logo
Хотын дарга аа, иргэд чинь айж байна

Хотын дарга аа, иргэд чинь айж байна

2012/09/10
Нийслэлийн иргэн бүрийн сэтгэлд айдас хургажээ, Хотын дарга аа, ажиглаад нэг хараарай, бүгд л ямар нэг зүйлээс айж, түгшсэн нь царайнаас нь мэдрэгдэх вий. Нийтийн тээврийн унаанд сууж явахдаа хүртэл тэд "Дээрээс ямар нэг зүйл унаад ирэх вий" хэмээн айсан сэтгэлээ илэрхийлж, бусдыгаа тавгүйтүүлж байх юм. Хичээлийн шинэ жилийн эхний хоёр өдөр л гэхэд алаг үрсийнхээ хоёрыг нь бусдын буруугаас болж үхэлд шүүрүүлсэн. Тиймээс л тэд ийн айсан хэрэг. "Ниргэсэн хойно нь хашгирав" гэгчээр хоёр сайхан үрээ энэ хорвоогоос үүрд явуулчихсан хойноо, сая л нэг нойрноосоо сэрж, нийслэлд зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын жагсаалтыг гаргаж, хариуцлага алдсан харьяа газар, агентлагийн дарга нарыг ажлаас халж, дээр, дооргүй л хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнав. Ийн бужигнаж байх үед бас нэгэн залуу кранаас унаж амиа алдлаа. Үрээ алдсан эцэг эхийн сэтгэлийг юугаар ч нөхөж барахгүй гэлээ авах ёстой арга хэмжээгээ шуурхай авч, хийж эхлүүлсэн ажлынхаа үр дүнг эргээд харах хэрэгтэйг гурав дахь осол дахин сануулсан хэрэг биз,.

Хамгийн харамсалтай нь тэд өөрсдийн буруугаас бус бусдын буруугаас болж энэ ертөнцөөс үүрд одсон. Хичээлээ тараад явган хүний гарцаар гарч явсан охины дээрээс бетон зуурагч машины хоолой унаж амийг нь авч одсон бол хоёр дахь осол нь мөн л хичээлээ тараад явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан долоон настай охиныг хурдтай давхиж явсан автомашины жолооч дайрч амь насыг нь хохироосон юм. Охиноо алдсан эцэг эхийг "Төгс гүрэн" компани дээр очиход тус компанийнхан юу ч болоогүй мэт эвдэрсэн краныхаа эрэг боолтыг янзлаад сууж байсан гэдэг. Өөрсдийн буруугаас болж цэцэг цэврүү шиг охиных нь амийг үхэл рүү илгээчихээд "юу болж байна, бид яах вэ " гэж хүний урманд ам ангаагүй тэдний үйлдэлд голдоо ортол гомдсон эцэг эх нь зүгээр суухгүй гэдгээ хэлсэн.

Харин долоон настай охиныг дайрч амь насыг хохироосон ослын хэргийг Замын цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгаж байгаа бөгөөд осол гаргасан жолоочийг хэргийн газрыг орхиж зугтаагаагүй учраас цагдан хориогүй, батлан даалтад гаргасан гэсэн. Дээр хэлсэнчлэн үрээ алдсан эцэг эхийн сэтгэлийг юугаар ч нөхөж барахгүй гэлээ хариуцлага алдсан нөхдүүдэд хүлээлгэх хариуцлага дэндүү сул байгааг энэ мэтээр өдөр алгасахгүй гарах хэргүүд харуулаад байна бус уу.

Охиныг дайрч, амь насыг нь хохироосон жолоочид Эрүүгийн хуулийн 215.3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ заалтад жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэлх хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.

Одоогоос хэдэн сарын өмнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 25 дугаар эмийн сангийн уулзварын орчим арван хэдтэй хүүг хичээлдээ явж байх үед нь нэг согтуу нөхөр автомашинаар дайрч амь насыг нь хөнөөсөн. Мөн л дээрхийн адил хуулийн зүйл заалтаар шалгагдаж байгаа. Тэгэхээр хэнэггүй, хариуцлагагүй нь дэндсэн жолооч нарт хүлээлгэх хуулийн хариуцлага нь дэндүү чамлалттай байгаа биш гэж үү. Ийнхүү гарсан хэргүүдийг эргэн сануулж тоочихын учир нь нийслэл хот иргэдээ айдаст автуулчихсан аймшгийнхан болж хувирах гээд байгаад байгаа юм. Хаа сайгүй онгойж харласан траншейны нүх, зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй барилгын хагас дутуу техник хэрэгсэл, автомашины жолоо барьж чаддаг, чаддаггүй нөхдүүд гээд л их хотын иргэдийг айлгах, амь насыг нь авч одох зүйл их болжээ. Үнэндээ нийслэл хот иргэдээ амар тайван амьдруулдаг бус айлгадаг хот болж хувирлаа.

Уг нь, их хотын толгойн өвчин болсон замын түгжрэлийг багасгах талаар нийслэлийн шинэ удирдлагуудын авч байгаа арга хэмжээнд иргэд тун сэтгэл хангалуун байгаа. Бас дэмжиж ч байна. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр нийслэлийн иргэдийг түгшээсэн үйл явдлууд шил шилээ даран гарах боллоо. Өнөөдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа дийлэнх сургуулийн хичээлийн байр авто замтайгаа залгаа байрладаг. Захаас нь нэрлэе л дээ, Чингэлтэй дүүргийн тав, 50, Баянгол дүүргийн 28, 40, 13, Сүхбаатар дүүргийн гурав гээд л тоочоод барахааргүй олон сургууль байна. Хамгийн гол нь эдгээр сургуулиудын гадна талд автомашины хурд сааруулагч буюу хэвтээ цагдаа бараг л байхгүй шахуу юм билээ. Сая осол гарсан 13 дугаар сургуулийн ойр хавьд хурд сааруулагч, явган хүний гарц, сургууль, цэцэрлэгийн орчим байрлуулдаг "Анхаар хүүхэд" гэсэн тэмдэглэгээний аль аль нь байдаггүй юм байна билээ. Харин осол гарсны дараа хоёр хурд сааруулагч тавьсан харагдана лээ.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа ЕБС хийгээд их дээд сургуулийн судалгааг гаргаад хаана нь хэвтээ цагдаа байгуулах, хаана нь "Анхаар хүүхэд" замын тэмдэг тэмдэглэгээ тавих вэ гэх мэтээр бүх зүйлийг нэг мөр шийдэхгүй бол хотын дарга аа, иргэд чинь айдсаар дүүрэн өдрийг угтаж бас үдсээр зүрхний оёгтой болох нь ээ.

Б.Болорчимэг
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш