logo
Ургацын өгөөжийг бүрэн дүүрэн ашиглахын чухлыг гишүүд сануулав

Ургацын өгөөжийг бүрэн дүүрэн ашиглахын чухлыг гишүүд сануулав

2012/09/13
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны /2012.09.12/  хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцсэний эхэнд "Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал  хураав. Ингээд  байнгын хороо санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Дараа нь Ургац хураалтын бэлтгэл ажил, үр тарианы агуулах савны хүрэлцээ хангамж, цаг үеийн байдлын талаархи Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын  мэдээллийг сонсов.
Сайдын мэдээлснээр ургац хураалтын ажил энэ сарын 3-наас эхэлж, урьдчилсан балансаар 481 мянган тонн үр тариа, үүнээс 486,8 мянган тонн буудай, 208,9 мянган тонн төмс, 99,4 мянган тонн хүнсний ногоо, 28,6 мянган тонн тосны ургамал, 30,8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогджээ.  Энэ долоо хоногийн эхний үеийн байдлаар 10,4 мянган га талбайг ангилан хадаж, 2,3 мянган  га талбайг шууд хураан, нэгжээс 11,1 цн буюу 2,5 мянган тонн үр тариа хураан авчээ. Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа 16 үр тарианы агуулах элеваторт нийт 350 мянган тонн үр тариа хадгалах багтаамжтай юм байна.
Харин төмс, хүнсний ногооны хураалт эрчимтэй явагдаж 3,6 мянган га-гаас 51,3 мянган тонн төмс \ 22,7 хувь\, 2,2 мянган га-гаас 30,9 мянган тонн хүнсний ногоог \31,6 хувь\ хураасан байна. Ургац хураалт, хадгалалт, борлуулалттай холбоотойгоор салбарын яамны зүгээс дотооддоо үйлдвэрлэсэн улаан буудай, гурилыг импортын бараанаас хамгаалахын тулд гаалийн албан татварын хувь хэмжээг өөрчлөх, агуулах элеваторын багтаамжийн асуудлыг шийдэж, гурилын үйлдвэрүүдэд 200 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 110 мянган тонн буудай нийлүүлэгдэх нөхцлийг бүрдүүлэх, ургац хураалтын ажлыг ирэх 10 дугаар сард багтаан дуусгах зэрэг ажлуудыг нэн тэргүүнд хийхээр ажиллаж байгаагаа Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга гишүүдэд танилцуулав.
Байнгын хорооны гишүүн Л.Эрдэнэчимэг, Манай улс сүүлийн жилүүдэд ургац сайн авсан. Салбарын яам 2013 онд Хятад улсаас төмс огт оруулахгүй байхаар бодлого боловсруулж ажилмаар байна. Энэ нь хүнсний аюулгүй байдал цаашлаад  хүний эрүүл мэндтэй холбоотой чухал асуудал. Төмс болон улаан буудайн дотоодын хэрэгцээгээ өөрсдөө бүрэн хангах боломж хэр байна вэ? Хурааж авахаар төлөвлөсөн  улаан буудай, төмсний хэмжээ нийт хэрэгцээний хэдэн хувийг хангах юм. Бүрэн хангаж байна гэж үзвэл илүү гарсныг нь хэрхэн экспортлох вэ гэдгийг асууж, тодруулсан.
Ойрын гурван жил төмсний дотоодын хэрэгцээг хангах зорилттой ажиллаж, 100 хувь хангадаг болсон. Экспортын тухайд энэ жилийн ургацаас гурил үйлдвэрлэлд  386,4 мянган тонн буудай нийлүүлэгдэнэ. Үүн дээр Тариалалтыг дэмжих санд хадгалагдаж буй 115,1 мянган тонн буудайг нэмж тооцвол нийтдээ  501,5 мянган тонн буудайн нөөц бүрдэх юм. Хэрэгцээт гурилыг дотооддоо 100 хувь үйлдвэрлэхээр тооцоход 328,7 мянган тонн буудай хэрэглэгдэж 172, 8 мянган тонн буудайг экспортлох боломжтой. Тиймээс эхний ээлжинд 100 хүртлэх мянган тонн буудайг ургац хураалтын ажилтай зэрэгцүүлэн БНХАУ-д экспортлохоор ажиллаж байна. Төмсийг экспортлох асуудал одоогоор яригдаагүй байна хэмээн салбарын сайд хариулт өгсөн юм.
Атрын 3 дугаар аян үр дүнтэй болсон. Гэхдээ иргэддээ хүртээх тал дээр дутагдалтай байгаа. Дэлхий дахинд хүнсний ногоо, улаан буудайн үнэ өсч, эрэлт ихтэй байгаа энэ үед манай улс хангалттай ургац авахаар байна. Иймээс гурилыг экспортлохын зэрэгцээ нийгмийн халамжтай хослуулж, ясли, цэцэрлэг, сургуулиудад тусгай үнээр нийлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадагш борлуулах, НҮБ-аар дамжуулан бусад улс орнуудад тусламж үзүүлэх хэлбэрээр Монгол Улсын нэр хүндийг өсгөх зэрэг олон боломж нээлттэй байгааг онцлох гишүүд ч байлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш