logo
Озоны давхаргын талаар мэдээлэл хийнэ

Озоны давхаргын талаар мэдээлэл хийнэ

2012/09/12
Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөрт зориулан БОНХЯ-ны Озоны үндэсний албанаас энэ сарын 14-нд "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлажээ.
Уг хуралд НҮБ-ын Озоны давхаргыг хамгаалах конвенцын нарийн бичгийн дарга нарын газрын ажилтан МэгүмиНакамура Сэки, БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, Озоны үндэсний албаны захирал др, проф Ц.Адъяасүрэн, Төслийн нэгжийн зохицуулагч Д.Дуламсүрэн, Монголын хөргөлтийн инженер техникчдийн холбооны захирал Л.Даваасүрэн, Озоны үндэсний албаны мэргэжилтэн Ч.Нарангэрэл, Д.Одонцэцэг нар оролцох юм.
Энэ онд энэ өдрийг “Ирээдүй хойч үеийнхээ төлөө эх дэлхийнхээ агаар мандлыг хамгаалъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд энэ жил Монреалын протокол батлагдсаны 25 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм. НҮБ-ын Озоны давхаргыг хамгаалах конвенцын нарийн бичгийн дарга нарын газрын ажилтан Хатагтай Мэгүми Накамура Сэки Монреалын протоколын 25 жилийн ойн баярыг тохиолдуулан НҮБ-аас Монгол Улсын озоны давхаргыг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлсэн хүндэт шагналыг энэ өдөр гардуулах гэнэ. Мөн энэ өдрийн 14.00 цагаас Эрх чөлөөний талбайд Озоны давхаргыг хамгаалах Монреалын протокол хүчин төгөлдөр болсны 25 жилийн ойд зориулсан олон нийтийн арга хэмжээг БОНХ-ийн сайд С.Оюун, НҮБ-ын Озоны давхаргыг хамгаалах конвенцын нарийн бичгийн дарга нарын газрын ажилтан Мэгүми Накамура Сэки нарын оролцоотойгоор зохион байгуулах аж.
Озон задалдаг бодисын тухай Монреалын протокол нь 1987 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр анх 24 орон гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, НҮБ-аас тухайн өдрийг Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр болгон тунхаглажээ.
Б.Туул 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш