logo
39 жилийн тэртээх төрийн эргэлт

39 жилийн тэртээх төрийн эргэлт

2012/09/12
Өнөөдрөөс яг 39 жилийн тэртээ миний хувьд өмнө нь нэрийг нь ч дуулж байгаагүй Чили гэдэг улсад "цэргийнхэн төрийн эргэлт хийж, ерөнхийлөгч Альенде, нэрт дуучин Виктор Хара нарын үй олон хүнийг алж хороолоо" гэсэн мэдээг Монголын цорын ганц телевизээр мэдээлж эхэлсэн санагдана. Бага ангийн хөвгүүд бид ихэд улстөржиж "Виктор Хараг алчихсан байна. Тэр Пиночет гэдэг муухай зэрлэг генерал яг фашист этгээд л дээ" гэх зэргээр томчуудын ярилцахыг сонссоноо хэн хэндээ "хуучилдаг" байснаа одоо санахад сонин байна. Ингээд 40-өөд жилийн тэртээ болж өнгөрсөн тэрхүү үйл явдлын учир шалтгааныг ойлгох гэж дахин нэг оролдоё.
1973 оны 9 дүгээр сарын 11-нд Чилид арми болон цагдаагийнхны хамтарсан төрийн эргэлт гарснаар ерөнхийлөгч Сальвадор Альенде, түүний тэргүүлсэн Ардын нэгдлийн засгийн газар түлхэн унагаагдсан билээ. Энэхүү төрийн эргэлт нь АНУ-ын ТТГ-ын удирдлага, шууд оролцоотойгоор хэрэгжсэн байдаг.
Төрийн энэхүү эргэлт нь
-Цэргийн бус арга замаар огцруулж чадаагүй хууль ёсоор сонгогдсон социалист ерөнхийлөгч Сальвадор Альендег огцруулах
-Ардын нэгдлийн засгийн газраас явуулж байсан газрын шинэтгэл, томоохон үйлдвэрүүдийг улсын болгох зэрэг эдийн засгийн өөрчлөлтүүдийг таслан зогсоох
-Улсын болгоод байсан үйлдвэрүүдийг хуучин эздэд нь, тухайлбал АНУ-ын корпорациудад буцаан өгөх
-Чили улсыг АНУ-ын нөлөөний бүсэд оруулах
-Чилид нөлөө бүхий социалист, коммунист, радикал зүүний хөдөлгөөнүүдийг зэвсгийн хүчээр бут цохих зорилготой байжээ.
1973 оны 9 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнөөр АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинтэй хамтран Чилийн эрэгт болж байсан “Унидес” цэргийн сургуульд оролцсон Чилийн тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд дээр цэргийн эргэлт эхэлсэн байдаг. Ардын нэгдлийн засгийн газрыг талархан дэмждэг хэдэн зуун усан цэрэг, офицеруудыг буудан хороож, цогцсыг нь далайд шидсэн гэдэг.
Ингээд 11-ний өдрийн өглөөгүүр эдгээр хөлөг онгоцууд Вальпараисо боомт хот руу галласны дараа десант буулган эзлэн авчээ.
Өглөөний 6:30-д босогчид Чилийн нийслэл Сантьяго хотыг булаан эзлэх ажиллагааг эхлүүллээ. Телевизийн төв болон стратегийн чухал олон газрыг эзэлснээр барууныханд харьяалагддаг “Агрикультура”, “Минерия”, “Бальмаседо” зэрэг радиостанцууд төрийн эргэлт гарч, Хуурай замын цэргийн командлагч, генерал Аугусто Пиночет, Тэнгисийн цэргийн командлагч, адмирал Хосе Мерино, Агаарын цэргийн командлагч, генерал Густаво Ли, Цагдаагийн хүчний даргын үүрэг гүйцэтгэгч, генерал Сесар Мендос нарын бүрэлдэхүүнтэй цэргийн хунт байгуулагдсан тухай зарлан мэдэгдсэн байдаг.
Харин ерөнхийлөгч Альендегийн мэдэгдлийг дамжуулж байсан Ардын нэгдлийн засгийг дэмжигч “Порталес”, “Корпорасион” радиостанцуудыг агаараас бөмбөгдсөний дараа Ардын нэгдэлд багтан ордог намуудын байрыг эзлэн авчээ.
Өглөний 9:10-д Альендег дэмждэг радиостанц болох “Магальянес” Чилийн ард түмэнд хандсан ерөнхийлөгч Альендегийн сүүлчийн үгийг дамжуулав. Энэ үеэр радиостанцыг шууд бөмбөгдөж, улмаар босогчид дайран эзэллээ. Радиостанцын байранд байсан ажилтнууд бүгд алагдсан (янз бүрийн мэдээгээр 46-гаас 70 хүн ) байна.
9:15-д 40-өөд хүн хамгаалж байсан ерөнхийлөгчийн “Ла Монеда” ордон руу босогчид довтолж эхэлжээ. Довтолгоонд танк, нисэх хүчин оролцсон байдаг. Үг дуугүй бууж өгснийхөө хариуд Чили орныг ямар ч саадгүйгээр орхин гарч болно гэж амласан ч ордныг хамгаалагчид хүлээн авсангүй. 14:20 гэхэд ерөнхийлөгчийн ордон эзлэгдсэн байлаа. Ерөнхийлөгч Сальвадор Альенде алагдав. Өмнө нь Альендег алагдсан гэж үздэг байсан боловч 2011 онд түүний цогцост задлан шинжилгээ хийснээр тэрбээр амиа хорлосон болох нь тогтоогдсон байна.
Ажилчны дүүргүүд дэх эсэргүүцлийн голомтууд амархан дарагдсан нь Ардын нэгдлийнхэн зэр зэвсэггүй байсантай холбоотой. Хунтын зарласан "бүслэлтийн байдал" нь нэг сарын хугацаагаар үргэлжилсэн бөгөөд энэ үед Чилид 30 мянган хүн амиа алджээ. Гэвч 1973 оны цэргийн эргэлтийн үеэр үйлдсэн бүх аллагыг 1978 онд Пиночетийн зарласан өршөөлд хамруулан цагаатгасан гэдэг. Пиночетийн дэглэм унаснаас хойш ч энэ өршөөлийг цуцлаагүй байна.
Улс төрийн гэмт хэрэгтнүүдэд зориулан хэд хэдэн хорих лагерь байгуулсан агаад хамгийн алдартай нь нийслэл Сантьяго хотын төв цэнгэлдэх хүрээлэнд байгуулсан хорих лагерь юм. Энд нэрт дуучин Виктор Хара алагдсан билээ.
Дашрамд дурдахад, 1974 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхийн төлөө тэр үеийн ЗХУ, Чилийн шигшээ багууд өрсөлдөж байсан бөгөөд эхний тоглолт нь Москвад болж 0:0-ийн харьцаагаар өндөрлөөд байв. Хариу тоглолтыг дээрх стадионд зохиохоор төлөвлөсөн байтал хунтынхан үй олон хүнийг хорьж шорон болгон хувиргаад байсан тул "ийм цэнгэлдэхэд манай баг тоглохгүй" хэмээн Зөвлөлтийн тал эсэргүүцлээ илэрхийлжээ. Гэвч ФИФА "спортыг улстөржүүлэхгүй" гэсэн хатуу байр суурь баримталснаар тоглолтод оролцохоос татгалзсан ЗХУ-ын багийг хожигдсонд тооцож, Чилийн шигшээ баг ДАШТ-д оролцож байсан нь санаанд бууж байна.
С.Энх-Амар 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш