logo
Архи, тамхиныхаа үнийг нэм харин…

Архи, тамхиныхаа үнийг нэм харин…

2012/09/10
Шинэ долоо хоногийн эхний өдрийн таатай мэдээ, “Монголчууд архи, тамхинаас гарах нь ээ”. Учир нь Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Архи согтууруулах ундаанд ногдуулах татвар бага байгаагаас сүүлийн жилүүдэд дотоодод үйлдвэрлэсэн архи согтууруулах ундааны хэмжээ эрс нэмэгдсэн нь ийнхүү үнэд анхаарлаа хандуулахад хүргэсэн бололтой. Үүн дээр мэдээж архинд живж, тамхинд мансуурах хэмжээнд хүрчихсэн хэрэглээний асуудал манай төр, засгийнхны санааг зовоожээ.

Арга ч үгүй биз дээ. Сүүлийн гурван жилд хэрэглээ нь хурдацтай нэмэгдэж, өмнөх жилүүдийнхээс 43.2 хувиар өссөн судалгаа нь “нөхдүүдийг” ийн түргэн авахуулсан нь сайн хэрэг. Архины хэрэглээгээр толгой цохидог ОХУ-г даруй ардаа орхисон нь дараах тоо байгаа юм. Энэ нь нэг хүнд ногдох архины хэмжээ 40-өөд шил архи. Энэ бол яалт ч үгүй эмгэнэл.

Манай улс жилд дунджаар 105 мянган тонн согтууруулах ундаа үйлдвэрлэх хүчин чадалтай архи, пивоны үйлдвэртэй гэгддэг. Тодруулбал “Тусгай зөвшөөрөл” бүхий спиртийн 15, архины 92, дарсны 15, шар айрагны 23 нийт 145 үйлдвэр бүртгэлтэй байдаг аж.

Эмнэлэг, цэцэрлэгээсээ илүү тоологдох “тусгай зөвшөөрөл” бүхий архи, спиртийн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг ийнхүү үнэд оруулах нь хэрэглээ хумих сайн талтай ч нөгөө утгаараа хяналтыг өндөржүүлэх асуудал сөхөгдөнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, техникийн спиртээр архи найруулах, худалдан борлуулах зөрчил өмнө нь нэг бус удаа илэрч байсныг санах нь зүйтэй. Тиймээс архи, тамхины үнийг нэмсэн ч давхар хяналтаа сайжруулахыг албаныханд дуулгая. Нэг бус нэлээд хүмүүсийг баярлуулах уг хуулийн төсөлд 25-аас дээш хатуулагтай, дотоодод үйлдвэрлэсэн болон импортын архинд ногдох онцгой албан татварыг хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгажээ. Ингэснээр архины үнэ дунджаар 3000-7500 төгрөгөөр нэмэгдэх аж. Хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн болоод иргэдийн эрүүл мэндэд эергээр нөлөөлөхөөс гадна энэ оны төсвийн орлого 20 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэдгийг хууль санаачлагчид хэлж байгаа юм. Сайн хэрэг. Манай энэ төрлийн бизнес эрхлэгчид ч уг шийдвэрийг яригдаж эхлэхтэй зэрэгцэн хэдийнэ үнээ нэмээд эхэлчихжээ. Өчигдрийн байдлаар гэхэд л тамхины үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэн байв.

Төрийн албан хаагчид ажилгүйчүүдийн эгнээг тэлэв

“Хариуцлагагүй төрийн балагаар ажилчид нь ажлын байргүй боллоо” гэх гомдлын үгийг Төрийн албаны зөвлөлөөс гаргасан долоо хоног дууслаа.

Хэдийгээр асуудал, сайн, муу талтай ч өргөн утгаар нь авч үзвэл энэ байдал төрийн хариуцлагагүй байдлаас үүдэлтэйг салбарынхан хэлнэ. Өөреөр хэлбэл, төр бол ажил олгогч. Төрийн албан хаагчид гэдэг нь ажилтан юм. Тиймээс хууль ёсны шалгалтыг нь өгөөд, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчийнхаа өмнө ажил олгогч нь хариуцлага хүлээх үүрэгтэй. Тодруулбал, ажлын байрыг нь хадгалахыг хичээх ёстой байлаа.

Гадны томоохон компани, төрийн эргэлтүүд ч ийм л зарчим баримталдаг. Тэд эдийн засагт нь хямрал нүүрлэлээ ч хамгийн түрүүнд ажлын байраа хадгалахыг хичээдэг. Яагаад гэвэл, тухайн компани ажилчдынхаа өмнө хариуцлага хүлээдэг учраас тэр юм. Эрх зүйт төрийн иргэн хэмээн ярих дуртай ч манайд төрийн зөв, найдвартай бодлого даанч байдаггүй нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, Монгол төрийн бодлого урт хугацаанд, тогтвортой хэрэгждэггүйтэй холбоотой юм.

Төрийн түвшин бодлого байдаггүйгээс дөрвөн жил болоод л ажлын байрны боловсон хүчний асуудал яригддаг. Албан хаагчдыг халж сольдог. Нам, эвсэл, бялуу, талхны булан хуваахын зовлонг төрийн албан хаагчид мэдэрдэг гэсэн үг юм. Үүнээс хэд хэдэн гаргалгаа хийж болохоор байгаа юм.

Нэгдүгээрт, төр, албан хаагчаа олноор халж байгаа нь урт хугацааны тогтвортой бодлогогүй, найдваргүй болохыг харуулж буйн жишээ. Хоёрдугаарт, саяхан болсон “Дисковер Монголиа-2012″ дээр ч яригдаж л байсан. Салбарынхан ч хэлнэ дээ. Чуулганы үеэр “Засгийн газрын цаг”-т оролцсон хүмүүсийг харах нь ээ, дандаа яамны хуучин газрын, дарга нар байв. Тэд төрөөс цаашид ямар бодлого баримтлах талаар мэдэхгүй, хэн юу хариуцаж байгаа нь тодорхойгүй, хөрөнгө оруулагчдын асуултад хариулт өгч чадахгүй, хамгийн инээдэмтэй нь “Засгийн газар эмхлэгдэхийг хүлээж байна” гэх хариултаар баруун солгойгүй “булж” байлаа. Үүнээс дахиад гаргалгаанд хүрч болно. “Манай төрийн бодлого дөрвөн жилийн настай юм байна” гэдгийг төвөггүй мэдэж болохоор байлаа. Уг нь улс орон 50-60 жилээр бодлогоо тодорхойлж урагш давшин хөгжин дэвждэг. Гэтэл манай улсын хувьд төрийн бодлого дөрвөн жил болоод орвонгоороо солигддог. Үүнээс хоёрдугаар асуудлынхаа хариултыг олж болно. Төр албан хаагчдаа олноор халж байгаа нь нийт иргэд, албан хаагчид, хөрөнгө оруулагчдынхаа өмнө манай төр урт хугацааны туршид хариуцлага хүлээх чадамжгүй юм байна гэдгийг батална. Тэгэхлээр төрийн найдваргүй байдлаас үүдсэн дөрвөн жилийн настай төрийн албанд зүтгэх хэрэг байна уу.

Ийм л нэгэн хариуцлагагүй төрийн балагийг мэдэрч яваа нэгэн бизнесмен хатуу ч гэсэн үнэн үг хэлсэн нь санаанд зурсхийв. Тэрбээр, “төрийн албан хаагч ажлаасаа гараад хувийн хэвшилд орчих боломжтой. Төрийн албан хаагчийн шалгуур өндөр тул хувийн хэвшилд ажилд ороход хүндрэл бага. Тэгээд ч чадварлаг боловсон хүчний эрэлт зах зээл дээр их бий. Тэгэхлээр одоо халагдаж байгаа нөхөд төрийн шалгуурыг хангахгүй учраас халагдаж байгаа хэрэг биш. Зүгээр л засаг солигдож байгаа учраас халагдаж байна. Ажилгүйчүүд нэмэгдэж, Азиас эдийн засгийн хямрал эхлэх салхи хэдийнэ үлээгээд эхэлчихсэн энэ үед иргэдээ олноор нь ажлаас халах бодлого барьж байгаа нь төрийн зөөлөн сандал, суудлын “дайн”-тай яалт ч үгүй нарийн холбоотой” гэсэн юм.

Тэрбээр мөн санаагаа ийнхүү лавшруулсан. “Жишээ нь чи төрийн албан хаагч, эсвэл хөрөнгө оруулагч байлаа гэе. Энэ нөхцөлд төр чиний өмнө дөрвөн жил л хариуцлага хүлээнэ. Хэрэв улс төрийн шинэ хүчин гарч ирэх юм бол чи ажлаас халагдаж байна. Ингэснээр урт хугацаанд байгуулсан гэрээ, хөрөнгө оруулалт чинь салхинд хийсэх Эрсдэлтэй. Чиний өмнөөс хэн ч хариуцлага хүлээхгүй. Урт хугацааны гэрээ хэлцэл байгуулсанаараа чи хохирно” гэсэн нь төрийн бодлого буруу байгааг батлах жишээ байв.

Долларын ханш чангарсан нь эдийн засгийг хөлдөөж байна

Хэдийгээр манай эдийн засагчид ам.долларын ханш чангарч байгааг анхааруулсан ч энэ байдалд хориг тавих боломжгүй болсон бололтой. Долларын ханш чангарч байгаагаас хэд хэдэн дүгнэлт хийж болохоор байна. Юуны өмнө манай улс дахь гадаадын хөрөнгө оруулалт буурч байгааг илэрхийлэх ч нөгөө талдаа хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд орсны нэг баталгаа нь ханш чангарах үзэгдэл гэж болохоор байна. Өөрөөр хэлбэл, стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хууль баталснаар хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа царцаах, улмаар хүлээлтийн байдалд орох шинж ажиглагдсаныг эдийн засагчид анхааруулдаг.

Үүнийг батлах шиг саяхан болсон “Дисковер Монголиа-2012″ чуулганы үеэр хөрөнгө оруулагчид хуулийг дахин шинэчлэн батлана гэсэн хүлээлттэй байгаагаа цухуйлгаж байлаа. Өнөөх л төрийн солбицол, хуулийн өөрчлөлтүүдээс хамаарч хөрөнгө оруулалтын урсгал татарсан байх боломжтой байна. Ингэснээр гаднаас доллар орж ирэх нь буурснаар дотоодын долларын нийлүүлэлт багасаж байгаа хэрэг юм. Ингэснээр өнөөх эдийн засгийн гинжин хэлхээ болох долларын эрэлт нэмэгдэж үнэд нөлөөлж буй юм. Энэ бол эхний шалтгаан. Долларыг үнэтэй болгож байгаа дараагийн шалтгаан нь манай экспортын орлого буурсан үзүүлэлт.

Энэ оны наймдугаар сарын 15-ны байдлаар манай улс экспортоос 167.9 сая доллар олсон байна. Тэгвэл өнгөрсөн оны мөн үеийн байдлаар 248 сая доллар олж байжээ. Харьцуулбал, экспортын орлого маш их хэмжээгээр буурсан. Нүүрсний экспорт гэхэд л хагас жилийн байдлаар ердөө зургаан сая тонн байна. Тэгэхлээр Хятадад эрэлт буурсны улмаас манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт багасч үүнийг дагаад орлого ч буурсан нь харагдана. Ингэснээр өнөөх манайд орж ирэх долларын урсгал багассан гэсэн үг. Энгийнээр тайлбал, дотоодод эрэлт бий болж улмаар ханш нь өсчээ гэсэн дүгнэлтэд хүрч болох юм. Манай улсын хувьд долларын ханш чангарч байгаа нь эдийн засагт таагүй уур амьсгал бий болж буйн илрэл. Тэгвэл долларын ханш чангарснаар манайд хэрхэн нөлөөлөх вэ. Товчхондоо зардал өснө. Улсын, хувь хүн, айл өрх, компанийн зардал өснө гэсэн үг.

Энэ нь дараах судалгаагаар батлагдана. Өнгөрөгч наймдугаар сарын 15-ны байдлаар манай улсын гадаад худалдаан дотор экспорт 2705.9 сая ам.доллар, импорт 4301.5 сая доллар хүрчээ. Үүнээс юу харагдаж байна вэ. Бид ерөөсөө л гаднаас хамаг юмаа авдаг гэсэн үг. Хоол хүнс, хувцас, машин, тоног төхөөрөмж… Бүхнийг гаднаас авч байна. Энэ нь долларын хэрэгцээг ихэсгэж улмаар эдийн засагт таагүй уур амьсгалыг авчирч байгаа хэрэг юм. Одоо тэгвэл хэрхэх вэ.

М.Мөнхтунгалаг
Эх сурвалж: "Нийгмийн толь" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш