэгдсэн агуулахад 700 гаруй мотоцикл хураагдаад байгаа аж.

Вэй Хун Ван нь хужаа унааны энэ бизнесийг ганцаараа атгасан гэхэд хилсдэхгүй. Монголоос бизнесмэнүүд хужаа унаа үйлдвэрлэдэг компаниуд дээр очихоор мотоцикл зардаггүй гэнэ. Учир нь Вэй Хун Ван гэгч хужаа унаа үйлдвэрлэгчидтэй зөвхөн өөрөөр нь дамжуулж, Монгол руу худалдаалж байх гэрээ байгуулсан аж. Тиймээс Монголд хөдөлж байгаа хужаа унааны ихэнх нь Вэй Хун Вангийн хууль бусаар оруулж ирж, монголчуудад дамласан мотоцикл гэхэд болно.

БНХАУ-ын Төв телевизийн жирийн нэгэн фото сэтгүүлч хүн Монгол Улсад 10 тэрбум төгрөгийн худалдаа хийж, олон тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдсон гайхаж эргэлзэх хүн олон байна лээ. Магадгүй, энэ хэрэг цаанаа элдэв агуулгатай байж ч мэднэ гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байсан юм.

Ямартай ч хужаа унааны бизнесээр хангалттай хөлжиж чадсан Вэй Хун Ванд холбогдох хэргийг ЭЦГ-ын ажилтнууд илрүүлж, УМБГ-т шалгаж байна.

Эх сурвалж: "Өглөөний сонин" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш