logo
Цалингаас цалингийн хооронд /Хошин өгүүллэг/

Цалингаас цалингийн хооронд /Хошин өгүүллэг/

2012/09/10
Хоёр нарны хооронд ажил хийнэ. Хоёр цалингийн хооронд амьдрал залгана. Мөнгө байхгүй бол гурай царайлна. Бидний амьдрал авонс, бөгс мөнгө хоёрын хооронд тарж бутран сарниж,”зээл” өгдөг буянтанг бурхан илгээсний хүчинд дахин нийлж, арай л гуйлгын хар уут нөмрүүлэн гудамжинд гаргачихалгүй торгооно.

Бурхан гэж “үнэн”-ээсээ байдаг бол цалингий минь битгий таслаарай гэж духаа цоортол,өвдөгөө шар ус хуртал мөргөхийг хүснэ. Үнэхээр бурхан надтай ярьдаг бол өлмий дээрээ сөгдөөд өчнөөн зовлон яримаар санагдана. Даанч тэр “баримал” надтай хүн ёсоор тоож дуугарахгүй хөгжлийн бэрхшээлтэй. Шавраар хийлээ амилахгүй. Зэс гуулиар цутгалаа нүд нь хөдлөхгүй. Мөнгөөр, алтаар бүрхлээ. Амь орж, ганц үг ганхийхгүй. Алтан сургаалийг тань “амь”-тай албат бидэндээ арга билгийн нүд нь нээгдсэн ачит лам хуваргууд дамжуулаад байна уу, эсвэл өөрсдөө зохиогоод бантангий нь хутгаад байна уу?Мэдэх юм алга.

Ёстой мэдэхгүйд мэргэн цоохор гэдэгчлэн түвдээр бичсэн мэргэн номлолыг тань чихээ дүлийртэл сонсоод ойлгох юм алга. Мөнгөгүй болчихвол зүрх нь түг түг цохилдог, мөнгө зүүдэлж хар дарж муухай орилдог сүсэгтэн бидэндээ мөнх амьдралыг бэлэглэхгүй ч гэсэн оройн дээд шүтээн “авралт” бурхан минь та цалингий нь цагт нь тавьж бай гэж үйлдвэрийн эзэнд минь хэлээд дамжуулаад өгөөрэй...

Цалингаас цалингийн хооронд цангаж ч үзлээ. Цам харайж бадар барьж ч ханалаа...Миний ажилладаг үйлдвэр бол ариун цэврийн цаас хийдэг бэсрэгхэн үйлдвэр л дээ. Дарга цэрэг нийлээд гуч гаруй хүн жорлонгийн цаасны хүчинд амиа зогоогоод, амьдралаа “чирээд” явж байгаа билээ. Үйлдвэрлэсэн цаас борлогдохгүй бол урьдчилгаагаа ч төлж чадахгүй өрөнд орно. Иймд хүн бүр жорлонгийн цаасаа борлуулах гэж зах зээл, гудамж талбай, албан байгууллага хаа хүн байна уулын оройд “цасны хүн” ч байсан голохгүй, ус үерлээд боогдсон арал дээр ч хүртэл сурталчилгаагаа явуулна.

''Эх орны үйлдвэрийн торго шиг зөөлөн анхилам үнэртэй нойлын цаасаа аваарай'' гэж рекламдана. Нэг удаа их хурлын гишүүн нэг бүдүүн нөхрөөр сурталчилгаагаа хийлээ. Ууж идэхдээ уургын морь шиг галбиртай нөгөө гишүүн жорлонгийн цаасаар хүүхэд шиг тоглоно. Амаа арчина. Хөлсөө арчина. Гараа арчина. Нуухаа арчина...Бөгсөө арчихыг нь оператор харуулсангүй. Гэхдээ тэр зураглаач “Яасан зөөлөн цаас вэ?” гээд камерныхаа дурангийн шилийг арчсан нь жинхэнэ бодитой сурталчилгаа болсон гэж би хувьдаа дүгнэдэг.

Зөөлөн байх тусмаа хэрэглэгчдийн анхаарлыг татдаг юм байх гээд технологич маань цаасаа бүр хальс шиг нимгэн болголоо. Телевизийн нэг нэвтрүүлгээр нэг сурган хүмүүжүүлэгч нөгөө цаасыг хуруугаараа чичин “Цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй. Хүн хэдий хэдий цэцэн ч хэлэхээс нааш ухаарахгүй” гэж бодитойгоор номлов.

Тамхичид тамхиа ороогоод...Хүүхдүүд зураг буулгаад эрэлт хэрэгцээ гэж зөндөө зөндөө. Хүмүүс хэрэглэхдээ цоорчих вий гэж олон давхарладаг тул манай бүтээгдэхүүн нэг хэсэг “амжилттай” борлогдож байлаа. Тэгтэл мэдээгээр нэгэн хэрэглэгч ярьж байна. Цаас нь цоороод хуруугаа баастчихсан гэнэ. Чанарын хувьд энэ бол муугийн шилдэг жишээ болж,технологич цаасныхаа зузааныг нэмлээ. Улсын заанаар “сурталчилгаа”-гаа явуулав. Эс тэгвэл барагтай хүн нугалж дийлэхээргүй “хатуухан Хайрхан” болжээ.

Хир барагтай хүний хуруугаар “цоорохгүй” болсон ч хар бор ажил хийдэггүй “цагаан гартнуудад” бол барж идэхгүй “хоол” болов. Гар барилдаанаар хичээллэдэг хүмүүст наад захын “бэлтгэл” хийх гарын доорхи хэрэглүүр болж, хуруу гарын “чилээгээ” гаргах дуртай хүмүүст “нойлын цаас базах” гэдэг шинэ “дасгал”-ын төрөл зүйл үүслээ. Гар тулаанаар хичээллэдэг багачууд хуруугаараа “цаас цоолох” хичээл хийнэ. Сурталчилгааны заан манай шинэ бүтээгдэхүүнийг “сурталчлах”-даа “Өдөр бүр би үүгээр хуруу гарын базалт сайжруулах дасгал хийдэг. Ялангуяа үе мөчний өвчтэй хүмүүст эмнээс илүү хэрэгтэй” гэж зурагтаар “цацсан” тул манай шинэ бүтээгдэхүүн ариун цэврийн цаас гэхээсээ илүүтэй биеийн тамирын дасгал, эмчилгээ-массажны гол хэрэглэгдэхүүн болж, өргөн олонд “тархав”.

Зарим сургуулийн зургийн багш нар “зургийн цаас” болгож, боловсролын системд “нэвтрүүлэв”. Жижиг дунд үйлдвэрүүд манай цаасыг сав баглаа боодолдоо ашиглаж, шинэ бүтээл оновчтой санаачлага нэвтрүүлсэний үр дүнд манай бүтээгдэхүүн зах зээлд нэг хэсэг “хүчийг” авав. Сүүлдээ бид “нойлын цаас” хийгээд байна уу, цаас картон үйлдвэрлээд байна уу гэдгээ ойлгохоо болилоо.

Зах зээлийн хууль хойно нэг өдөр шинэ бүтээгдэхүүнээ зогсоож, евро стандартын зарчмаар ажиллах шаардлага гарлаа. Ёстой баларсан юм болсон. Гахай шиг идэж, нохой шиг “жорлонддог” хэрэглэгч нараас “хатуу” цаасаар бөгсөө арчсаны гайгаар арьс нь “урагдаж” шамбарамба туслаа гэх “SOS”-ын “дуудлага” ирэх болсноос үүдэн “цагаан мах”-ны өвчтэй бүх хүмүүс үүгээр шалтаглан “өргөдөл гомдол” тавьж, манай үйлдвэрийн технологийн буруугаас гэсэн “оношоор” олсон хэдийгээ “шүүхийн нэхэмжлэл”-д тараасаар үүдээ барих дөхөв.

Технологич маань “толгой” сайтай залуу “хүүхэд” болохоор бамбайн ханд,таван салааны найрлага шингээсэн шинэ төрлийн “бүтээгдэхүүн” бодож олсны үр дүнд дараа сараас нь “шархаа нөхөж” үйлдвэрийн ажиллагаа дахин жигдрэв. Хоёр хүний нэг нь шулуун гэдэсний үрэвсэлтэй Монголчуудад манай шинэ бүтээгдэхүүн дэндүү таалагдлаа. Удахгүй бид вишневскийн мазь-тай шинэ цаас үйлдвэрлэхээр Улсын Клиникийн нэгдсэн эмнэлгийн шулуун гэдэсний мэс заслын тасагтай гэрээ хийчихээд туршилтын цаасаа туршиж эхлээд байна...

Үйлдвэрийн борлуулалтаас хамаарч бидний цалин хөлс “ирдэг” болохоор гэр орноо “гал алдуулчихгүйн” тулд даргаасаа эхлээд цэвэрлэгчээ хүртэл эв саналаа нэгтгэн нэгэн дор зориглон хөдлөхгүй бол цэнгэлийн манлайд хүрч чадахгүй гэдгийг манай хамт олон сайн ойлгодог учраас эрвийх дэрвийхээрээ хөдөлдөг. Хуучин социализмын үед “сайхан” байж дээ.

Бүтээгдэхүүн борлоно уу яана уу маниуст хамаагүй байлаа. Арван тав хоногт цалингаа авчихаад хувиа борлуулаад,хувьсгалт намаа магтаад, дэлхийн гуравдугаар дайн гарчихгүй бол ажин түжин тэгсгээд яваад байдаг байв. Урьдчилгаа цалингаараа мах, гурилаа авчихаад шааригдаж явтал сарын сүүлд дахиад цалин авна. Сайхан байжээ, хүнээс царайчлахгүй хоногийн “хоол”-оо хүргээд, хоёр идэхгүй хоосон хонохгүй, ходоод дотроо муутгаж хоолны хордлого тусч хорвоог орхичилгүй, хохимой толгойгоо хорт санаатанд хагалуулчихалгүй мөрөөрөө мөөмөө унжуулаад явдаг байлаа.

Одоо бол өөр өө...Зах зээл,үнийн хөөрөгдөл,ханшийн уналт гээд хамаарахгүй юм байхгүй. Америкт нэг банк дампуурахад манайд “гай” нь тусч байх шиг. Грекийн хямралаас болоод захын наймаачид мах гурилын үнэ ханшаа өсгөөд...Японд газар хөдлөхөд манайд барууны машины үнэ тэнгэрт хадаад... Миний бодлоор бол Монгол чинь дэлхийд нэг жижигхэн тосгон баймаар санагдах юм. Тосгонд нүүрс, алт, жонш, төмөр гээд байхгүй юм алга.

Дээр нь таван хошуу мал, арьс ноос, тариа будаа, төмс ногоо...Их хуцвал бензин шатахуун хийх “хар алт” ч байна. Тэгээд яагаад “болдоггүй” юм бэ гэж асуу л даа. Бүх юм тосгоны “зөвлөл”-өөс шалтгаалж байна.”Зөвлөл” ажиллаж “чадахгүй” байна шүү дээ. Зөвхөн хар амиа бодоод, тосгоны “хөрөнгөөр” гараа “угаагаад” байна...

Борлуулалтаа “зохицуулж” чадахгүй, бас менежмент алга. Манай үйлдвэр шиг “амиа аваад” явбал хэн хэндээ хэрэгтэй сэн. Тэгэхдээ би “картоноор” бөгсөө арч гэж хэлээгүй л дээ. Ажилчдынхаа цалинг өгөхийн тулд шатрын “бодлого” шиг сэтгээч л гэж хэлье. Шатарчин охидуудынхаа “өрөг”-нөөс суралцаасай. Манай охидууд шатраар дэлхийд чамгүй амжилт гаргадаг шүү дээ.

Эрчүүд нь шатарт тааруухан дамшигууд уу, ”Зөвлөл”-ийн “ажлыг” унагаад байх юм. Тэгсэн хирнээ муу “юм”-анд сайн. Мөрийтэй тоглоом харахаараа “тосгон”-ы мөнгөөр тоохгүй тоглоно. Тосгоны зөвлөлийн хурал дээр нууцгайхан “хорин нэг” татсан шигээ сууж байдаг...Цалингаас цалингийн хооронд “тураалд” орохгүй “үзэлцье” гэвэл зах зээлийн овсгоо самбаа дутагдаж байна.

Тосгон болон тосгоны оршин суугчидаа мартсан байг хамаагүй хүнд луйвардуулахгүй “наймаагаа” зөв хийгээд яваач. Зах дээр гутал зарж байгаа худалдаачин ашиг олох гэж өдрийг барж тэнд суудаггүй билүү...Үг олдож үхэр холдох нь. Мань мэт нь хүнд сургаад байх ч юу байх вэ, цалингаа бүтэн авчихаад үйлдвэрийн захирлаа “бурхан” гэж бодоод явж байвал барав. Цалин гэснээс яг цалингаа авдгийн даваан дээр манай үйлдвэрийн харилцагч банк дампуураад сүйд болов оо чи минь.

Алт, нүүрсний хэдэн том магнатууд байдаг мөнгий нь “зээлж” аваад тэр банкны амыг нь барьчихав. Өдөрт хэдэн саяар нь олоод байгаа мөртлөө банк “багалзуурдаад алчихдаг” цагаандаа гарсан шидлүүд юм даа. Хохирлыг улс барагдуулахаар хэл ам болж, төсвөө “танах” ажиллагаа явуулж байтал зэсийн үнэ дэлхий нийтэд өссөний ачаар “нэмэгдэл ашиг” төрийн авдранд “хонжворын сугалаа” шиг орж ирж, ашгүй улсаас “хохирогчдод” хохирлыг барагдуулсаны хүчинд цалинтайгаа залгав.

Муу ёрлож байгаа юм биш улсын төсөвт ер нь дараа онд тэдэн банк дампуурна, төдөн компани “цааш харна” гээд эрсдлийн сангаа ахиухан ”суулгаж” өгмөөр юм. Нэг юм цалингийн бараа “харах” нь ээ захын жижиглэнгийн үнэ “өсчихөв”. Ливид дайн болсон тул Оросууд шатахууныхаа үнийг нэмээд “тосго”-ны эдийн засгийг “алаад” хаялаа.

Яаж ч ашигтай ажилласан цалингийг маань зах зээлийн хямрал “нам” цохичих юм. Хуучин үед Орос ах нараасаа зээлээд нэг хормойгоо нөгөө хормойгоороо “нөхөөд” явдаг байсан бол одоо май гээд зүгээр нэг “мөнгө” сарвайх “ачтан” үгүй болжээ. Өгвөл өөдөөс тэр Толгойгоо өг, энэ Толгойгоо барьцаал гээд газрын зураг дээр “ажиллаад” унана. Яамаар ч юм дээ бүү мэд, хүн болж төрснийх амьд явмаар байдаг.

Амьд явах гэхээр мөнгөгүй бол амбан явахгүй. Ажил хийсэн болно. Ажилласан цалингаа авах гэхээр бөөн хэл ам. Энэ татвар, тэр татвар арай л амьсгалсан гэж агаарын татвар авахгүй. Хорт утаагаар амьсгалаад байхад чинь л эрүүл мэндийн даатгалын татвар нэхнэ. Эсвэл би төрөхдөө андуураад төрчихсөн юм бол уу гэж бодлоо. Үгүй бол манайд төрөх ёстой хүмүүс солигдоод Хойд европ, Япон, Сингапурт төрчихсөн юм бол уу?

Бурхан тэгж байгаад “хариуцлагагүй” шүү. Хүний хувь заяагаар тоглоод байхдаа яадаг байнаа...Цалинтай залгалаа. Юуны түрүүнд гутлаа худалдаж авна. Мэдээж, хямдханыг нь хараад захаас авна. Сар өмсвөл их юм шүү дээ. Ул мулан дээрээ “Made in Italia” гээд биччихсэн. Зарж байгаа хүн ч “рекламдах” гэж манай үйлдвэр нойлын цаасаа яаж “цаасан малгай” өмсүүлдэг шиг үгээ олохгүй магтана. Авлаа. Сар болохгүй ул нь цоороод, өсгий нь ханзраад уначихна. Учир нь олдохгүй юм гэж хорвоогоор дүүрэн дээ, хятадад үйлдвэрлэсэн итали гутал өмсөх үү, италид үйлдвэрлэсэн хятад гутал өмсөх үү...

Хятадууд харин европод гайгүй юмаа “гаргадаг” гэж байгаа. Чанаргүй бүтээгдэхүүн гаргавал гэрээний торгууль төлнө. Манайхан болохоор хамгийн хямд чанаргүйг нь авчирна. Угаасаа манайд чанаргүй юм хийж зарахгүй бол хүн ам цөөхөн болохоор ашиг гарахгүй. Чанаргүй гутлыг сар бүр нэгийг өмсвөл жилд арван хоёр хос гутал. Италид бол өөр. Чанартай нэг гутлыг жилд нэгийг өмсөнө. Энэ чинь л түрүүний миний “үглээд” байсан наймааны “ухаан” юм.

Чанаргүй дээрээ бүр чанаргүй гэж байна. Хальс юмуу юу юм бэ? Ноднин би нэг “гялгар” гутал захаас аваад гэртээ хүрэлгүй “салаад” унаж билээ. Таксигаар гэртээ хүргүүлэх замд таксины жолооч “Өнөөдөр би ийм юм гурвыг үзэж байна.

Өглөө нэг залуу захаас худалдаж авсан гутал нь зулгаараа салаад гуталчин хүргүүлсэн. Өдөр нэг хүүхэн гоёлын шаахайных нь өсгий мултраад гэртээ хүргүүлсэн. Чи одоо гурав дахь болж таарлаа” гээд учиргүй инээсэн. Нэг гутлыг дараагийн цалин хүртэл өмсөнө гэдэг бас л хүнээс “авъяас” шаардана. Гуталчинд тахлуулна. Чулуугүй газраар явна. Автобусанд хүнд гишгүүлчихэлгүй “нүдний цөцгий” шиг “хайрлах” гээд бөөн асуудал.

Цалин хүртэл салахгүй хүргэчихвэл их юм. Үүнийгээ тэмдэглэж зуу татсан ч яах вэ...Эцэст тэмдэглэхэд цалингаас цалингийн хооронд амьдарч, автобусанд орохдоо халаасны хулгайчид олсон хэдийгээ “өргөчих вий” гэж хамаг биеэ “эвхэрч хурааж” явдаг хөөрхий пролетаричууд та нартаа удахгүй засгийн газраас та бүхний цалинг тавин хувиар нэмэх баяртай мэдээг дуулгахын ялдамд өрх бүлийн тооцоогоо зөв “зохицуулж” өр ширэнд бага орж, олсон цалин мөнгөө хуримтлуулж, өнгөлөг машинтай, өндөр харштай болохыг хүсэн ерөөе. Цалингаас цалингийн хооронд цагаан зам татуулсан гэр ажил хоёрын чинь зааг дээр “гэмт” явдалтнууд бүү таараг гэж хүсье.

Даваажавын Эрдэнэмөнх 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш