logo
Дэлхийн хамгийн өндөр мод Эйфелийн цамхгийн хагастай тэнцэнэ

Дэлхийн хамгийн өндөр мод Эйфелийн цамхгийн хагастай тэнцэнэ

2012/09/15
Дэлхийн хүмүүсийн хамгийн өндөр нь 2.75 метр байдаг. Хамгийн том африк зааны өндөр 5.01 метр байна. Одоо байгаа амьтдын дотроос хамгийн том нь 30-аад метр урттай судалт халим. Мөхөж, сөнөсөн “малтмал” амьтдын хамгийн том нь ойролцоогоор 40 метр хүрчээ. Энэ бол манай гараг дээрх аварга амьтдын дээд хэмжээ, өсөлтийн хязгаар юм.
Харин аварга ургамлын хэмжээ энэ хязгаараас хэд дахин илүү байдаг аж. Аварга моддын хамгийн өндөр нь 150 метрээс арай илүү байна. Өөрөөр хэлбэл, Санкт-Петрбург дэх Петропавловын цайзны өндөртэй адилхан ч Эйфелийн цамхгийн өндрийн хагастай тэнцэнэ. Аварга модод хамгийн өндөр боловч ургамлын аймгийн хамгийн урт нь бас биш гэдгийг санах хэрэгтэй.
Одоо байгаа моддын хамгийн өндөр нь Австралийн эвкалипт юм. Нарийн хэмжиж үзсэн эвкалипт 155 метр өндөр байжээ. Удаах байранд Калифорнын арслан заан буюу ургамал судлагчдын секвойя гэж нэрлэдэг мод ордог. Гэхдээ хамгийн өндөр секвойя аварга эвкалиптаас 12-15 метрээр намхан аж.
Эдгээр үлэмж биетэн моддын хэмжээг тэдгээрийн үртэй зэрэгцүүлж үзвэл их сонин. Эвкалиптын үр бүр жижигхэн. Энэ нь хамгийн урт хэсэгтээ 1-2 мм, олон талтай, хүрэн өнгөтэй байна. Ийм үр бүхэн толгой эргэм өндөр мод ургуулах боломжийг өөртөө нуун хадгалахын зэрэгцээ өөртэйгээ төстэй олон сая бие төрүүлэх чадвартай байдаг.
Арслан заан /секвойя/ модны үр, эвкалиптийн үрээс мэдэгдэм том байдаг. Харин арай намхан аварга мод арай томхон үрээс ургаж байгаад гайхах хэрэггүй. Ер нь ургамлын өндөр, түүний үрийн хэмжээ хоёрын хооронд шууд хамаарал байдаггүй. Манай ойн самар эвкалиптийн үрийн дэргэд их том гээд бод доо. Гэтэл ойн самраас ургасан сөөг модоор уурга, таяг хийдэг бол эвкалиптийн үрээс хөлөг онгоцны шураг, багана хийхүйц мод ургадаг нь сонин.

Бичил биетийг харахын тулд 1000 дахин томруулах хэрэгтэй

Ургамлын аймагт үлэмж биетүүдээс гадна үл үзэгдэх өчүүхэн ургамал ч бий. Гэхдээ та тэднийг үзэхийн тулд хол явах хэрэггүй. Тэд бидний эргэн тойронд хаа сайгүй л байдаг. Гол нь, тэднийг олж үзэх тийм ч хялбар биш. Үүний тулд сайн микроскоптой, түүнийгээ ажиллуулж чаддаг байх хэрэгтэй.
Өчүүхэн ургамлын хамгийн эгэл бичил биетүүд нь биеийн бүтэц, амьдрах аргаараа маш энгийн учраас амьтан, ургамлын хоорондын ялгаа мэдэгддэггүй. Хамгийн түгээмэл холер, сүрьеэ, сахуу зэрэг янз бүрийн хижиг өвчин өдөөгч бичил амьд биетүүд нь доорд ургамлын бактерийн ангид хамаардаг.
Та ямар бактери хамгийн жижиг вэ гэж асуух хэрэггүй. Бүр хэмжих боломжгүй тийм өчүүхэн ч бий. Хамгийн боловсронгуй микроскоп, хэт нарийн микроскопоор харахад ч үл өртөх биетүүд бий.
Тухайлбал, хамгийн жижиг бактерийн нэг болох бактери инфлуэнцийн голч ойролцоогоор микроны /микрон бол мм-ийг мянга хуваасны нэг/ хагастай тэнцэнэ. Түүнийг нүдэнд үзэгдэх цэгээр дүрслэн зуръя гэвэл 1000 дахин томруулах хэрэгтэй аж. Өөрөөр хэлбэл, ингэж томруулахад бидний чигчий хуруу 15 давхар байшингийн өндөртэй тэнцэхүйц 60-70 метр урт болох жишээтэй.
Үлэмж биетүүдийг дүрслэн зурахад тэднийг 1000 дахин багасгаж байсан. Харин өчүүхэн биетийг зурахад 1000 дахин томруулж байна. Ингэхээр өчүүхэн болон үлэмж биетний биеийн харьцаа 300 саятай тэнцэх нь. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш