logo

"Мобиком" хэрэглэгчдийг хуурсан нь тогтоогдож, 10 сая төгрөгөөр торгуулжээ

2012/09/15
"Мобиком" корпораци “Хосоор нь хожье” гэх сугалааны 3 дахь удаагийн азтан шалгаруулах ажиллагаагаа хуурамчаар зохион байгуулсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Уг асуудлыг ШӨХТГ-аас шалгаж үзээд тус компанид 10 сая төгрөгийн торгууль ноогдуулах шийдвэр гаргасан байна.

Учир нь тус компани МҮОНРТ- тэй 2012 оны 8-р сарын 5-ний өдөр гэрээ байгуулж, Мобилотто сугалааны 5 удаагийн тохирлын шалгаруулалтыг 8-р сарын 27-ны өдрөөс 9-р сарын 24-ний өдөр хүртэл Даваа гариг бүрийн 21 цагаас шууд дамжуулан явуулахаар тохиролжээ. Гэтэл 3 дахь удаагийн тохирол явагдах 2012 оны 9-р сарын 10-ний өдөр МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгийн студийн боломжоос шалтгаалан тухай өдрийн 13 цагт бичлэг хийж, орой нь 21 цагт эфирт цацсан байна. Ингэхдээ эфирт “ШУУД” гэсэн бичиг тавиагүй хэдий ч шалгаруулалтыг урьдчилан явуулаад бичлэгээ одоо телевизээр дамжуулж байгаа талаараа телевиз үзэгчид, хэрэглэгчдэд ямар нэг тайлбар, мэдээлэл өгөлгүй цацсан тул хэрэглэгчдэд энэхүү шалгаруулалт студид шууд явагдаж байна гэсэн төөрөгдөлд хүргэсэн хэмээн ШӨХТГ үзжээ.


Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан зарим мэдээлэлд дурьдсан уг сугалааг аль нэг хүнд өгөхөөр урьдчилан тохирч, зориуд хуурамчаар зохион байгуулсан гэх зөрчил гаргаагүй хэмээн дүгнэсэн байна.

С.Сарнай 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш