logo
Америкчууд 9/11-ний халдлагын хохирогчдод хүндэтгэл үзүүллээ

Америкчууд 9/11-ний халдлагын хохирогчдод хүндэтгэл үзүүллээ

2012/09/13
2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш 11 жил өнгөрчээ. Мягмар гаригт Нью-Йорк, Вашингтон болон Пенсилвьянд Америкийн нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн террорист халдлагын үеэр амь үрэгдсэн хүмүүст хүндэтгэл үзүүлэх ёслол болсон байна. Америкийн дэд ерөнхийлөгч Жо Байден дөрвөн нисэх онгоцны нэг нь сүйрсэн хотод хүрэлцэн  ирж, амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнтэй уулзжээ.
Алан хядагчдын барьцаалсан "United Airlines" компанийн онгоц Пенсилвьян мужийн Шанксвил суурингийн ойролцоо сүйрсэн юм.  Мөрдөгчид хожим нь уг онгоцыг барьцаалсан дөрвөн этгээд Вашингтон руу явахаар төлөвлөж байсныг илрүүлсэн байна. Амь үрэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолын үеэр уг онгоцонд явж байсан 40 зорчигчийн нэрийг чангаар уншсан байна. 
Ерөнхийлөгч Барак Обама Пентоганд болсон цэцэг өргөх ёслолд оролцжээ. Харин Нью Йорк хотын Гэгээн Петерийн сүмд болсон мөргөлийн үеэр есдүгээр сарын 11-ний халдлагын үеэр амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэсэн байна. Энэ үеэр хотын захирагч Майкл Блүмберг алан хядагчдын гарт амиа алдсан хүмүүсийг үргэлж  санан дурсах болно гэдгээ хэлжээ.
Мягмар гаригийн орой Дэлхийн Худалдааны Төвийн хоёр барилга байсан газраас зэгэл хөх өнгөтэй хоёр гэрлийг тэнгэр лүү тусгасан байна.
11 жилийн өмнө Аль-Кайда бүлгийн гишүүд дөрвөн онгоц барьцаалж халдлага үйлдсэний уршгаар 3000 орчим хүн амь насаа алдсан. Үүний дараа Америкийн эрх баригчид Аль-Кайда террорист бүлгийн эсрэг ажиллагааг эхлүүлсэн юм. Гэхдээ 2001 оноос хойш 10 жил өнгөрсний дараа Америкийн тусгай хүчнийхэн Аль-Кайдагийн толгойлогч Осама Бин Ладеныг устгасан билээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш