logo
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж эхэллээ

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж эхэллээ

2012/09/12
УИХ-ын чуулганаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн эхэнд хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцууллаа
2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа АН-ын “Монгол хүн”, ИЗНН-ын “Амьдрал”, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн “Монголоо аврах таван хувьсгал” хөтөлбөр, 21 аймаг, 330 сумын иргэдийн санал, иргэний нийгэм, эрдэмтэн, судлаачдын саналыг тусгажээ. Гол үзэл санаа гурван зүйлд чиглэгдэж байгаа юм байна. Тодруулбал, Иргэдээ ажилтай орлоготой болгох тодорхой алхмуудыг тусгасан, хоёрт, хүнд суртал, авлигатай тэмцэх, гуравт, их бүтээн байгуулалтыг дуусгах чиглэлийн ажлыг оруулжээ. Хөтөлбөр ажилтай, боловсролтой, орлоготой монгол хүн, эрүүл, аюулгүй орчин гэсэн үндсэн таван бүрдлээс бүрдэж байгаа аж. Илтгэлийг танилцуулах явцад Ерөнхий сайд “Хийх ажил, хэрэгжүүлэх шинэчлэлтэй боловсруулсан” гэдгийг онцоллоо. Ажилтай орлоготой монгол хүн бүлэгт зээлийн хүүг бууруулах бодлого барьж байгаа аж. Зургаан хувийн хүүтэй зээлийг урт хугацаанд яаж зөв хийх үү гэдэгт олон зүйлийг төлөвлөжээ. Мөн хавтгайрсан халамжаас татгалзая гэсэн бодлого тавьж байгаа юм.
Түүнчлэн эрүүл чийрэг монгол хүн зорилтын хүрээнд монголдоо оношлуулах боломжийг бүрдүүлэх, импортын эмийг онцгойлон анхаарахаар тусгажээ. Эмийн бүтээгдэхүүний хяналтыг чангатгах, орлого багатай иргэдээ даатгалд хамруулах, аймгуудад орчин үеийн оношилгооны төвийг барих зэргээр олон асуудлыг тусгажээ.
Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж уншиж танилцуулав. Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч эхлэв. Гишүүн М.Энхболд “Энэ том баримт бичгийг ядаж 71 гишүүн бүрэн дүүрэн унших боломж олгож болохгүй юу, УИХ-ын дэгд материалыг өргөн барьсанаас хойш 3 хоногийн дотор Их хурлын гишүүдэд тараан хэлэлцэнэ гэсэн байдаг. 10-ны өдөр өргөн бариад 11-нд Их хурал, байнгын хороо хэлэлцлээ. Энэ талаар юу гэх вэ” гэсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг орлогч Р.Гончигдорж гишүүн “Ажлын цаг 8-аас эхлэж байгаатай холбогдуулан байнгын хорооны хуралдааныг зарласан. Хуульд байдаг нэн яаралтай асуудлуудыг хэлэлцэх тухай тогтоогдсон горим зөрчигдөөгүй. Шуурхай батлах талаар гишүүд санал гаргасан. Танилцах боломжийн тухай асуудал ярилаа. Танай намын мөрийн хөтөлбөрийг ч бусад намуудын мөрийн хөтөлбөрийг сонгуулийн үед сайн судалсан гэж ойлгож байгаа. Олонх болсон нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үндсээ болгодог. Сонгууль дээр амлаагүй, тусгагдаагүй томоохон зүйлийг үүнд нэмэх болон хасах тухай ойлголт байхгүй байх эрх зүйн харилцааг зохион байгуулсан. Сонгогчид хөтөлбөрт нь санал өгч энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй юм гэж сонголтыг хийсэн агуулга нь хуулийн заалтаар орсон. Харин одоо хэлэлцэх асуудлыг шийдсэний дараа чиглэл чиглэлээрээ асуудал харьяалсан байнгын хороодоор хэлэлцүүлэг хийгдэнэ” гэлээ.
Гишүүн Я.Содбаатар ”Энэ удаагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр ямар ч хэмжих хэмжүүргүй, уриа лоозонгийн шинжтэй болсон байна гэж харж байгаа. Урьд нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлахдаа хэн хариуцах, хэзээ биелэх, эргээд ямар хэмжүүрээр дүгнэхийг авч үздэг байсан. Тиймээс хэлэлцүүлгийн явцад тодорхой хэмжүүр, шалгуур, хариуцах эзэнтэй, хугацаатай болгох талаар анхаарах боломж байна уу? Тэргүүн шадар сайд хийж байхдаа хийж байсан ажлууддаа одоо хүртэл эргэлзэж явдаг гэж Ерөнхий сайд та хэллээ. Та дараа дахиад ийм үг битгий хэлээсэй гэж бодож байна. Макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг дэлхий нийт Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэхүүнээр хэмждэг. Энэ 4 жилд мөрийн хөтөлбөр хэрэгжсэнээр ҮНБ, ДНБ хэд байна гэж үзэж байгаа вэ? Үүнийг дагаад нэг хүнд ногдох ДНБ хэд байх вэ? Хүн амын өсөлтийн жилийн дундаж хувийг хэд гэж үзэж байгаа вэ? гэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Сонгуулийн өмнө “Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд иргэдээр хэлэлцүүлсэн олон саналууд байгаа. Аль болохоор уриа лоозонг авч хаяхыг эрмэлзсэн. Шалгуурууд байгаа. Шалгуурыг та бид өөр өөрөөр ойлгодог болжээ. Ер нь монгол өрх бүр дундаж амьдралтай байх тал руу л явах нь чухал юм. Тэрнээс тоо баримт чухал биш ээ. ДНБ тэдэн хувиар өснө энэ тэр гээд хэлж болно оо. Баахан тоо өмнөх Засгийн газар ярьдаг байсан. Бодитой үр дүн хэрэгтэй. Эдийн засгийн тухай асууж байна. Хоёр оронтой тооноос буухгүй өснө гэж хариулахад амар л даа. Эдийн засгийн тэр өсөлт нь Дорж, Дулмаагийн гэрийн босгоор хэрхэн орж, яаж амьжиргааг нь дээшлүүлэх вэ гэдэг л чухал учраас энэ мөрийн хөтөлбөрт тэр тал нь зонхилсон. Хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангая гэсэн байр суурьтай байгаа, тэрийгээ тодотгож тавьсан. Энэ Засгийн газар 4 жилийн дараа гаднаас хүнсний ногоо авдаггүй болгосон байх ёстой. "Монгол мал" хөтөлбөрийн хүрээнд олон ажлууд хийгдэнэ. Үүн дотор тодорхой арга заалтуудыг оруулсан" гэв.

Д.Сувд


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш