logo
Амралт нэртэй архины үүр болсон “Богдхан” амралтын газрыг хаая

Амралт нэртэй архины үүр болсон “Богдхан” амралтын газрыг хаая

2012/09/13
“Талын Монгол” груп­­­пийн охин компани болох “Энигма” ХХК-ийн “Богд­хан” хэмээх томоохон цог­цолбор бүхий амралтын газар Зайсан толгойн урд аманд үйл ажиллагаагаа явуулж эхлээд найман жилийн нүүр үзэж байна. Тэд жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажилладаг, нэг дор 400 хүн хүлээн авах хүчин чадалтай, 108 гэр, байшингаар үйл­чилдэг хэмээн өөрсдийгөө сурталчилдаг.
Гэтэл бодит байдал дээр 70 гэрээр үйлчилдэг байна. Амрагчдын дийлэнхийг нь хонхны баяраа тэмдэглэж буй оюутан залуус, дунд сургуулийн сурагчид эзэлдэг. Энэхүү цогцолборт гадаадын нэг жуулчин дунджаар 75 ам.доллар, дотоодын иргэн 35-60 мянган төгрөгөөр хоол ундтай хонож өнжих боломжтой гэнэ. Мөн морь, тэмээгээр үйлчилдэг. Морийг 1000, тэмээг 1500 төгрөгөөр унуулдаг байна.
Эхэндээ утаанаас зугтсан Улаанбаатарчууд төдийгүй дотоод, гадаадын амрагчид байгалийн цогц бүрдэл болсон эл газар гэр бүл, найз нөхдөөрөө амарч зугаалан, алжаалаа тайлахаар ирдэг байсан бол одоо эсрэгээрээ архидан согтуурахыг урьтал болгосон залуус зорин ирэх болжээ.
Үүнийг дагаад эрүүгийн болон хэв журам зөрчсөн хэргүүд ар араасаа бүртгэгдсээр “олонд танигдсан” газар болж хувирлаа. Энд голдуу хэт согтуурч, хөлчүүрхсэн залуус хулгай дээрэм, зодоон цохион, хүчингийн хэргийг үйлддэг аж. Үүнээс гадна энд биеэ үнэлэлт газар авсан гэхэд хилсдэхгүй.
Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт ЦЕГ, Хан-Уул дүүргийн цагдаа нартай хамтран тус амралтын газарт шөнийн эргүүл хийхэд нэлээд их зөрчил илэрчээ. Ариун цэврийн шаардлага хангаагүй, хогондоо дарагдсан, 00-ын асуудлаа бүрэн шийдвэрлээгүй, гэр, байшингууд нь нурж унах дөхсөн байжээ. Амралтын газраа бохир заваан байлгаад зогсохгүй, төрийн тусгай хамгаалалттай дархан цаазат газрыг аль хэдийнэ хогийн цэг болгочихсон, хаа сайгүй гялгар уут, цаасан хайрцаг, элдэв новш хөглөрөх аж.
Үйлчлүүлэхээр очигсдоос мөнгө л салгаж байвал бусад нь хамаагүй мэт ханддаг, хүн амарч, алжаалаа тайлах нь бүү хэл хордож, бузартмаар болсон энэ газрыг МХЕГ-ын байцаагч нар удаа дараа шалгаж, үйл ажиллагаагаа зогсоохыг шаарддаг боловч өдийг хүртэл хэвийн ажилласаар л байна.
Нэг гэрт 20-30 хүн авдаг, хэдэн зуун амрагчтай газар ганцхан хамгаалагч ажилладаг нь даанч хангалтгүй нь ойлгомжтой. Энд хараа хяналт тавьдаг, үйлчилгээний чанар, стандартыг мөрдүүлдэг, хариуцлага тооцдог газар гэж байхгүй бололтой.
1996 онд байгуулагдсан “Талын Монгол” группийн эзэн нь Л.Мөнхбат гэж хүн бий. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг тус компанийг 2008 онд Барилгын коллежийн өмнөх төрийн мэдлийн газрыг хууль бусаар авсан гэх асуудалд нэр холбогдож байснаар өөр гай ч үгүй гавьяа ч үгүй гэлцдэг.
Гэвч Богдхан уулаар нэрлэгдэж, өвөрт нь олон жил болсон амралтын газар өдгөө амралт нэртэй баар, сав болж хувирчихаад байна. Иймээс энэ амралтын газрын үйл ажиллагааг зогсоох, эсвэл зүй ёсоор ажиллуулах хэрэгтэй болжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш