logo
100 тонн чацарганатай “Хаан жимс”-ний баяр

100 тонн чацарганатай “Хаан жимс”-ний баяр

2012/09/10
МУ-ын ерөнхий сайд Н.Алтанхуяг 2000 оны сонгуулиар ялагдал хүлээж, хийх ажилгүй болох үедээ чацаргана тариалах бизнес санааг олж харсан гэдэг. Тэр цагаас хойш “хаан жимс”-нд дурлаад арав гаруй жилийг үдэж, дөрөв дэх удаагаа ургацаа хураан авч, анд нөхөдтэйгөө баяраа хуваалцаж байна. Ээлжит “Хаан жимс”-ний баяр намар цагийн ховорхон тохиох налгар өдөр болсноороо оролцсон хэн бүхэнд таатай байсан. Түүнчлэн энэ жилийн “хаан жимс”-ний ургацын баяр Шинэчлэлийн засгийн газрын ажлын гараатай давхцаж байгаа учир “автор” Н.Алтанхуяг кабинетынхантайгаа мөрийн хөтөлбөрөө хэлэлцээд амжиж ирээгүйг эс тооцвол дурсах юмтай баяр боллоо.  
Улаанбаатар хотоос 57 км-т орших, Цонжин болдог Чингисийн морьт хөшөөт цогцолборын ар шилэнд байрлах “Хаан жимс”-ний жуулчны баазад уламжлалт баярт оролцож дадсан хуучин зочдоос гадна шинэхэн гийчин олноороо цугласан байв. Энэ удаагийн баярт хэвлэл мэдээллийнхэн ч чамбай оролцсон.
 Баярын арга хэмжээг нээж “Хаан жимс” компанийн захирал Д.Гэрэлхүү үг хэлэв. Тэрээр “2002 онд шилж судалсан анхны суулгацыг Хойд хөршөөс авчирч суулгаснаас хойш дөрөв дэх жилдээ ургацынхаа баярыг хийж байгаадаа баяртай байна” хэмээн хүрэлцэн ирсэн зочдод талархал илэрхийлж, энэ жил 2 га газраас 15 тонн ургац авч, цаашлаад 100 тонн чацаргана хурааж, санаанд оромгүй арвин ургац хураах болсондоо баяртай байгаагаа хэлсэн юм. Түүнчлэн Хаан жимснийхэн боловсруулах үйлдвэр байгуулах ажлаа эрчимжүүлэн, хөөцөлдөлгөөнийхөө ажлыг дуусгаснаа дуулгасан. Мөн үхрийн нүд тариалан давгүй ургац авдаг болсноо ч хэлсэн юм. 
  


Ийнхүү “Хаан жимс”-ний баяр эхэлж, нисдэг мотортой “чацаргана” агаарт эргэлдэж, аварга том жимснээс бяцхан охид гарч ирэн “ганнам стайл”-тай бүжсэн. Морин хуурын аялгуу эгшиглэсэн энэ өдрийн гол сюрприз нь зочдын дундах хип хопчдын тэмцээн байсан. Чацарганыг магтаж үглэх тэмцээнд хэвлэл мэдээллийн багийг төлөөлөн оролцсон 25-р суваг телевизийн хөтлөгч Тогтох, Сэрүүлэг сонины сэтгүүлч Удвал нар түрүүлж, шинэ ургацын дээжээр авьяасаа үнэлүүлсэн юм. Баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдыг чацарганаар амталсан бялуу, жүүс тэргүүтнээр дайлуулж, оройн зоог барьснаар өндөрлөсөн юм. Ирэх жил арвин ургацтай, шинэхэн боловсруулах үйлдвэрээ нээчихээд уламжлалт баяртаа урина гэдэгт найдаж буйгаа ирсэн зочид илэрхийлж байлаа.
Ш.Булга

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш