Сонгинохайрхан дүүргийн МАН-ын дарга Д.Сумъяабазар дүүргийнхээ XXVI тойргийн хорооны дарга М.Баасандоржийг хар шөнөөр бие хамгаалагч, бараа бологчдын хамт очиж зодсон. Ингэхдээ түүнийг айлгаж ичээн, хонгилд удтал барьцаалан гарын үсэг зуруулах гэж сүрдүүлсэн нь гэх мэдээлэл тархаад байгаа билээ. Энэ талаар Д. Сумъяабазар юу гэж ярьсныг хүргэе.
-Таныг Сонгинохайрхан дүүргийн XXVI тойргийн хорооны дарга М.Баасандоржийг дарамталж, гарын үсэг зуруулах гэж сүрдүүлсэн гэх юм. Энэ үнэн үү?
-Энэ мэдээлэл ямар ч ор үндэслэлгүй болохыг албан ёсоор мэдэгдье. Би ямар солиорсон биш дээ. Юу боллоо гэж тийм зүйл хийхэв. Миний эсрэг байдаг нөхдүүд л намайг чадах гэсэндээ ийм увайгүй үйлдэл хийгээд явж байгаа байх. Үнэндээ зарим нэр бүхий сайтуудад бичсэн шиг зүйл болоогүй шүү. Үнэн, худлыг мэдэхээр надтай утсаар холбогдсон танай сонинд баярлалаа.
-Тэгвэл яагаад ийм мэдээлэл тарсан бол?
-Яах вэ. Ийм маягаар ажил, амьдралаа залгуулдаг хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс энэ мэт ор үндэслэлгүй мэдээллийг олонд тарааснаа улс төр хийж байна гээд андуурдаг. Энэ бол том эндүүрэл юм.
-Нэгэнт тантай холбоотой таагүй мэдээлэл гарчээ. Долгорсүрэнгийн хөвгүүд ийм хэрэг төвөгт байнга орооцолддог гэсэн явган яриа ч байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Хүний нэр төрд халдсан ийм ор үндэслэлгүй мэдээллийг нийтэд хүргэсэн нэр бүхий сайтууд болоод худал мэдээлэл өгсөн нөхдүүдтэй шүүхдэнэ. Шүүх худал, үнэнийг нь тогтоох байх.
Ч.Анна
Эх сурвалж:”Нийслэл Таймс”