logo
“Мобиком”-ыг эзэл

“Мобиком”-ыг эзэл

2012/09/12
Өнгөрсөн даваа гарагт Монголын ард түмнийг хууран мэхэлсэн “Мобиком”-ыг эзэлье. Бүтэн сарын турш шинэ байр, машин хожих сугалааны тохирлоо МҮОНТ-ээр шууд нэвтрүүлнэ гэж рекламдсан “Мобиком” корпораци шууд нэвтрүүлэг явахаас хоёр цагийн өмнө “Facebook” хуудсаараа 99178881 дугаартай хэрэглэгчийг азтан болгов.
 Энэхүү үйл явдал шударга бус болсныг олон мянган хэрэглэгч “Facebook” хуудсаар дамжуулан илэрхийлсээр байна.  Дээрх сугалаатай холбоотой тайлбарыг тус компани өөрийн вэб сайтдаа “Манай гурав дахь удаагийн сугалааны тохирол МҮОНТ-ийн студийн боломжоос шалтгаалж шууд цацагдаагүй. “600” студид урьдчилан бичлэг хийлгэж, оройн 21:00 цагт цацагдлаа. Сугалааны азтануудаа Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын ажлын албаны дарга Буянхишиг, Сүхбаатар дүүргийн Хэрэг­лэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын дарга Мөнхзул болон үзэгчдийн хяналтын дор тодрууллаа” гэжээ. 

Ингээд бид тус компанийн хийсэн тайлбарын дагуу МҮОНТ-ийн “600” студийн холбогдох хүмүүсээс тодруулахад, ““Мобиком” компани шууд нэвтрүүлэг явуулаагүй. Тэд урьдчилан бичлэг хийлгэж, оройн 21:00 цагт эфирт дарсан” гэв. Урьдчилж бичлэг хийлгэчихээд “шууд дамжуулна” гэсэн хууль бус суртал­чилгаагаар хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн нь ийнхүү ил болов.
Мөн тус компанийн сайтад мэдээлснээр азтан болсон 99178881 дугаарын хэрэглэгч нь Дорнод аймгийн иргэн П.Нацагням бөгөөд удахгүй Улаанбаатар хотод ирж, азын шагналаа авах болсон тухай бичсэн байв.
Бүтэн өдрийн турш 99178881 дугаартай хэрэглэгчтэй холбогдох гэсэн боловч “Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна” гэх автомат хариулт угтав. Ийнхүү нэг сая гаруй хэрэглэгчтэй хамгийн том гэж өөрсдийгөө тодорхойлдог тус компанийн “Таны нэр төрийн баталгаа” гэдэг сайхан үг салхинд хийслээ. Монополийн эсрэг “Мобиком”-ыг эзлэх цаг нь болжээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш