logo
Америк шинэ дайнд бэлтгэж байна

Америк шинэ дайнд бэлтгэж байна

2012/09/11
Бүгд Найрамдах намаас нэр дэвших Митт Ромни ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулбал тус улс дэлхийд хэрэгжүүлэх бодлогоо өөрөөр төсөөлж болзошгүй байна. АНУ-ын одоогийн дэд Ерөнхийлөгч Жосеф Байден “Хэрэв Митт сонгуульд ялбал Вашингтон хэд, хэдэн дайны төлөвлөгөө боловсруулна. Энэ нь Бүгд Найрамдахчуудын эртнээс бэлтгэж буй ажлуудын нэг” гэжээ.

Гэхдээ үүнийг өрсөлдөгч намын ухуулга гэж ойлгож болох талтай ч Бүгд Найрамдах нам нэгдсэн улсын эрхийг атгахдаа олон ч дайны хар мөр үлдээсэн билээ. Засгийн эрхийг хатуугаар барьж, эдийн засаг, нийгмийн хөгжлөөс илүүтэй хилийн чанадад зэвсэглэлээр хөөцөлдөх дуртай энэ намын одоогийн нэр дэвшигч Митт Ромнигийн байр суурь ч намын үзэл суртлаасаа хөндийрөхгүй байна. Тэрбээр одоогийн төрийн тэргүүн Барак Обамаг “Хилийн чанадад хэт сул байр суурь баримталдаг. Дарангуйлагч Хойд Солонгос, Иранд буулт хийх зарчмыг баримталж ирсэн” гэх мэтээр хатуухан шүүмжилжээ. Мөн Митт Ромнигийн үзсэнээр Хятад улстай эдийн засгийн өрсөлдөөнд оролцох боломжийг Ардчилсан намынхан боогдуулсаар ирсэн гэнэ. Түүнчлэн Сири АНУ-ын хамгийн том асуудал хэвээр байгаа гэдгийг Тампа Бэй дэх кампанит ажлынхаа үеэр Митт Ромни онцлон тэмдэглэсэн юм. Ажиглагчид түүний мэдэгдлийг “АНУ буулт хийж байгаа нь буруу. Сирид цэргийн хүч оруулж олон сар үргэлжилсэн дэлхийн гүрнүүдийн зөрчилдөөнд цэг тавих ёстой” гэсэн утгаар хүлээн авч байна. Митт Ромни АНУ-ын засгийн эрхийг атгавал зайлшгүй хатуу бодлого баримтлах нь эхнээсээ илэрхий байсан хэмээн “Америкийн дуу хоолой” радио мэдээлжээ.

М.Ромин АНУ-ын хилийн чанадад гүйцэтгэх үүргийг түрэмгий, зарчимч байдлаар харж байна. Түүний мөрийн хөтөлбөрт ч энэ талаар дурьдагдсан. АНУ-д боломж олгох зах зээлийг судалж, түүнийг Вашингтоны талд ашигтай гэрээ үзэглэх бүх нөхцөл байдлыг “ямар нэгэн” аргаар эргүүлэх ёстой хэмээн М.Ромни олон ч удаа хэлж байжээ. Одоогийн Митт Ромнигийн үйл хөдлөл, амбиц найман жилийн өмнөх Жорж Буштай хэтэрхий төстэй байгаа талаар шинжээчид өгүүлжээ. “Вашингтон пост” сонинд бичсэнээр “Обамагийн засаглал эдийн засагт түлхүү байсан бол хилийн чанадын асуудлуудад хойш суух байдлаар оролцож байна. Харин М.Ромни төрийн эрхэнд гарвал байдал эсрэгээрээ эргэнэ. М.Ромни олон улсын эдийн засгийн хямралыг асуудал гэж авч үзэхгүй байна. Тэрбээр энэ бүхэнд зөвхөн Б.Обамаг буруутгасаар ирсэн бөгөөд өөрөө Ерөнхийлөгчийн суудлыг эзэлбэл байдал зөв тийш хазайна хэмээн ухуулж байгаа юм. Магадгүй бусад нэр дэвшигчдээс ялгарч чадсан цорын ганц амжилт нь энэ байж болох талтай. Тэр Б.Обамаг бусдаас хамгийн ихээр шүүмжилсэн. Тэр хэрээр АНУ-ын ард түмний тэн хагасыг өөрийнхөө бодлогод эргүүлэхээр чармайж байна” гэжээ.

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН “ТУЛААН”

Энэ оны арваннэгдүгээр сард АНУ-ын ард түмэн ирэх дөрвөн жил төрийн эрх барих удирдагчаа сонгох түүхэн үе. Өрсөлдөх хоёр эрхмийн нэр хагас жилийн өмнө тодорсон нь ард түмэнд сонголт хийхэд тааламжтай байх нь дамжиггүй билээ. Хамгийн гол нь АНУ-ын үүрэг олон улсын тавцанд хэрхэх вэ гэсэн асуулт ирэх сонгуулийн хамгийн том сэдэв юм. Обама өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Иракийн дайныг зогсоож, Ойрхи Дорнодод байрлах цэргийн хүчээ цөөлсөөр ирсэн. Афганистанаас ирэх онд америк цэргүүд гарна гэсэн амлалт сонгуулийн зааг дээр тулаад байна. Хэрэв Обама дахин сонгогдвол Пентагоны цэргийн бодлого мөн л хилийн чанадад бага үүрэгтэйгээр оролцоно.

Тэгвэл Митт Ромни одоогийн төрийн тэргүүний байр суурийг эсрэгээр нь харж байна. Түүний гарт АНУ-ын хамгийн өндөр албан тушаал очвол тэрбээр Ираны асуудлыг нухацтай авч үзэх юм. Энэ нь даамжирсаар дайны нөхцөл байдалд ч хүргэж мэдэх талтай. Гэвч тэр бодлогоосоо татгалзсангүй. М.Ромнигийн хилийн чанадад хэрэгжүүлэх дараачийн алхам бол Сирийн энх тайван. Тэрбээр Башар Ассадыг түргэн хугацаанд суудлаас нь холдуулж, ард иргэдийн аюулгүй байдал, химийн хүчтэй зэвсэглэлийг аюулгүй болгох хүсэлтэйгээ мэдэгдээд байна. Нэг үгээр хэлбэл, Бүгд Найрамдах нам Вашингтонд ялалт байгуулбал дэлхийд АНУ-ын оролцоотой хоёр ч том хэмжээний дайн дэгдэх магадлал ойрхон байгаа. М.Ромни Польш, Израйлыг АНУ-ын хамгийн дотно түнш гэж нэрлээд ОХУ, Кубыггеополитикийн хамгийн том “дайснууд” гэсэн билээ. Энэ нь Митт Ромнигийн барих бодлогыг шууд илэрхийлж байна. М.Ромни Ерөнхийлөгч болбол АНУ олон улсын тавцанд нэлээд ширүүн, түрэмгий бодлогоор тодорхойлогдож эхлэх юм.

Бэлтгэсэн Т.БАТСУГАР
Эх сурвалж: "Нийгмийн толь" 


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш